CCTV.com Монгол > Нийтлэл > Нийтлэл

“Бүс ба зам” санаачилгын онцлох 10 бүтээн байгуулалт

04-15-2019 14:46

Хятад улсын дарга Ши Жиньпиний зургаан жилийн өмнө анх танилцуулсан “Бүс ба зам” санаачилга хэрэгжиж эхэлснээсээ хойш 125 улс, олон улсын 29 байгууллагыг эгнээндээ нэгтгэн, өнгөрсөн гуравдугаар сарын 27-ны байдлаар хамтын ажиллагааны нийт 173 төсөл, хөтөлбөрийг батлаад байна. Уг санаачилгын хүрээнд төр засгийн бодлогын хамтын ажиллагаа, дэд бүтэц, худалдаа, санхүүгийн түншлэлээс эхлээд ард түмнүүд хоорондын нөхөрлөл гээд олон арван салбарт ахиц дэвшил гарч, сая сая хүнд үр өгөөжөө өгсөн хэдэн арван төсөл амжилттай хэрэгжжээ. Тэдгээрээс хамгийн өргөн далайцтай 10 том бүтээн байгуулалтыг онцолж байна. 

Индонезийн Жакарта-Бандунгийн өндөр хурдны галт тэрэгний зам

Индонезийн нийслэл хотыг тус улсын Бандунг мужтай холбох 142 км урт өндөр хурдны галт тэрэгний замыг Хятад, Индонезийн албаныхан 2015 оны 10-р сард хамтын ажиллагааны гэрээ байгуулсны дараахан барьж эхэлжээ. “Бүс ба зам”-ын хүрээнд хятад стандарт, хятад технологиор хилийн чанадад барьж буй өндөр хурдны анхны галт тэрэгний зам болох уг замын ажлыг Хятадын Төмөр замын корпорац тэргүүтэй Хятад, Индонезийн компаниудын нэгдсэн консорциум хариуцаж байна. Төслийн санхүүжилтийг харин Хятадын Хөгжлийн банкны зээлээр зохицуулж байгаа аж. Зүүн өмнөд Ази дахь өндөр хурдны анхны орчин үеийн стандартын галт тэрэгний зам болох энэхүү замаар дээд тал нь 350 км/цагийн хурдтай хурдан галт тэргүүд Жакарта, Бадунгийн хооронд ердөө 45 минут зорчих юм.

Нигерийн Абужа-Кадунагийн төмөр зам

Лагос-Каногийн төмөр замын төслийн эхний хэсэг болох Абужа-Кадунагийн төмөр зам нь Нигери улс төдийгүй Баруун Африкийн бүс дэх орчин үеийн стандартаар баригдаж буй анхны төмөр зам юм. Шинэ зам 2016 оны долдугаар сарын 26-нд ашиглалтад оржээ. Хятадын Иргэний инженерчлэлийн барилгын корпорацын барьсан уг төмөр зам 186 км урт бөгөөд өнгөрөгч нэгдүгээр сарын байдлаар нийт 1.2 сая хүнд үйлчилж, ашиглалтад орсон цагаасаа хойш буюу 900 гаруй өдөр ямар нэг осол, эндэгдэлгүй байна.

Шри Ланкийн Коломбо дахь шинэ боомт

Хятад улсын бүрэн санхүүжилтээр сүндэрлэж байгаа энэхүү боомт хот Хятад, Шри Ланкийн хоорондох “Бүс ба зам”-ын хүрээний одоогоор хамгийн том төсөл юм. Энэ оны нэгдүгээр сарын байдлаар 269 га газрыг хамрах болсон шинэ боомт хотын засаг захиргааны байгууламжууд болон усан цахилгаан станц нь ирэх оны долдугаар сар гэхэд ашиглалтад орох аж. Нийт 1.4 тэрбум ам.доллараар босож буй шинэ хот 20 жилийн дотор гэхэд орон нутгийн 83 мянган хүнийг ажлын байртай болгоно гэсэн тооцоо байна.

Грекийн Пирейн боомт

2016 оны наймдугаар сарын 10-нд Грекийн хамгийн том боомт болох Пирейн боомтын гол хувьцаа эзэмшигчээр Хятадын COSCO группын охин компани Хонконгийн “COSCO Shipping” хувьцаат компани тодорчээ. Энэхүү нүсэр том байгууламжийг өргөтгөн тэлж, шинэчлэн хөгжүүлэх ажлыг тус компани 290-ээд сая еврогоор хийж буй бөгөөд хөлөг онгоц хүлээн авах, том хөлөг засварлах тавцан, олон давхар гарааш, онгоцны шинэхэн зогсоол нь удахгүй ашиглалтад орох аж. Шинэхэн Торгоны замын эдийн засгийн бүс болон XX зууны Тэнгисийн торгоны зам гэгдэж буй худалдааны олон замын уулзвар цэг болох Пирейн боомт сүүлийн хэдхэн жилд дэлхийн хамгийн том ачаа тээврийн боомтын нэг болжээ. Үүнд чухамдаа Хятад, Грекийн компаниудын хамтын ажиллагаа гол түлхэц болж буй бөгөөд “Бүс ба зам”-ын хүрээн дэх хамтын ажиллагааны амжилттай жишээгээр уг боомтыг нэрлэж болох юм.  

Брунейн Тембуронгийн гүүр

Брунейн түүхэн дэх дэд бүтцийн хамгийн том бүтээн байгуулалт болох энэхүү гүүр тус улсын тэнгисийн усан дээгүүрх хамгийн урт гүүр буюу ойролцоогоор 30 км урт юм. Энэ оны 11-р сарын эцсээр нээгдэх Тембуронгийн гүүрний ой хөвчийн дундуур дайран өнгөрөх 11.8 км замын 11.6 км-ийг нь Хятадын төрийн өмчит Барилгын инженерчлэлийн компани барьж байна. Тус компани Лабугийн ойн онгон дагшин төрхийг аль болох хадгалж үлдэх, байгаль орчны хамгааллын стандартыг хангах тал дээр урьд байгаагүй олон шинэлэг ажлыг гүйцэлдүүлж буй аж. Бүтээн байгуулах, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах хоёр эсрэг тэсрэгийн туйл биш, харин зэрэгцэн оршиж болохыг эл гүүрний ажил харуулж байна хэмээн мэргэжилтнүүд онцолжээ.

Бангладешийн Падма гүүр

25 метр өргөн, 10 км урт энэ гүүр Бангладешийн гурван их мөрний нэг Падма мөрний дээгүүр баригдаж буй юм. Хятадын Төмөр замын Их гүүр инженерчлэлийн компани 2016 оны зургадугаар сард Бангладешийн Засгийн газраас уг гүүрийг барих 1.5 тэрбум ам.долларын тендерийн шалгаруулалтад тэнцсэн байна. Падма гүүр одоогоор Бангладешийн дэд бүтцийн салбар дахь хамгийн том бүтээн байгуулалтаар тодроод буй. Харин Хятад улсын хувьд нийт мөнгөн дүнгээр нь тооцвол хилийн чанад дахь хамгийн том төсөл нь мөн энэ болоод байна. Ашиглалтад орох үедээ эл гүүр Бангладешийн нийслэл Дака хотоос нутгийн өмнөд хэсэгт орших Кулна хотын хооронд зорчих одоогийн 13 цаг байгаа хугацааг гурван цаг хүртэл  багасгах юм.

Чилийн Пунта Сьерра салхин ферм

Хөх усны эрэг хөвөөнөө 32 турбин хөдөлгүүр эгнүүлсэн Пунта Сьеррагийн салхин ферм 2018 оны хоёрдугаар сарын 4-ний өдөр бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлжээ. Энэ нь Чилийн нутаг дахь Номхон далайн эрэг дээр баригдсан анхны салхин ферм төдийгүй Өмнөд Америкт Хятадын хөрөнгө оруулалттайгаар боссон анхны салхины цахилгаан станц юм. Хятадын төрийн өмчит Эрчим хүчний хөрөнгө оруулалтын корпорацаас санхүүжүүлж, барьж байгуулсан нийт 150 сая ам.долларын өртөгтэй энэхүү фермийн хөдөлгүүрүүд 82 мегаваттын хүчин чадалтай бөгөөд жилд 281 гигаватт эрчим хүч ялгаруулдаг байна. Энэ нь 130 мянган өрхийн цахилгаан, эрчим хүчний хэрэглээг хангаж, жилд 157 мянган тонн нүүрс хүчлийн хийг бууруулна гэсэн үг юм.

Оросын Ямал төсөл

Оросын Хойд туйлын хэсэг буюу Ямалын хойгт орших Ямалын Шингэрүүлсэн байгалийн хий боловсруулах үйлдвэр нь үйлдвэрлэлийн гурван шат дамжлагаараа ажиллавал тус бүртээ жилд 5.5 сая тонн хий үйлдвэрлэх хүчин чадалтай юм. Тус үйлдвэрийн шат дамжлагууд 2017 оны 12, 2018 оны найм, 2018 оны 12-р сард тус тус ашиглалтад оржээ. Энэхүү төсөл нь Хойд туйл орчмын бүс нутаг дахь байгалийн шингэрүүлсэн хийн хамгийн том үйлдвэр бөгөөд “Бүс ба зам” санаачилга хэрэгжиж эхэлснээс хойших Оросын нутаг дахь эрчим хүчний хамгийн том мега төсөл аж. Үйлдвэрийн 50.1 хувийг Оросын “Новатек”, 20 хувийг Францын “Total” компани, 20 хувийг Хятадын Үндэсний түлш шатахууны корпорац, үлдсэн 9.9 хувийг Хятадын Торгоны зам сан эзэмшиж байна.

Хятад, Беларусын аж үйлдвэрлэлийн парк

Минск хотоос 25 км зайд орших, 91.5 ам км талбай эзлэх энэхүү парк Беларус улсын нутаг дахь эдийн засгийн анхны онцгой бүс төдийгүй Хятад, Беларусын хоорондох Засгийн газар хоорондын хамгийн том хамтарсан төсөл юм. Уг парк олон улсын хөрөнгө оруулагчдыг ид татаж буй бөгөөд өнгөрсөн хоёрдугаар сарын байдлаар нийт 43 компани энд шинэ салбараа нээхээр гэрээлээд байна. Тэдгээрийн 26 нь Хятад, 10 нь Беларус, үлдсэн долоо нь Орос, Америк тэргүүтэй бусад орных аж. Тэдгээр компани аж үйлдвэрлэлийн шинэхэн паркт нийтдээ нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар болжээ.

 Жибүтийн Олон улсын чөлөөт худалдааны бүс

Хятад улсын бүрэн санхүүжилттэй энэхүү чөлөөт худалдааны бүсийн барилгын ажил 2017 оны нэгдүгээр сард эхэлж, 2018 оны долдугаар сард дуусчээ. Нийт 48.2 ам км талбай эзлэх уг бүсийг “Merchants Holdings”, “Dalian Port” корпорац тэргүүтэй Хятадын компаниудын хамтарсан хөрөнгө оруулалтаар хөгжүүлж байгаа аж. Худалдаа, гааль, үйлдвэрлэлийн салбарын 20 гаруй компани, аж ахуйн нэгж тус бүсэд үйл ажиллагаа явуулах бөгөөд одоогоор тэдгээр компанийн төвлөрөх эхний хэсгийн зургаан ам км талбайн барилгын ажил үндсэндээ дуусаад байна. Зүүн хойд Африкийн жижигхэн улс болох Жибүтийг тив, бүс нутгийнх нь бусад улсаас гадна “Бүс ба зам”-ын улс орнуудтай холбох энэхүү зангилаа цэг цаашдаа Африк, Ази, Европ гурван тивийг холбосон тэнгисийн замын тээвэр зуучлалын гол төв болох нь баттай юм .  

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр