Гадаадад суралцагчдын тоо нэмэгдсээр байна
03-29-2019 15:48
Өнгөрсөн 2018 оны байдлаар 662.1 мянган хятад иргэн гаднын орнуудад суралцахаар явсан талаар Боловсролын яамнаас гаргасан тайланд онцолсныг “Синьхуа” агентлаг уламжлав. Үүний зэрэгцээ 519.4 мянган оюутан гадаад мэргэжил, боловсрол эзэмшээд эх орондоо эргэн ирсэн байна.
Энэ нь 2017 онтой харьцуулахад суралцахаар явсан нь 53.7 мянгаар, суралцаад буцаж ирсэн нь 38.5 мянгаар нэмэгдсэн үзүүлэлт болохыг энэ дашрамд мэдээлсэн юм. БНХАУ-ын иргэд хамгийн олноор суралцдаг улсуудын жагсаалтыг АНУ, Япон, Европын орнууд тэргүүлж байгаа юм.
1978 оноос 2018 он хүртэлх 40 жилийн хугацаанд нийтдээ 5.8 сая хүн гадаадад суралцахаар явсан бөгөөд 2000-аад оноос хойш энэ тоо тогтмол өссөөр байгаа аж. Үүний зэрэгцээ гагц мэргэжил эзэмших буюу бакалаврын зэрэг авахаар суралцаж буй оюутнуудын тоо ч бус, мөн гадаад хэл сурах богино хугацааны сургалт дамжаа, мэргэжил дээшлүүлэх сургалт, судалгааны төсөлд хамрагдаж буй хүмүүсийн тоо ч өссөөр буй.