CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

5000 гаруй эрдэмтэн, судлаач бэлтгэжээ

04-23-2019 10:23

 Хятадын Шинжлэх ухааны академи “Нэг бүс нэг зам” санаачилгын хүрээнд 2013 оноос хойш олон улсын 5000 гаруй залуу эрдэмтэн, судлаачийг шинжлэх ухаан, дэвшилт технологийн салбарт бэлтгэж, дадлагажуулсан тайлангаа дэлгэлээ. Тэдний 1500 гаруй нь магистр, докторын зэрэгтэй оюутнууд аж. “Нэг бүс нэг зам” санаачилгад нэгдсэн улс орон, бүс нутгуудаас мөн 700 гаруй оюутан докторын дараах судалгаа, эрдмийн ажлаа Хятадад гүйцэтгэсэн байна. Тэдний голлон судалсан салбарт генетик, биологийн олон талт байдал, анагаах ухаан, уур амьсгалын өөрчлөлт, ногоон инженерчлэл, шинэ эд материалын судалгаа дээгүүрт бичигджээ.
Энэ долоо хоногийн сүүлээр болох “Нэг бүс нэг зам”-ын орнуудын дээд хэмжээний хоёрдугаар чуулганыг угтан гаргасан дээрх тайланд дурдсанаар Хятадын Шинжлэх ухааны академи мөн эрдэм шинжилгээ, технологийн салбарт олон улсын 1000 гаруй төрийн албан хаагчийг сургаж, дадлагажуулсан байна. Тухайлбал, Шри Ланкийн мэргэжилтнүүдийг усны менежмент, олон нийтийн эрүүл мэнд, тэнгис далайн орчин нөхцөлийг хамгаалах чиглэлээр, Узбекистаны судлаачдыг оюуны бүтээл болон биологийн олон талт байдлыг судлах чиглэлээр, Вьетнамын залуу эрдэмтдийг үндэсний нөөц баялгийг хамгаалах чиглэлээр тус тус сургалтад хамруулжээ.
Хятадын Шинжлэх ухааны академи “Нэг бүс нэг зам” санаачилгын төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлснээс хойш буюу сүүлийн зургаан жилийн хугацаанд уг санаачилгын гишүүн орнуудад эрдэм шинжилгээ, судалгааны нийт 100 гаруй ажлыг санхүүжүүлж, ойролцоогоор 1.8 тэрбум юань буюу 270-аад сая ам.долларын хөрөнгө оруулсан байна. Уг ажлын хүрээнд хилийн чанадад судалгаа, боловсролын есөн төв барьж байгуулсан бол одоо арав дахь нь Пакистанд баригдаж буй аж. Өнгөрсөн оны 11-р сард “Нэг бүс нэг зам”-ын орнуудын эрдэмтэн, судлаачдын анхны хамтын байгууллага болох Олон улсын шинжлэх ухааны байгууллагуудын нэгдсэн холбоо байгуулагдсан нь мөн л Хятадын Шинжлэх ухааны академийн санаачилгаар бий болжээ. Тус холбооны эхний 37 гишүүн байгууллага саяхан 2019-2020 онд хийж гүйцэтгэх ажлынхаа төлөвлөгөөг, түүний дотор олон улсын шинжлэх ухааны шагнал шинээр бий болгох, хөгжиж буй орнуудад судалгаа, шинжилгээ хийх орчин нөхцөлийг сайжруулах, “Нэг бүс нэг зам”-ын орнуудын шинжлэх ухааны салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг зорилтоо танилцуулаад байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ