CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

“Кандида Аурис” мөөгөнцрийн талаар мэдэх ёстой зүйлс

04-23-2019 14:18

 Энэ сарын 6-ны өдөр  АНУ-ын “Нью-Йорк Таймс” сонинд үхэлд хүргэх аюултай “Кандида Аурис” мөөгөнцрийн халдварын талаар сэрэмжлүүлж, Нью-Йорк хотын Гэгээн Синайн эмнэлэгт таалал төгссөн хижээл өвчтөнд энэ мөөгөнцрийн халдвар илэрсэн талаар мэдээлсэн билээ. Эмнэлэгт бүрэн хэмжээний ариутгал хийж, шал, таазнаас эхлээд тоног, төхөөрөмж, цагаан хэрэглэлийг хүртэл халдваргүйжүүлэх арга хэмжээ авсан ч Нью-Йорк, Иллинойс, Мерилэнд, Нью-Жерси зэрэг бусад 12 мужид мөөгөнцрийн халдвар авсан 587 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд өвчтөнүүдийн  50 орчим хувь нь 90 хоногийн дотор нас барсан тухай мэдээлэв. 
Төдөлгүй уг мөөгөнцрийн халдвар авсан 18 тохиолдол Хятадад бүртгэгдсэн талаар “Вэйбо” цахим хуудсаар мэдээлж, төдөлгүй “Вичат” болон бусад цахим сүлжээгээр тархсан билээ. Бээжингийн их сургуулийн лабораторийн анагаах ухааны факультетийн тэргүүн, тус сургуулийн ардын эмнэлгийн захирал Ван Хуэй уг мөөгөнцрийн халдварын талаар мэдээлэл өгсөн байна.
“Супер мөөгөнцөр” гэж нэрлэгдээд буй “Кандида Аурис” мөөгөнцрийг 2009 онд япон өвчтөнөөс анх илрүүлжээ. Ужиг хүнд өвчтэй, дархлаа муутай  өвчтөний арьс, салст, эмнэлгийн багаж төхөөрөмж, цагаан хэрэгслийн гадаргуу дээр үүсэж, халдваргүйжүүлээгүй тохиолдолд дамжин тархах чадвартай энэхүү мөөгөнцрөөс сэргийлэх арга замуудыг Их Британийн “Олон нийтийн эрүүл мэндийг хамгаалах төв” -өөс (PHE) 2017 онд зарласан байна. Тухайлбал, мөөгөнцрийн халдвар авсан өвчтөнийг тусгаарлах, ариун цэврийг чандлан сахиж, эмнэлэгт халдваргүйжүүлэлт хийх, нэг удаагийн багаж, хэрэгсэл, тариур ашиглах зэрэг арга хэмжээ авах нь нэн чухал  гэдгийг тэрбээр олон нийтэд мэдээллээ.  Ван Хуэйгийн онцолж буйгаар, эрүүл хүмүүс, дархлаа сайтай хүмүүст мөөгөнцөр хор хөнөөл учруулахгүй, харин хүнд өвчтэй, антибиотик байнга хэрэглэдэг хүмүүст халдварлах магадлал өндөр аж.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ