CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин дарга Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүндэтгэн угтав

04-25-2019 18:10

 

БНХАУ-ын дарга Ши Жиньпин өнөөдөр Бээжин дэх Ардын их хурлын ордонд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг хүндэтгэн угтлаа.
Ши Жиньпин “Хятад Монгол хоёр орон бол уул усаараа холбогдсон нөхөрсөг хөрш, сайн анд. Хоёр орны харилцааны хөгжил маш урагштай байна. Хятад улс чин үнэнч андын хувиар Монголын эдийн засаг болон иргэдийн амьжиргааг дэмжиж хамтран ажиллахыг хүсэж байгаа. Хятад улс Монголын талтай улс төрийн үндсэн чиглэлийг баримтлан, бүх талын хамтын ажиллагааг төлөвлөгөөтэйгөөр ахиулан урагшлуулна. Харилцан итгэлцэж хамтран ажилладаг стратегийн түнш орны хувьд зарчмаа үргэлжлүүлэх болно. Талууд улс төрийн итгэлцэл болон стратегийн түншийн харилцааны зарчмын дагуу төр засгийн хүрээнд болон бүх салбарт харилцаа холбоогоо бэхжүүлж, бие биеийнхээ үндсэн ашиг сонирхлыг хүндэтгэнэ. "Нэг бүс нэг зам" санаачлагыг Монгол улсын "Хөгжлийн зам" төсөлтэй уялдуулан Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорыг байгуулах ажлыг түргэтгэнэ. Энэ онд Хятад Монголын хооронд  дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгаа. Хоёр орон Олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагаанд харилцан ойлголцлоор хандаж, дэлхий нийтийн энх тайван, эв нэгдлийг хамгаалж, хөгжиж байгаа улс орны эрх ашгийг хамгаалахын төлөө байна” гэв.
Х.Баттулга “Монгол Улс БНХАУ-тай урт удаан хугацаанд харилцан ашигтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх нь манай гадаад харилцааны тэргүүлэх чиглэл байсаар ирсэн. БНХАУ-ын “Нэг Хятад” хэмээх төрийн бодлогыг Монгол Улс гуйвшгүй баримтлах болно. Тайвань, Төвдийн асуудлыг БНХАУ-ын дотоод асуудал хэмээн үздэг. Монгол Хятад хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн энэ жил  Монгол Улс, БНХАУ-тай ирээдүйн хөгжлийн чиг хандлага, үзэл баримтлалаа хамтдаа төлөвлөн баталгаажуулна. Монгол Улс “Хөгжлийн зам” санаачлагаа БНХАУ-ын “Нэг бүс нэг зам” санаачлагатай уялдуулан хөгжүүлж, худалдаа, эрчим хүч, хөдөө аж ахуй, агаарын тээвэр, дэд бүтэц зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ. Монгол Хятад Оросын эдийн засгийн коридорыг хамтран байгуулна. Солонгосын хойгт энх тайван тогтоохын төлөө гаргаж буй БНХАУ-ын хүчин чармайлтыг Монгол улс өндрөөр үнэлж Хятад улстай бүс нутгийн асуудлаар санал нэгтэй байгаа билээ.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ