CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ачлалт охины амьд домог

04-04-2019 16:08

 1985 оны дөрөвдүгээр сард төрөөд удаагүй байсан Цүй Вэйшянийг Жяньсү мужийн Дунтай хотын нэгэн залуу хос өргөн авчээ. Өргөж авсан эцэг, эх нь түүнийг дутагдах, гачигдах зүйлгүй, бусад хүүхдийн нэгэн адил аз жаргалтай амьдруулахыг хичээдэг байв. Тэдний хүсэл ч ёсоор биелж охин аз жаргалтай өсөн торниж байлаа. Гэвч гай газар доороос гэгчээр энэ бүхнээс 14 жилийн дараа буюу 1999 оны арваннэгдүгээр сард ээж Тан Чэнди нь санаандгүй гүүрнээс унаж, саа өвчин тусчээ. Үүнийг мэдсэн даруйдаа охин сургуулиа орхин гэртээ ирж, ээж болон менингит өвчтэй аавыгаа асрах болсон байна. Харин 2008 онд Цүй Вэйшян нэг насны хайртайгаа учирч, хотынхоо Ляндуо суурингийн залуу Дин Чиньситэй гэрлэжээ. Гэрлэснийхээ дараа тэрбээр мөн л нөхрийнхөө аав ээжийг асрах болжээ.
  2009 онд хадам аав нь хүнд өвчнөөр оношлогдож, тэрбээр түүнийг нас барах хүртэл нь асарсан аж. Тэр жил хадам ээж нь хөлөө хугалж, мөн л түүнийг асрах үүрэг толгой дээр нь буув. “Өргөсөн ээж ч, хадам ээж ч миний ээж. Хоёр ээжийгээ асрах бол миний буян заяа” хэмээн тэрбээр сэтгүүлчид ярьсан байна. Эдгээр жилүүдэд Цүй Вэйшян шантарч цөхрөхийг үл хайхран эцэг, эх, нөхрийнхөө аав, ээжийг ачилсан тул нутгийн зон олон нь хүндэтгэн, “Сайн хятад хүн” цол хүртээжээ. Түүнчлэн Хятадын таван шилдэг үлгэр жишээ гэр бүлийн нэгээр шалгарч, “Хятадын хамгийн сайхан гэр бүл” шагналд нэр дэвшсэн удаатай. Тэрбээр “Надад аав, ээж, бас гэр бүл байна. Ээж маань надад хоёр дахь амьдрал өгсөн. Түүнийг асрах нь зүй ёсны үйл” гэжээ.

 Цүй Вэйшян өргөсөн ээж Тан Чэндигийн хамт

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100