CCTV.com Монгол > Нийтлэл > Нийтлэл

Савхны тухай сонирхолтой баримтууд

03-20-2019 10:25

 Зөв хооллох, хоолыг таашааж хүртэх гэдэг дорнын ард түмнийн хувьд хамгийн чухал ухагдахууны нэг, уламжлал, дэг бүхий ертөнц билээ. Хоол зоогоо ямар ширээн дээр тавих, хэрхэн таваглах, юугаар идэх ч чухал. Хэдэн мянганы турш хэрэглэж ирсэн савх бол  зүгээр л хоол идэхэд зориулсан  хоёр саваа төдий бус, хийц, бэлгэдэл, хэрэглээний хувьд  өөрийн гэсэн утгыг илэрхийлэх эдлэл билээ.
Музейн үзмэр
Савхыг төмөр, мод, яс гээд олон төрлийн материалаар хийдэг байсан ч гулгахгүй, хөнгөнийг нь бодож хулснаас зорж хийсээр ирсэн нь хамгийн амар, хэрэглэхэд хялбараараа алдаршжээ. Манай эриний өмнөх XVII–XI зуунд буюу Шан гүрний үед зааны ясан савхаар хаад, хатад зоогоо савхаддаг байсан нь хамгийн үнэтэй, дээд зэрэглэлийнхэд тооцогддог байв. Баруун Жоу улсын үед хүрэл савх, хожим Тан улсад мөнгө савх  үнэтэй цэнэтэйд орох болов. Дэлхийд цор ганц гэгдэж буй савхны музейн эзэн, өдгөө 86 настай Лань Сян ярьж буйгаар, хулс мод, яс, хаш чулуу, хуванцар, металл гэсэн таван төрлийн эдээр савхыг хийдэг аж. Соёлын хувьсгалын он жилүүдэд (1966–1976 он) эртний түүхт, үнэтэй, чамин савх, эд  хэрэгслийг олноор сүйтгэжээ. Тэр үеэс Лань Сян орон даяар явж, дээр үеэс хэрэглэж ирсэн, өвөрмөц хийц, түүхтэй савхнуудыг цуглуулан 2000 орчим үзмэртэйгээр музейгээ нээсэн байна. Үзмэрүүдийнх нь 600 орчим нь Тан (618–907 он), Сүн (960–1279 он), Юань (1271–1368 он), Мин (1368–1644 он)  болон Чин (1644–1912 он) гүрний үед хамаарах эдлэлүүд аж. 1988 онд Шанхай дахь гэрээ музей болгон тохижуулж, үзмэрүүдээ олонд толилуулсан тэрбээр савхны хийц, загвар, үүх түүхийг өгүүлсэн ном бичиж хэвлүүлсэн нэгэн.
Урлагийн бүтээл
Савх зөвхөн хоол идэхэд зориулсан хэрэгсэл бус, урлагийн бүтээл. Эртний хаад, хатдын хэрэглэдэг байсан савхан дээр зураг зурж, сийлбэр хийдэг байжээ. Домог, түүх, баатрууд, хаадын байгуулсан гавьяаг дүрслэн үзүүлсэн сэдэвт зургийг тусгайлан урладаг зураач, сийлбэрчид ч байж. Уран чамин сийлбэр, зураг бүхий савхыг гэр бүл болж буй хосууд, эрд гарч  буй охиддоо бэлэглэдэг заншилтай бөгөөд ерөөлийн үг, цаашдынх нь амьдралыг бэлгэдсэн утгатай зургаар бэлгээ “чимэглэдэг” байжээ. Хятад хэлэнд савхыг “куайзы” гэж нэрлэх бөгөөд дээрээ хулс мод, доороо хурдан гэсэн утгыг илэрхийлэх зурлаганаас бүтэх “куай” гэсэн ханз, хүү гэсэн утгыг илэрхийлэх “зы” ханзуудаар тэмдэглэдэг нь залуу хосыг үр хүүхэдтэй, өнөр өтгөн айл болохыг ерөөн бэлгэдсэн учиртай. Мөн хуримын бэлгэнд зориулсан савхан дээр голдуу луу, аз жаргал авчрагч галт шувуу дүрсэлсэн байдаг.
Өнөө цагт ч бэлэг дурсгалын зориулалттай, гоёмсог савхнуудыг өргөнөөр худалдаалдаг агаад хийц, материалаасаа шалтгаалан үнэ нь өөр өөр. Хос мөнгөн савх дунджаар 300 орчим юанийн үнэтэй бол хаш чулуу, зааны ясаар хийсэн, эсвэл гар хийцийн, зураг, сийлбэртэй модон савхнууд 700-1500 юань ч хүрнэ. Шинэ цагийн хятад баячуудын дунд савхны арвин цуглуулгатай хүмүүс цөөнгүй, нэр алдартай хүмүүсийн эдэлж байсан савхыг дуудлага худалдаагаар үнэ цохиж авах тохиолдол ч бий. Зөвхөн цуглуулгын зориулалтаар, зэс, мөнгө, алтаар цохиж, үнэт чулуу шигтгэн, уран зураг, алдартай шүлгийн мөр, эшлэл сийлсэн савхыг хүндтэй хүндээ бэлэглэхээр захиалгаар хийлгэнэ.
Эрт урьдын цагт...
Азийн ард түмэн, тэр дундаа хятадууд яг хэзээнээс савх хэрэглэж эхэлсэн нь тодорхойгүй. Домогт өгүүлснээр, манай эриний өмнө XXIII—XXII зуунд амьдарч асан Юй хааны үед хоёр мөчрөөр махаа хавчин тогоо руу үйснээс савх анх үүссэн гэлцдэг. Түүхчдийн таамаглаж буйгаар, азиуд буцалж байгаа шөлнөөс мөчир, модоор махаа хавчин гаргадаг байсан нь савхны анхны хувилбар байсан  гэх. Одоогоор хамгийн эртний гэгдэж буй зэс савхыг манай эриний өмнөх V зууны үеийн Зүүн Жөү гүрэнд хэрэглэж байжээ. Түүхийн сурвалж бичгүүдэд савхыг өнөөгийн хятад хэлэнд нэршсэнээр “куайзы” биш, туслах гэсэн утгатай “жү” гэсэн ханзаар тэмдэглэж ирсэн аж.
Сонирхолтой нь, савхыг эрт үед Хятадын сурвалжит хүмүүс, өндөр дээд албан тушаалтнууд л хэрэглэдэг байсан бөгөөд 700–800-аад оноос харц ард  хоолоо савхдаж идэх “эрхтэй” болсон бөгөөд XI зуунд Япон, Солонгос, Вьетнамд түгсэн байна.
“Хуучраагүй” савх
XVII зуунд Европын аялагч, шашны номлогчид Ази, тэр дундаа Хятадад  ирсний дараа хутга, сэрээ, халбага зэрэг хоолны хэрэгслүүдтэй “танилцсан”. Орчин цагт тэнгэр багаднасан өндөр барилга хаа сайгүй сүндэрлэсэн, дэлхийн бусад орны хүмүүстэй адилхан гар утас, машин техник хэрэглэж буй  ч хятадууд савхаа сэрээ, хутгаар сольсонгүй. Нийтийн хоолны ямар ч газар хулс, төмөр, хуванцар савхыг л хэрэглэнэ.
Жяньси мужийн Наньчан хот дахь “Nanchang Sanyou Industrial” нэртэй савхны үйлдвэр сар бүр 50 чингэлэг савх зах зээлд нийлүүлдэг. Тэд таван жилийн настай нэг “идэр”  хулсаар тав, зургаан мянган хос савх хийдэг бөгөөд Япон, АНУ, Европын зах зээлд гаргана. Жирийн хулсан савх Хятадын дэлгүүрүүдэд 1–2 юанийн үнэтэй. Түүнээс гадна нэг удаа хэрэглэх зориулалт бүхий хямд, модон савхыг жилдээ  45 тэрбум хосыг үйлдвэрлэдэг гэсэн тоо бий. Энэ хэрэгцээг хангахын тулд хоногт  40.5 га талбайн модыг огтолж байна гэсэн байгаль орчныг хамгаалагчид шүүмжилдэг. Гэвч олон төрлийн хоол, зуушийг ширээн дээр өрөөд  хамтдаа идэхэд гол учир нь оршдог хятад хоолны соёлд савх хамгийн тохиромжтой учир энэ хэрэглээ буурах магадлал бага. Хятад хүүхэд 3–4 наснаасаа савх барьж сурдаг, эцэг эх нь гарт  таарсан, богино савхыг анхлан хэрэглүүлдэг бөгөөд ахмад настнуудаа эдэлж хэрэглэж байсан савхтай нь хамт оршуулдаг заншил бий.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100