CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

“Супер ногоон будаа” төсөл амжилттай хэрэгжжээ

04-03-2019 11:03

Хятад эрдэмтдийн 10 гаруй жил боловсруулсан хөдөө аж ахуйн нэгэн төсөл Ази, Африкийн 16 орны нийт 1.6 сая өрхөд үр өгөөжөө өгч, сая сая хүнийг өлсгөлөн, ядуурлаас аварчээ. Хятадын Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академиас хэрэгжүүлсэн “Супер ногоон будаа” төсөл нь бордоо, усжуулалт, хортон устгах бодисын хэрэглээг тэнцвэржүүлсний дүнд нийт 78 төрлийн тариа будааны нэг га тутмаас авах ургацын хэмжээг дунджаар 20 хувиар өсгөсөн байна.
Төслийн багийн удирдагчдын нэг, профессор Ли Жиканий хэлснээр дээрх аргаар тарьж ургуулсан амуу тарианы нийт талбай өнгөрөгч оны сүүлч гэхэд 6.12 сая га-д хүрсний 3.4 сая нь Филиппинд, 1.3 сая нь Энэтхэгт, 1.1 сая нь Вьетнамын нутагт байна. Бээжин хотноо болсон төслийн дүнг танилцуулах хурлын үеэр төсөл хэрэгжсэн орнуудын албаныхан, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын мэргэжилтэн, судлаачид болон жирийн иргэд төслийн багийнханд талархсанаа илэрхийлсэн бол Гейтсийн сан тэргүүтэй олон улсын байгууллагууд “Супер ногоон будаа” төслийн загварыг бусад олон оронд хэрэгжүүлэх боломжийг судлахаа мэдэгджээ. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100