CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Бүсгүйчүүд байр худалдаж авах нь олширч байна

03-26-2019 14:10

Хятадын томоохон хотуудын үл хөдлөх хөрөнгийн худалдан авагчдын дунд бүсгүйчүүд чамгүй хувь эзэлж байгааг “Чайна Дэйли” мэдээллээ. Байр, орон сууцны худалдаа, түрээсийн үйлчилгээг цахимаар үзүүлдэг  “Ke.com” сайтын мэдээлж буйгаар, тэдний үйлчлүүлэгчдийн 47.9 хувь нь бүсгүйчүүд байгаа бөгөөд энэ үзүүлэлт 2014 онд 30 хувьтай байсан аж.
Үүний зэрэгцээ худалдан авагч бүсгүйчүүдийн 74 хувь нь буюу дийлэнх нь гэр бүл, нөхөр, найз залуу, хамтран амьдрагчийн оролцоогүйгээр, өөрөөр хэлбэл батлан даагчгүйгээр худалдан авах гэрээгээ байгуулсан байна. Нөгөө талаас эцэг эхийнхээ тусламжтайгаар, батлан даагчийн хамт орон сууц худалдан авч буй бүсгүйчүүд 20 орчим хувийг нь эзэлж буй.
Бээжин, Шанхай, Шэньжэн, Ханжөү, Ухань зэрэг томоохон хотод явуулсан судалгаагаар,  бүсгүйчүүдийн олонх нь их сургууль төгсөж, ажилд орсныхоо дараа орон сууц худалдан авахаар төлөвлөж, мөнгөө хуримтлуулж эхэлдэг  бөгөөд ингэснээр санхүүгийн хувьд хэн нэгнээс хараат бус байж, орлого, зарлагаа зохицуулах, гэр бүл зохиохдоо зөв сонголт хийх зэрэг олон давуу талыг олгодог гэж үзэж байна.
Хятадын томоохон хотуудад үл хөдлөх хөрөнгийн үнэ өндөр тул бүсгүйчүүдийн цөөнгүй хувь  гэр бүл зохиохдоо санхүүгийн чадамж, хувьдаа орон сууцтай эсэхийг шалгуур болгон нөхрөө сонгодгийг судлаачид онцолдог. Нөгөө талаас энэ нь бүсгүйчүүдийн бие даасан, хараат бус байдалд сөргөөр нөлөөлдөг, цаашлаад сэтгэл санааны хүчирхийлэлд өртөх магадлалыг нэмэгдүүлдэг бөгөөд энэ асуудлаас сэргийлэхийн тулд орчин үед өөрсдөө орон сууц худалдан авахыг хүсэх нь олширчээ. Барилгын компаниуд ч хэмжээгээрээ том биш, гэхдээ тухтай, хямд үнэтэй орон сууцыг зах зээлд нийлүүлэх сонирхолтой болж эхэлж буй.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100