CCTV.com Монгол > Нийтлэл > Нийтлэл

Нэмэх хэм: Дэлхийн дулаарлын тус

03-28-2019 15:35

Уур амьсгалын өөрчлөлт, тэр дундаа дэлхийн дулаарал хүн төрөлхтний анхааралд байгаа хамгийн том асуудлуудын нэг. Хамгийн энгийнээр тайлбарлавал, манай гаригийн хуурай газар, далайн гадаргуу орчмын агаарын дундаж температур ихсэх үзэгдлийг дэлхийн дулаарал гэдэг.
Өнгөрсөн зууны 70-аад оноос дэлхийн цаг уурын системд өөрчлөлт орж, дундаж температур жилээс жилд нэмэгдсээр байна. XX зууны эхээс өнөөг хүртэлх хугацаанд дундаж температур 0.74 ± 0.18 °C цельсийн хэмээр нэмэгдсэн. Аж үйлдвэржилт,  хотжилтын улмаас ялгарч буй  хүлэмжийн хий нь цаг уурын өөрчлөлт, дэлхийн дулааралд нөлөөлж далайн түвшин нэмэгдэн, хур тунадас багасаж, цөлжилт хаяагаа тэлсээр байгааг судлаачид сануулсаар байна. Дашрамд өгүүлэхэд, байгалийн бусад хүчин зүйл, тухайлбал нарны энергийн өөрчлөлт (нарны идэвхжилт), галт уулын дэлбэрэлт нь аж үйлдвэржилтийн өмнөх үеэс одоог хүртэлх хугацаанд маш бага хэмжээний нөлөө үзүүлж байсан аж.
Гэвч дэлхийн дулааралд ч тустай тал бийг эрдэмтэд өгүүлж буй. Дэлхийн дулаарлын ашигтай тал учруулж буй хор хөнөөлөөсөө илүү ч байж мэднэ. Уур амьсгалын өөрчлөлт бидний хүрээлэн буй орчин, амьдралд ямар хор хөнөөл учруулж болох талаар үй олон судалгаа хийж, дүгнэлт тайлбар зүүж, үүнтэй тэмцэх тэмцэх мянган арга замыг санал болгож буй ч давуу талыг нь төдийлөн онцолдоггүй. Онцолсон байлаа ч  иймэрхүү нийтлэл, судалгааг байгаль орчныг хамгаалагчид эрс няцаадаг. Уур амьсгалын өөрчлөлт зөвхөн байгаль орчинд ч бус дэлхий нийтийн эдийн засаг, санхүү, хүмүүнлэгийн салбарт  эерэг, сөрөг олон нөлөө үзүүлдэг. Гэхдээ ерөнхий зургаар нь харвал, 2080 он гэхэд дэлхийн дулаарал  чамгүй эерэг нөлөө бидний амьдралд үзүүлнэ хэмээн Сассексын их сургуулийн профессор Ричард Тол мэдэгдэж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн талаар хийж буй 14 томоохон судалгааг харьцуулж үзсэний эцэст тэрбээр ийн үзэж буйгаа ч тодотгов.
Тодруулбал, аж үйлдвэржилтийн өмнөх үетэй харьцуулахад дэлхийн дундаж температур 2.2 градусаар нэмэгдэх хүртэл (барагцаалбал 2080 он) дэлхийн дулаарлын ашиг тусын тухай ярьж болох гэнэ. Засгийн газар хоорондын Уур амьсгалын өөрчлөлтийн хорооны (Intergovernmental Panel on Climate Change - IPCC буюу ИПСС) мэргэжилтнүүдийн баг дараагийн 70 жилийн турш дэлхийн дундаж температур гурван орчим градусаар нэмэгдэнэ гэж таамаглаж буй.
Сүүлийн 100 жилийн хугацаанд дэлхийн дулаарлын улмаас өвлийн цагт хөлдөж амиа алддаг байсан хүмүүсийн тоо эрс багассан. Хүйтнээс хамгаалахын тулд орон гэр, амьдарч буй байр сууцаа дулаалдаг байсан материал ч 100 жилийн өмнөхтэй харьцуулахад бага шаардагддаг болов. Мэдээж, жилд авч буй ургацын хэмжээ нэмэгдсэн.
Судлаачдын үзэж буйгаар, Грек зэрэг дулаан оронд ч хүмүүс өвөл хөлдөж нас бардаг, нас баралтын хувь хүйтний улиралд 18 хувиар нэмэгддэг аж. Сүүлийн 10 жилийн хугацаанд Их Британид 29 мянган хүн хүйтний улмаас нас барсан гэсэн тоо бий. Гэтэл Европт хэт халууны улмаас нас барагсдын тоо үүнээс бага буюу 15 мянга орчим байна. Тэр дундаа хүйтнээс болж нас барж буй хүмүүсийн дийлэнх нь амьдралын дундаж түвшнээс доогуур орлоготой иргэд байдаг аж.
Дэлхийн дундаж хэм нэмэгдсэнээр цахилгаан, хийн хэрэглээ ч багасах төлөвтэй. Мөн дулаалгын материалаа ч хэмнэх боломж гарч ирж байгааг профессор Тол судалгаандаа онцолжээ. Агаар дахь нүүрсхүчлийн хий нэмэгдэж байгаа нь ургамалд ч тустай. Агаар дахь нүүрсхүчлийн хийн концентрац сүүлийн 100 жилийн хугацаанд 0.03-0.04 хувиар нэмэгдсэн нь дэлхий дээр ногоон ургамлын тархцад эергээр нөлөөлсөн байна. 30 жилийн хугацаанд хиймэл дагуулуудын цуглуулсан мэдээлэл, зургаас харахад дэлхийн ногоон талбайн 31 хувийн  үржил шим нэмэгдсэн гэж Бостоны их сургуулийн судлаач Ранга Минени мэдэгдэв.
Ган гачиг, үер, хар салхины улмаас амиа алдаж буй хүмүүсийн тоо 1920 оноос эрс багассан гэж хараат бус судлаач Индур Голкани үзэж байна. Цаг уурын таагүй нөлөө, байгалийн гамшиг урьдын адил давтамжтай тохиож байгаа ч хүмүүс амь нас, эд хогшлоо хамгаалж арга зам, технологи бодож олж, сайжруулан боловсруулсаар байгаатай энэ нь холбоотой аж.
Дэлхийн дулаарлын эерэг нөлөөг олон нийтэд хүргэх болсон шалтгаанаа Ричард Тол тайлбарлаж байна. “Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх өнөөгийн бодлого үнэндээ байгаль орчинд олон сөрөг нөлөө үзүүлж байна. Нар болон салхины эрчим хүч, биологийн гаралтай түлшийг хэрэглэснээр агаар дахь нүүрсхүчлийн хий дорвитой багассан зүйл алга. Харин түлшний үнэ нэмэгдэж, ой багасаж, ховор ургамал, шувууд цөөрсөөр байна” гэж тэрбээр ярьжээ. Ургацаа хүнсэнд хэрэглэхийн оронд түлш болгож байгаа нь өлсгөлөнгөөр нас барж буй хүмүүсийн тоог нэмж байна гэж Ричард Пол үзэж буй. Их Британид гэхэд гэр сууцаа дулаалж чадаагүйн улмаас хүйтний улиралд өдөрт 65 хүн амиа алддаг гэж Ольстерийн их сургуулийн судлаач Кристина Лидделл мэдэгдсэн бөгөөд үүний сацуу цахилгааны үнэ өндөр хөгжилтэй орнуудад нэмэгдсээр байгааг сануулжээ.
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд улс орнууд чамгүй хөрөнгө зарцуулж байна. Европын холбоо л гэхэд жилд 200 тэрбум еврог үүнд “хаядаг”. Гэтэл энэ бүх хүчин зүтгэл, хөрөнгийг  дундаж температурыг 0.05 градус цельсээр бууруулахын төлөөх арга хэмжээнд үрдэг ажээ. Ингэхийн оронд 70 жилийн дараа дундаж температур хүн төрөлхтний амь насанд бодитоор заналхийлэх хүртэл шинжлэх ухаан, технологийн салбарт хөрөнгө оруулах нь зүй гэж Ричард Тол үзэж байна. Тухайлбал, усны нөөц үгүй болоход түүнийг орлох эрдэс бодис гаргаж авах зэрэг төсөл, судалгаанд анхаарлаа хандуулах хэрэгтэй гэж тэрбээр онцолжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100