CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Дэлхийн хамгийн нарийхан гоймон “урлаач”

04-26-2019 13:29

 Дандан гоймон Хятадын Сычуань мужаас үүсэлтэй хамгийн алдартай хоол хүнсний нэг юм. Харин энэхүү гоймонг онцгой зоог болгож, олон улсад таниулсан чадварлаг тогоочийг Ли Хунькай гэдэг. Сычуаний Зыгунь хотын уугуул тэрбээр данданыг уламжлалт орцыг нь өөрчлөлгүйгээр орчин үежүүлж, Алтан утас нэртэй нарийхан гоймон болгосон нь Гараар хийсэн дэлхийн хамгийн нарийхан гоймон нэрээр 2007 онд Гиннесийн номд бүртгэгджээ.
Ли тогоочийн ур чадвар олон шалтгаанаар дэлхийд үнэлэгдээд байна. Түүний боловсруулсан дандан гоймон маш тунгалаг агаад зуурмагийг нь яг л томруулдаг шил шиг барьж байгаад ном, сонин хүртэл уншиж болдог аж. Харин тэрхүү зуурмагаас “төрөх” дандан гоймон дунджаар 170 мм урт, 0.073 мм зузаан бол хамгийн нарийн нь болох 0.067 мм голчтой гоймонг 43-аар нь багцлахад зүүний сүвэгчээр багтах ердийн утас шиг болж “зузаардаг” гэнэ. Ли тогоочийн дандан гоймон мөн буцалсан усанд уусдаггүй, тэгсэн атлаа хүний аманд хайлах мэт болдог нь гойд сонин аж. Гэвч дэлхийн хамгийн нарийхан гоймонг тун энгийн орцоор, ердийн гурил, ус, өндөг, давс хольсон зуурмагаар хийдэг. Дандан гоймонг онцгой бүтээл болгоход Ли тогоочид ганц л нууц зэвсэг бий нь түүний 19 жил гоймонгийн тогоочоор ажилласан туршлага нь юм.
Тэрбээр 1990 оноос хойш өглөө бүр 04.00 цагт босож, гоймонгоо улам боловсронгуй, улам нарийхан болгох гэж хичээж иржээ. Цаг хэмнэхийн тулд зоогийн газрынхаа сандал дээр унтах тохиолдол ч түүнд байж. Тэр бүх хичээл зүтгэлийнхээ дүнд тэрбээр зуурмагаа маш нарийн хэрчиж сурсан бөгөөд зүүний сүвэгчээр багтах анхны гоймонгоо 1994 онд бүтээж, Дэлхийн тогооч нарын холбооны шагнал хүртсэн байна.
Сайн чанарын гоймон гаргаж авахад зуурмагаа уйгагүй нухах нь чухал. Зуурсан гурилаа удаан гэгч нь элдэж, чийгтэй алчуураар бүтээн хоёр цаг амраана. Ли тогооч энэ үйлдлийг өдөрт тавантаа давтах бөгөөд өөрийнх нь тооцоогоор тэрбээр өнгөрсөн 23 жилийн хугацаанд 25180 кг гурилыг 18615 цаг нухжээ. Алтан утас нэрт хамгийн нарийн гоймон нь олонд танигдаж эхлэхэд түүнд Бээжингээс төдийгүй дэлхийн өнцөг булан бүрээс өндөр цалин амласан хэд хэдэн ажлын санал ирсэн байна. Гэсэн ч тэрбээр төрөлх хотдоо үлдэж, нутгийнхаа уламжлалт хоол хүнсний технологийг хөгжүүлэхэд амьдралаа зориулахаар шийджээ. Ли Хунькай одоо гарын шавь нартай болж, дэлхийн хамгийн нарийхан гоймон хийх нууцаа дараа үеийнхэндээ өвлүүлж үлдээхэд анхаарч байна.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ