CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Африкийн хамгийн том сүмийн барилгын ажил дуусчээ

05-06-2019 15:03

 Хятадын төрийн өмчит Барилгын инженерийн корпорацын барьж байгуулж буй Африкийн хамгийн том исламын сүм Джамаа эль-Джазаир цогцолборын барилгын ажил дуусчээ. Алжирын нийслэл Алжир хотноо сүндэрлэж байгаа уг сүмийг ойролцоогоор хоёр тэрбум ам.доллараар барьсан байна. Нийт 400 мянга гаруй ам метр талбайтай энэхүү сүм тивийнхээ хамгийн том сүмээс гадна Ираны Имам Резагийн бунхан (600 мянган ам метр талбайтай), Оманы Султан Кабусын их сүмийн (416 мянган ам метр талбайтай) дараа орох дэлхийн гурав дахь том исламын сүм болж байгаа аж. Джамаа эль-Джазаир нь мөн олон арван жил Африкийн хамгийн том исламын сүмээр нэрлэгдсэн Мароккогийн II Хассан хааны сүмтэй харьцуулахад мөргөлийн асар том танхимтай, ойролцоогоор 37 мянган сүсэгтэнг нэгэн зэрэг багтаах хүчин чадалтайгаараа дэлхийд дээгүүрт орж байна.
 Уг сүм мөн дэлхийн хамгийн өндөр минарет буюу 265 метр цамхагтай байх аж. Сүмийн цогцолборт мөргөлийн танхим, 37 давхар барилгатай тэнцэх бөмбөгөр орой, цэцэрлэгт хүрээлэн, соёлын төв, шашны сургууль, номын сангаас гадна ажилчдын амьдран суух байр, гал түймэртэй тэмцэх хэлтэс зэрэг багтжээ. Цогцолборын барилгын ажил 2012 оны наймдугаар сард эхэлсэн бөгөөд Хятад улсаас хилийн чанадад барьж байгуулсан шашин номын хамгийн том барилгын төсөл гэгдэж байна.  Джамаа эль-Джазаир сүмийг барихад Хятад, Алжир болон Африкийн бусад орноос инженер, барилгын менежер, жирийн ажилчид нийлсэн нийт 2300 гаруй мэргэжилтэн оролцжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ