CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Тэнгисийн хүчний ирээдүйг хамтдаа цогцлоохыг уриалав

04-24-2019 12:42

БНХАУ-ын дарга Ши Жиньпин далай тэнгист учирч болох болзошгүй аюул осол, олон улсын тэнгисийн хүчний өмнө тулгарах аливаа саад бэрхшээлийг улс орнууд хамтдаа даван туулах ёстой, дэлхий дахины тэнгисийн хүчний нэгдсэн холбоо, хамтын ажиллагаа нэн чухал болохыг онцлоод тэнгисийн хүчний ирээдүйг олон улс хамтдаа цогцлоон байгуулах учиртай хэмээн цохон тэмдэглэлээ. Тэрбээр БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн Тэнгисийн хүчин үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойд зориулсан ёслолын үеэр гадаадын зочид, төлөөлөгчидтэй уулзахдаа ийнхүү мэдэгджээ. Ойн ёслолын арга хэмжээ, дээд хэмжээний уулзалтууд болон олон улсын Тэнгисийн хүчний парад нутгийн зүүн эрэгт орших Чиндао хотод өчигдөр буюу энэ сарын 23-ны өдөр болсон юм. Ши Жиньпин дээрх мэдэгдэлдээ БНХАУ-ын төр засаг, Зэвсэгт хүчний нэрийн өмнөөс Тэнгисийн хүчний ажилчин, албан хаагчид болон олон улсын төлөөлөгчдөд баяр хүргээд тэдэнтэй дурсгалын зураг татуулсан байна.
БНХАУ-ын дарга мөн Хятадын ард түмэн хэзээд энхтайвныг эрхэмлэж ирсний хувьд олон улсын тэнгисийн хүчний ач холбогдол, тэдний сахин хамгаалдаг аюулгүй байдлыг ихэд үнэлж ойлгодог хэмээн тэмдэглэжээ. Тэрбээр “Бид бие биеэ хүндэтгэж, харилцан эн тэнцүү нөхөрлөж, итгэл зүтгэлээрээ хамтрах нь чухал” гэж онцолсны дээр XXI зуунд далай тэнгист суурилсан худалдаа, технологи, харилцаа холбоо, мэдээлэл, соёл боловсролын хамтын ажиллагаа улам бүр өргөжин тэлж, Тэнгисийн шинэ Торгоны замыг буй болгосон тухай баярын хуралд оролцогчдод дахин нэгэнтээ сануулжээ. Тэнгисийн Торгоны зам нь 2013 онд Ши Жиньпиний санаачлан, өдгөө БНХАУ-ын олон улсад хэрэгжүүлж буй “Нэг бүс нэг зам” санаачилгын нэгээхэн хэсэг юм.
Ардын чөлөөлөх армийн Тэнгисийн хүчин үүсэн байгуулагдсаны тэгш ойн ёслолд 60 гаруй орны Тэнгисийн хүчний албаныхан, 10 гаруй улсын байлдааны 20-оод хөлөг онгоц оролцсон байна. Харин орон нутгийн цагаар 12.40 цагт эхэлж, 15.30 цагт өндөрлөсөн баярын сүрт жагсаал буюу тэнгисийн усан дахь хөлөг онгоцны парадад БНХАУ-ын 32, гадаадын 13 орны, тэр дундаа Орос, Энэтхэг, Япон, Вьетнам, Филиппин, Сингапур, Австрали зэрэг улсын 18 хөлөг онгоц оролцжээ.
Ойг угтан гаргасан албан мэдээнд дурдсанаар БНХАУ-ын Тэнгисийн хүчин түүхэндээ гадаадын 94 улсын 138 боомтод 100 гаруй удаа ажиллаж, олон улсын хамтарсан 60 гаруй сургуулилалтад оролцсон байна. Мөн 2010 оноос хойш явуулын цэргийн эмнэлэг “Энхтайвны хөлөг” нь 43 улсын эрэг хөвөөнд хүрч, 230 мянга гаруй хүнд эрүүл мэндийн үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлсэн, 2008 оноос хойш 103 хөлөг онгоц, 69 нисдэг тэрэг, 27 мянга гаруй албан хаагчийг бэлэн байдалд ажиллуулсан зэрэг амжилтаар түүхт 70 жилийнхээ ойг угтжээ.  

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ