CCTV.com Монгол > Нийтлэл > Нийтлэл

Хятадыг хэрсэн хоол хүргэлтийн бизнес

04-11-2019 17:27

Гэрээсээ гаралгүйгээр, хүссэн цагтаа, дуртай хоолоо захиалан гэрийнхээ үүдэнд хүргүүлээд авчих нь хэчнээн цаг, зав хэмнэхийг өнөөгөөс 20 жилийн тэртээ хятад хүмүүс төсөөлөх ч үгүй байв. Хоолны соёл, дэг, уламжлалаараа дэлхийд гайхагдсан тэд одоо хүссэн хүсээгүй  муж, хот, тосгон, суурин бүрт цэцэглэн хөгжиж буй хоол хүргэлтийн бизнесийн нэг хэсэг болцгоов. Зөвхөн 2018 оны байдлаар энэ зах зээлийн эргэлт 400 тэрбум гаруй юань буюу 65 тэрбум ам.доллараар хэмжигдэж, 2017 оны үзүүлэлттэй харьцуулахад хоёр дахин томров. Энэ юу ч биш. 2021 оны байдлаар хоол хүргэлтийн бизнест 934 тэрбум орчим юанийн эргэлттэй болно гэсэн таамаглалыг “Analysys” компани дэвшүүлж буй.
Дэлхийд гайхагдсан хятад хоол хүргэлт
1976 оны хүйтэн өвөл Нью-Йоркт дөнгөж үүдээ нээгээд байсан сычуань хоолны газраас бүх юм эхэлжээ. “Сычуанийн  эзэнт гүрэн” гэсэн нэртэйгээр халуун ногоотой хоолны газраа нээсэн хатагтай Чан дөрвөн ажилтныхаа хамт орлогоо нэмэгдүүлэх нэгэн арга бодож олсон юм.
Хүйтнээс төвөгшөөн гэртээ бүгсэн айлуудын хаалган дээр хоолны газрынхаа цэсийг үлдээж, холбоо барих утсаа бичсэнээс хагас цагийн дараа тэд анхны хоолоо үйлчлүүлэгчдээ хүргэж өгчээ. Намхан нуруутай, найрсаг хатагтай Чан үйлчлүүлэгчдээ хоолоо хүргэж өгөөд цайны мөнгө авсан даруйдаа хоолны цэс, хүргэлтийн үйлчилгээгээ санал болгосон хэдэн зуун хуудас хэвлэж, ойр орчмын хорооллуудаар тараасан юм.
Үдийн цайны цаг, оройн хоолны үеэр тэд хоолоо хүргэж, шаргуу ажилласны хүчинд Чан хатагтай Нью-Йоркт дахин дөрвөн салбараа нээж, чамгүй хөрөнгө хуримтлуулжээ. Хамгийн гол нь, АНУ, Европ, Азийн олон орны хятад хоолны газрууд хүргэлтийн бизнесийг загварыг шууд хуулан хэрэгжүүлсэн билээ. Хямд үнэтэй, хурдан хүргэлттэй, цаг агаарын ямар ч нөхцөлд, хэдэн цагт ч ажилладаг хятад хоолны газрууд хоол, ундаа, пицца гээд бусад төрлийн бүтээгдэхүүний хүргэлтийн үйлчилгээний суурийг анхлан тавьж, энэ зах зээлийн анхдагч, бас тэргүүлэгчид байсаар иржээ.
Технологийн аваргуудын “тулаан”
Шинжлэх ухаан, технологи хөгжиж, өндөр хурдтай интернэт, хүмүүсийн ая тухыг хангахад зориулсан олон төрлийн аппликэшн Хятадын хоол хүргэлтийн бизнесийг мэргэжлийн түвшинд аваачиж, технологийн аваргууд энэ зах зээлд “тулалдаж” эхэллээ. “Алибаба” компанийн “Ele.me”, “Мэйтуан Ваймай” зэрэг аппликэшнээс гадна “Enjoy”, “Daojia” тэргүүтэй стартап, Байду, Вичат зэрэг аваргууд хоол хүргэлтийн бизнест хөл тавьж,  хүчээ сорьж байна. 10 жилийн өмнө Шанхайн оюутнуудын эхлүүлсэн хоол хүргэлтийн  “Ele.me” үйлчилгээ өдгөө энэ зах зээлийн 35 хувийг эзэлж буй бол 2015-2016 онд бизнесээ эхлүүлсэн “Мэйтуан Ваймай” Хятадын хотуудыг хэрсэн том үйлчилгээ болж, зах зээлийн 63 хувийг эзэллээ. Нийтийн хоолны бизнес эрхлэгчид ч хоолны хүргэлтийн үйлчилгээгээрээ өрсөлдөж, энэ өрсөлдөөнд ялагдсан нь хаалгаа барих нь олширсон бөгөөд өөрчлөгдөж буй зах зээлд хөлөө олоогүй бизнесүүдийн дампуурлыг “Хоолны газрын бизнес зургаан сарын настай”  гэсэн хэлцээр илэрхийлэн,  зөвхөн дуудлагаар хоолоо хүргэдэг бичил ресторанууд ч бий болов. Үүний зэрэгцээ хамгийн хурдан, хамгийн амттай, хамгийн их хөнгөлөлттэй зэрэг сурталчилгааг олон нийтийн сүлжээгээр түгээх,  үйлчлүүлэгчдээ урамшуулал олгох, бяцхан бэлэг хүргүүлэх, талархлын захидал илгээх, өдрийн хөнгөлөлттэй хоолны цэс гаргах зэрэг маркетингийн арга барил ч өөрчлөгдсөөр буй.
Ажлын байр, экологи  ба бусад асуудал
“Мэйтуан Ваймай” компаниас гаргасан судалгаагаар, 2018 оны байдлаар томоохон хотод өдөртөө 35 сая орчим хүн хоол хүргэлтийн ажлыг цагаар хийж байна. Хүн ам олон, ажлын байр хангалтгүй зэрэг шалтгаан ядуурлын үндэс болдог Хятадад хоол хүргэлтийн бизнес нь энэ талаараа нийгэмд эерэг нөлөө авчирч буй. Алслагдсан муж, сууринд аж төрдөг, эрхэлсэн ажилгүй олон хүн хотод ирж, хоол хүргэлтийн үйлчилгээнд ажиллах нь олширч байна. Энэ салбарт ажиллаж буй хүмүүсийн 77 хувь буюу 2.7 сая ажилчин нь хөдөөх суурин, мужаас ирсэн байна. Тэдний талаас илүү хувь нь ажилгүйдэл газар авсан, ядуу буурай гэгдэх газрын иргэд агаад одоо өдөрт 4-ээс дээш цагаар ажиллаж, 30 орчим хувь нь сардаа 5000 орчим юань буюу 741.5 ам.доллартай тэнцэх хэмжээний цалин авч буй. Үүний зэрэгцээ хоол хүргэлтийн үйлчилгээ зөвхөн томоохон хотод бус бусад суурин, мужид нэвтэрсээр буй нь  хүмүүс ажил хийхийн тулд заавал өөр хот, муж руу явах шаардлагагүй болж байгааг мөн судалгаанд онцолжээ. Одоогийн байдлаар, хоол хүргэлтийн үйлчилгээний ажилтан, ажиллагсадынхаа тоогоор Гуандун муж Хятаддаа тэргүүлж, Жяньсу, Жэжянь муж удаалж, тэдний араас Бээжин, Шанхай орж байгаа юм. Ажиглагчдын таамаглаж буйгаар, өнгөрсөн оны байдлаар энэ зах зээлийн эргэлт 240 тэрбум юаниар хэмжигдсэн байна.
Нөгөө талаар, хоол хүргэлтийн бизнес байгаль орчны төлөө тэмцэгчдийн зүгээс хатуу шүүмжлэлд өртсөөр байна. Хоол хүргэхэд ашигладаг нэг удаагийн хуванцар сав, баглаа, савхны үйлдвэрлэл эрс өсөж, энэ хэмжээгээрээ байгаль орчинд хохирол учруулж байгааг тэд сануулдаг.
“iResearch” компаниас өнгөрсөн онд танилцуулсан судалгаанд өгүүлснээр, онлайнаар хоол захиалдаг хэрэглэгчдийн тоо жилээс жилд өсөж байгаа бөгөөд 2018 онд 700 тэрбум захиалга хүлээн авсан байна. Зөвхөн “Ele.me” үйлчилгээг хэрэглэдэг хүмүүсийн тоо 600 саяд хүрч, тэдний 63.3 хувь нь долоо хоногт 2-3 удаа хоол захиалдаг аж. 470 жилийн хугацаанд байгальд задран шингэдэг гялгар уут, хоолны сав, баглааг өдөрт хэдэн зуун саяар нь хэрэглэж байгааг шүүмжилсэн нийтлэл, өгүүллүүд Хятадын олон нийтийн сүлжээгээр тарсаар байна.
Гэвч энэ бол дөнгөж эхлэл. Хоол хүргэлтийн бизнес Хятадын зах зээлд харьцангуй шинэ, сонин үйлчилгээ бөгөөд цаашид олон олон сөрөг ба эерэг нөлөө үзүүлнэ гэж ажиглагчид таамаглаж байна. Тухайлбал, хоол хүргэх удирдлагатай төхөөрөмжүүд, дроныг  үйлчилгээнд нэвтрүүлж, маркетингийн хувьд санаанд оромгүй шийдлүүд гарч, хэрэглэгчдийн ая тухыг хангахын төлөөх өрсөлдөөн улам ширүүсэх нь.
Одоо тулгамдан буй хог, гялгар уут, хуванцар савны хэрэглээг халахын тулд судалгаа, шинжилгээний ажил хэдийнэ эхэлж, хүний эрүүл мэндэд хоргүй, байгальд ээлтэй материалаар хийсэн бүтээгдэхүүний түрээсийн үйлчилгээ ч гарч ирж байна.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100