CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятадын анхны “хуруу шил”-ний хүүхэд ээж боллоо

04-17-2019 13:35

 Бээжингийн их сургуулийн гуравдугаар эмнэлгийн профессор Жан Лижү болон багийнхан нь Хятадын эх газрын анхны “хуруу шил”-ний хүүхдийг бойжуулан, эх барьсан нь Жэн Мэнжү юм. Энэ бол 1988 оны гуравдугаар сард болсон үйл явдал. Тэгвэл үүнээс 31 жилийн дараа буюу энэ сарын 15-нд Жэн Мэнжү ээж болсон талаар Хятадын хэвлэлүүд мэдээллээ. Тэрбээр өөрийнхөө төрж байсан эмнэлэгтээ хүүгээ эсэн мэнд төрүүлсэн байна.
Жэн Мэнжү хуруу шилэнд үр тогтоох аргын тусламжтайгаар амьдрах боломжтой болсон. Тиймээс ч амьдрал бэлэглэсэн эмнэлэг, эмч нартаа ач санан, талархаж их сургуулиа төгссөнийхөө дараа Бээжингийн их сургуулийн гуравдугаар эмнэлэгт ажиллах болжээ. Ийн анхны хүүхдээ өлгийдөн авсан нь энэ юм. Хятадын анхны “хуруу шил”-ний хүүхэд ээж болсон нь тус улсын нөхөн үржихүйн салбарын судалгаа шинжилгээ, эмчилгээний ололт, амжилтыг харуулж буй хэрэг гэнэ. Түүнчлэн хуруу шилэнд үр тогтоох арга нь ургийн гажиг үүсгэдэг гэх ойлголт хоцрогдсон болохыг илтгэж байгаа юм.
Сонирхуулахад, дэлхийн анхны “хуруу шил”-ний хүүхэд 1978 оны долдугаар сард Их Британид мэндэлж байжээ.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ