CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

“Нэг бүс нэг зам”-ын орнуудтай хийсэн худалдааны эргэлт 6 их наяд ам.доллар давжээ

04-22-2019 11:33

 “Нэг бүс нэг зам” санаачилгын орнуудтай хийсэн БНХАУ-ын бараа бүтээгдэхүүний нийт эргэлт 2013-2018 оны хооронд хурдтай өсөж, зургаан их наяд ам.доллар давсан тухай тус улсын Худалдааны яамнаас мэдээллээ. Энэ хугацаанд талуудын хоорондох худалдааны эргэлтийн жилийн дундаж өсөлт дөрвөн хувьтай байсан нь БНХАУ-ын мөн хугацаанд хийгдсэн гадаад худалдааны нийт өсөлтийн хувиас ч өндөр байгаа аж. Зөвхөн бараа бүтээгдэхүүний эргэлтийг нь тооцвол БНХАУ-ын “Нэг бүс нэг зам”-ын орнуудтай хийсэн харилцан худалдааны ашиг орлого тус улсын жилийн нийт худалдааны 27.4 хувийг эзэлж байна.
Сүүлийн таван жилд буюу 2013 оноос хойш БНХАУ-ын пүүс компаниуд дээрх санаачилгад нэгдсэн орнуудад 90 гаруй тэрбум ам.долларын хөрөнгө оруулжээ. Харин хөрөнгө оруулалтын өсөлт нь жилд дунджаар 5.2 хувь байгаа аж. Мөн хугацаанд батлагдсан “Нэг бүс нэг зам”-ын орнуудын хамтын ажиллагааны гэрээнүүд нийтдээ 600 тэрбум ам.долларын өртөгтэй бол дундаж өсөлт нь жилийн 11.9 хувь байна. Тэдгээрээс зөвхөн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны бүсүүдийг хөгжүүлэхэд гэхэд л хэдийнээ 30 гаруй тэрбум ам.долларын хөрөнгө оруулаад буй нь одоогоор 300 мянга гаруй ажлын байр шинээр бий болгожээ.
“Нэг бүс нэг зам”-ын орнуудын дээд хэмжээний хоёрдугаар чуулган энэ сарын 25-27-ны өдрүүдэд Бээжин хотод болох юм. БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас мэдээлснээр форумын үеэр гол их хурлуудаас гадна 12 салбар хуралдаан болох аж.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ