Хангай хамтлаг “Фүжи” рок наадамд уригдлаа
04-18-2019 11:34
Хятад улсын монгол үндэстний язгуур урлагийн “Хангай” хамтлаг Азийн рок хөгжмийн хамгийн том наадам “Фүжи”-д оролцохоор Японыг зорих гэж байна.
Тус наадам энэ оны долдугаар сарын 28-ны өдөр Японы Нийгата хотод болох бөгөөд дэлхийн рокийн алдарт хамтлаг, дуучид оролцох юм. Хангай хамтлаг тус наадамд анх 2011 онд оролцож байсан бөгөөд энэ удаад хоёр дахиа оролцож байна. “Фүжи” наадам нь хамгийн том задгай талбайд болдог, эх байгаль дуу хөгжмийн холбоо хамаарлыг чухалчилдгаараа онцлог. Хангай хамтлаг “Нутаг” цомгоороо алдаршсанаас хойш дэлхийн дуу хөгжмийн томоохон фестивалиудад тогтмол оролцон фэнүүдийнхээ хүрээг тэлсээр иржээ. Тус хамтлагийн 2019 онд гаргасан “Хангай+жазз үлээвэр хөгжим” цомог нь ихээхэн шинэлэг уран бүтээл болсон хэмээн мэргэжлийнхэнд үнэлэгдсэн билээ. Цомгийг Канадын хөгжмийн нэрт найруулагч Кард Ричардсоны оролцоотойгоор гаргажээ. Хангай хамтлаг энэхүү нэрт найруулагчтай “Цоохор морь” цомог дээр өмнө нь мөн хамтран ажиллаж байсан юм. Найруулагч Кард Ричардсон “Rage Against the machine” хамтлагийн “Rage Against the machine” цомог, “Red hot chili Peppers" хамтлагийн алдарт “Эхийн сүү” цомог дээр ажиллаж нэр алдраа дуурсгаж байсан нэгэн юм. Өнгөрөгч сарын 7-ны өдөр “Хангай&Үлээвэр хөгжим-2019” цомгийн нээлтийн ёслол Бээжин хотноо болсон билээ. Тус арга хэмжээний үеэр Хангай хамтлаг үлээвэр хөгжмийн групптэй хамтран шинэ цомгийнхоо дөрвөн бүтээлээр үзэгчдийнхээ сонорыг мялаасан юм. Энэ үеэр тэд БНХАУ-ын 12 том хотоор аялан тоглолт хийх болсноо зарласан байна. 2004 оноос хойш 15 жилийн турш уйгагүй хөдөлмөр, уран бүтээлийн эрэлхийллээрээ дэлхийн дуу хөгжмийн тавцанд улс үндэстнээ тунхаглаж яваа Хангай хамтлагийн бүтээлд монгол үндэстний язгуур урлаг, рок поп, экологийн чиглэлээрх содон өнгө аяс бий. Уртын дуу, хөөмий, морин хуурын хослолоороо дэлхий нийтийн чих сонорыг мялааж яваа тус хамтлаг дэлхийн 60 гаруй улсад аялан тогложээ. Тэд Womad фестиваль, Данийн Roskilde, металл рокийн Wacken open air, Канадын Edmonton folk фестиваль, Австралийн үндэсний дуу хөгжмийн Woodford, Мексикийн Ollinkan наадмуудад амжилттай оролцож байв. Мөн Rollingstone сэтгүүлээс хамгийн супер хөгжмийн наадам хэмээн цоллогдсон Bonnaroo фестивальд оролцож Чикагогийн Дэлхийн дуу хөгжмийн наадамд Eminem, Neil Young, Arcade fire-тай хамт тоглосон юм. Америкийн Кеннидийн урлагийн төв, Линкольны төвд ч тоглолтоо хийж байсан байна.
Удахгүй Япон улсад болох “Фүжи” рок хөгжмийн фестивальд Хангай хамтлаг амжилттай оролцоно гэдэгт фэнүүд нь итгэлтэй байна.