CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Цахим номын хэрэглээ өсөж байна

04-17-2019 18:05

 БНХАУ-ын Жэжянь мужийн Ханжөү хотод цахим ном, хэвлэлийн эрдэм шинжилгээний тавдугаар хурал болж өнгөрснийг тус улсын “Өдрийн сонин” мэдээллээ. Сүүлийн жилүүдэд цахим номын хэрэглээ эрс өсөж, электрон хэлбэрээр уншигчдад хүрч буй хэвлэлийн бүтээгдэхүүний тоо 432 саяд хүрч, нэг уншигчид  дунджаар 12 ном ногдох болсныг  уг хурлын үеэр танилцуулсан тайланд онцолжээ. Мөн нэг номыг барагцаагаар  71.3 минут буюу нэг цаг гаруйн хугацаанд уншиж дуусгадаг талаар мэдээлсэн байна.
2018 оны байдлаар энэ зах зээлийн эргэлт 25.4 тэрбум юаньд хүрсэн нь 2017 оны мөн үзүүлэлттэй харьцуулахад 19.6 хувиар нэмэгдсэн тоо ажээ. Үүний зэрэгцээ цахим ном, сэтгүүлийн агуулга өмнөх жилүүдийнхээс эрс сайжирч, энэ чиглэлийн бизнес эрхэлдэг компаниуд бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ нэр төрлийг олшруулах, хяналт тавихыг зорьж буй.
Үүний зэрэгцээ сонсдог ном, сэтгүүлийн бизнес ч хурдацтай хөгжсөөр байгаа юм. 2017 онд гэхэд, аудио номын зах зээлийн эргэлт 4 тэрбум юаниар хэмжигдэж, зөвхөн ном, сэтгүүл, үлгэр сонсдог үйлчилгээ үзүүлдэг олон арван аппликэшн гарч иржээ. Үүнийг даган аудио ном тоглуулагч төхөөрөмжийн борлуулалт ч нэмэгдэж 2017 оны байдлаар 400 сая юанийн орлого олсон аж.
Цахим болон аудио ном уншиж, сонсдог хүмүүсийг насны хувьд авч үзвэл, тэдний дийлэнх нь буюу 70.9 хувь нь 16-30 насны залуус байгаа бол  30-45 насныхан 27.3 хувийг эзэлж байгаа юм.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр