CCTV.com Монгол > Нийтлэл > Нийтлэл

Хятадын дундаж давхаргынхан ба таван түгээмэл асуулт

03-25-2019 10:43

 Хятад улс гадаад ертөнцөд үүдээ нээж, эдийн засгаа хөгжүүлэхээр өөрчлөлт, нээлтийн бодлого хэрэгжүүлж эхэлснээс хойш буюу сүүлийн 40 жилд Хятадын ард түмний ахуй амьдрал ихэд өөрчлөгджээ.
Тус улс дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч орны нэг болсноор жирийн иргэд эдийн засгийн өсөлтөөс үлэмж ашиг хүртэж, дундаж давхаргынхны цоо шинэ үеийг төрүүлээд буй. Дэлхийн банкны тодорхойлсноор Хятад орон нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ нь 2017 оны байдлаар 8800 ам.доллар давсан үзүүлэлтээр “Дундаж дээд давхаргын” улс болжээ. Аливаа улсын дундаж давхаргынхан ажил, орлоготой, цаг төр, нийгмийнхээ нөхцөл байдалд сэтгэл хангалуун байх нь тухайн орны хөгжил дэвшилд гол хөшүүрэг болдог бичигдээгүй хууль бий. Тэгвэл Хятадын дундаж давхаргынхан, тэр дундаа дээд шат руугаа руу дөхсөн шинэ үеийн дундажууд гэж хэнийг хэлэх вэ? Тэд орчин цагийн Хятад орны өсөлт, хөгжилд ямар үүрэг, оролцоотой байна вэ?
1. Дундаж давхаргад хэдэн сая хүн багтдаг вэ?
Одоогийн байдлаар хятад иргэдийн 400 сая гаруйг буюу 140-өөд сая өрхийг дундаж давхаргад тооцож байна. Энэ нь Хятадын нийт хүн амын ойролцоогоор гуравны нэгтэй тэнцэх юм. Тэдний дийлэнх нь нутгийн зүүн хэсэг болон бусад эргийн хотуудад төвлөрсөн их хотын иргэд бол Бээжин тэргүүтэй нэлээд олон хотын захиргаа дундаж давхаргынханд, тэр дундаа ид хөдөлмөрийн насны залууст татварын хөнгөлөлт үзүүлэх зэргээр тэдний тоог өсгөхийг зорьж байна. Нэгэн жишээ дурдахад Бээжин хотын захиргаа өнгөрөгч онд татваргүй үйлчилгээний нийт өртөгийг сарын 3500 юаниас 5000 юань болгон нэмэгдүүлсний дотор сургалтын зардал, эрүүл мэндийн үйлчилгээний хөлс, орон байрны барьцааны хөнгөлөлт зэрэг багтжээ.
2. Тэдний дундаж орлого хэд вэ?
Албан судалгаагаар Хятадын дундаж өрхүүд жилд 25 мянгаас 250 мянган юанийн орлоготой байна. Тус улсын Статистикийн үндэсний хорооноос гаргасан хамгийн сүүлийн мэдээнд онцолсноор сарын 2000-5000 юанийн орлоготой иргэдийг дундаж давхаргад албан ёсоор багтаах болжээ. Энэ нь Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын бусад гишүүн орны дундажтай харьцуулахад бага тоо бөгөөд 2015 онд хөрөнгө оруулалтын UBS пүүсийн судлаачид Хятадын дундаж давхаргад ердөө 109 сая хүн бий, дэлхийн дундаж үнэлгээгээр жилийн 50 мянгаас 500 мянган ам.долларын орлоготой айл өрхийг л “Өсөж яваа” дунд давхаргад тооцдог хэмээн үзсэн байдаг. Харин Хятадын албаныхны тооцоогоор сард дээрхтэй дөхөж очих буюу дунджаар 10 мянган юанийн орлоготой хүн чинээлэг давхаргад тооцогдох аж. Энэ нь улс улсын онцлогтой холбоотой. Жишээ нь АНУ-д үндэсний дундаж орлогын гуравны хоёртой тэнцэх орлоготой хүнийг, харин Өмнөд Солонгост 50-150 хувьтай нь тэнцэх орлоготой хүнийг дундаж давхаргад багтаадаг байна. “Pew” судалгааны байгууллагын тооцоогоор АНУ-ын дундаж давхаргын “дундаж” иргэн жилд 26 мянгаас 78 мянган ам.долларын хооронд хэлбэлзэх орлоготой байдаг бол гурван гишүүнтэй дундаж гэр бүлийн жилийн орлого 45 мянгаас 135 мянган ам.долларын хооронд байдаг байна. Харин Өмнөд Солонгост дөрвөн гишүүнтэй дундаж давхаргын гэр бүл 2017 оны судалгаагаар сарын 4000 ам.долларын орлоготой байжээ.
3. Тэд хэр хурдан өсөж байна вэ?
Хятадын томоохон хот суурингийн оршин суугчид 1980 онд хүн амын ердөө 19 хувийг эзэлж байсан бол 2017 онд 58 хувь хүртлээ өссөнөөс үзэхэд тус улсын дундаж давхаргынхан хэчнээн хурдаар өнөр олуулаа болсон нь харагдана. 2000 онд Хятадын хүн амын дөрөвхөн хувийг олон талаар боломжийн амьдралтай дундаж давхаргынхан эзэлж байсан бол 2018 оны байдлаар энэ тоо 30 хувь хол давжээ. “McKinsey & Company” судалгааны байгууллагын тооцоогоор Хятадын хот суурин газрын оршин суугчдын 76 хувь нь 2022 он гэхэд дундаж давхаргынхны бүслүүрт багтах төлөвтэй байна. Тэдний өрхийн жилийн дундаж орлого 9-34 мянган ам.долларын хооронд хэлбэлзэнэ гэж дээрх компани тооцоолжээ.
4. Тэд мөнгөө юунд зарцуулдаг вэ?
Боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, ахмадын асаргаа сувилал, орон байрны төлбөр Хятадын дундаж давхаргынхны зардлын жагсаалтыг тэргүүлж байна. Хятадын хотожсон иргэд, цагаан захтан, хувийн бизнес эрхлэгчдийн хөрөнгө мөнгө улсын эдийн засаг хөгжихтэй хамт арвижсан ч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ч мөн дагаж өсчээ. Тиймээс хятад залуусын олонх нь эцэг эхээрээ туслуулж, дэмжүүлсэн хэвээр байна. Ганц дунд давхаргынхан гэлтгүй хятад иргэд бараг нийтээрээ нэг л зүйлийг бусдаас дээгүүрт тавьдаг нь боловсрол. Дундаж давхаргынхан дотроо орлого сайтай залуу гэр бүлүүд ч үр хүүхдийнхээ эрдэм боловсролд мөнгө хуримтуулах нь их бөгөөд оршин сууж буй бүс нутгаасаа хамаарч нэмэлт сургалт, дугуйлан зэрэгт нь мөнгө зарцуулахдаа өр зээл тавих тохиолдол ч байна. Энэ нь хятад хүмүүс сайн боловсролыг нийгэмд байр сууриа олж авах, эдийн засгийн хувьд нэг шат илүү алхахад гол гишгүүр гэж үздэгтэй холбоотой. Иймээс ч эцэг эхчүүд үр хүүхдээ сайн сурахыг шаардаж, жил бүр 10 сая гаруй оюутан нэр хүндтэй 150-аад их дээд сургуулийн аль нэгэнд нь элсэх гэж өрсөлдсөөр байна. Хятадын иргэний бүртгэлийн уламжлалт тогтолцоо мөн шинэ үеийн дундаж давхаргынхны мөнгийг “үрдэг”. Хэдэн үеэрээ хөдөө буйдад аж төрсөн гэр бүлийнхээ гишүүд, ялангуяа ахмад настнуудаа өргөж тэтгэхэд хотын залуус орлогынхоо багагүй хувийг зарцуулсаар байна.
5. Тэд улс орноо улам хүчирхэг болгох уу?
Хөгжингүй болон хурдтай хөгжиж буй бусад орны дундаж давхаргынхантай харьцуулахад Хятадын “Дундаж дээд давхаргын”-хны орлого хэдий бага ч дэлхийн хамгийн их хүн амтай улсад жилийн 100-500 мянган юань буюу 75 мянга хүртэлх ам.долларын орлоготой, дунджаар гурван гишүүнтэй 140 сая өрх байна гэдэг улс орны төдийгүй бүс нутаг, дэлхий дахины эдийн засагт хангалттай сайн үзүүлэлт юм. Ажиглагчдын онцолдогоор чухам тэдний ард буй өнөөдрийн их хотын амьжиргаа доогуур иргэд маргаашийн дундаж давхаргынхны эгнээг улам бүр тэлэх нь гарцаагүй. Тэрбум гаруй хүнтэй улсад энэ нь маргаангүй, зайлбаргүй ирэх өсөлт бөгөөд зах зээлийн нарийн шинжээчдийн тооцоогоор Хятадын залуу хэрэглэгчдийн хөрөнгө мөнгөө зарцуулах хурд, давтамж нь сүүлийн хоёр жилд түрүү жилүүдийнхээс бараг 10 хувиар өсөөд байна. Зөвхөн жижиглэн худалдааны зах зээл гэхэд энэ жил Хятадад 7.5 хувиар өсөж, 5.64 их наяд ам.долларт хүрэх төлөвтэй байгаа аж. Ингэснээр тус улс жижиглэн худалдааны салбарт дэлхийн хамгийн том эдийн засагтай орон болох юм. Хятадын нэмүү өртөг шингэсэн худалдаа, аж үйлдвэрлэл, техник технологи, үйлчилгээний салбарууд бүгд жилээс жилд хурдтай өсөж байгаагаас харахад ч дундаж давхаргынхны цоо шинэ “арми” айсуй байгаа нь нэгэнт баттай болжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100