CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хөрөнгө оруулагчид боловсролын салбарыг “онилж” байна

04-02-2019 14:00

Сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж буй БНХАУ-ын боловсролын салбарт хөрөнгө оруулах хүсэгчид олширч байгааг “South China Morning Post” сонин онцолж байна. Хятадын дундаж давхаргын амьдралын түвшин дээшилж, хүүхдүүдийнхээ боловсролд багаас нь анхаарч буй энэ үед англи хэл, бүжиг, төгөлдөр хуур заадаг хувийн сургууль, курс, дамжаа улам олон болж, боловсролын салбарын нэгэн том хэсэг болон бүрэлдэж буй.
Олон улсад бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “L.E.K.” компанийн төлөөлөгч Анип Шарма “Хүүхдэд мэдлэг боловсрол олгох, авьяас чадварыг нь хөгжүүлэхэд мөнгө, цаг зав хайрладаггүй бүхэл бүтэн шинэ үе бүрэлдэн тогтож байна. Иймээс боловсролын салбарт үйл ажиллагаа явуулах, үүнд хөрөнгө оруулах компани, хүмүүсийн тоо ч дагаад өссөөр байгаа. Сүүлйин 10 жилийн хугацаанд энэ зах зээлд хөрөнгө оруулж буй, хөрөнгө оруулахаар зөвлөгөө авч байгаа компаниуд чамгүй хувийг эзэлж эхэллээ” хэмээн сонинд өгсөн ярилцлагадаа онцолжээ.
1993 онд БНХАУ “Боловсролын хөгжил, өөрчлөлтийн хөтөлбөр” баталж, боловсролын салбарт хөрөнгө оруулахыг зөвшөөрсөнөөс хойш гаднын хөрөнгө оруулагчид энэ зах зээлд хөл тавьж эхэлсэн билээ. “Deloitte” компаниас гаргасан судалгаагаар 2010-2017 он хүртэлх хугацаанд олон улсын сургууль, хувийн цэцэрлэг, дамжаа, сургалтын төвийн тоо хоёр дахин өсөж, 734-д хүрсэн байна. Мөн судалгаанд онцолсноор, хичээлээс гадуурх хөтөлбөрүүд, тухайлбал, гүнзгийрүүлсэн сургалт, авьяас хөгжүүлэх хичээлүүд зэрэг боловсролын үйлчилгээ л гэхэд жилийн 433 тэрбум юанийн эргэлттэй зах зээл болон томорсон аж.
Түүнээс гадна цахим боловсролын зах зээлийн хөрөнгө оруулалт эрс нэмэгдэж, зөвхөн 2018 оны байдлаар 251.7 тэрбум юаньд хүрсэн бөгөөд 2020 он гэхэд энэ үзүүлэлт 380 тэрбум юаньд хүрэх магадлалтай. Хятадын дундаж амьдралтай  гэр бүл нийт орлогынхоо 20-50 хувийг хүүхдийнхээ боловсрол, мэдлэгт зарцуулдаг бөгөөд ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийн хөтөлбөрөөс гадна хөгжим, англи хэл, математикийн хичээлийн давтлага, гүнзгийрүүлсэн дамжаанд түлхүү  хамрагддаг.  

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100