CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Олон улсад хүч түрж буй хятад хэлний давалгаа

03-20-2019 10:40

Хятад хэл сонирхон сурагчдын тоо дэлхийн хэмжээнд жилээс жилд өсөх болжээ. Энэ нь Хятад орны олон улсын тавцан дахь нэр хүнд өсөж буйтай холбоотойн дээр Хятад болон бусад улс хоорондын эдийн засаг, соёлын хамтын ажиллагаа өргөжин тэлж байгаа нь ч үүнд нөлөөлж байна.
Хятад хэлний давалгаа хүрсэн хамгийн сүүлийн жишээгээр Арабын Нэгдсэн Эмирт улсыг онцолж болох юм. Тус улс саяхнаас төрийн өмчит бага, дунд 200 гаруй сургуульдаа хятад хэлний хичээлтэй болж, хятад хэлний багш нарыг өндөр цалинтай ажлын байраар хангах болжээ. Арабын Нэгдсэн Эмиратын Боловсролын яамнаас мэдээлснээр тус улсад ажиллах хятад хэлний багш нар Күнзийн хүрээлэнтэй хамтрах бөгөөд сард дунджаар 4500 ам.долларын цалин хөлс авах аж.
Энэ сарын эхээр ОХУ-д мөн хятад хэлийг коллежийн элсэлтийн шалгалтын хөтөлбөрт багтаасан байна. Ингэснээр хятад хэл англи, герман, франц, испанийн дараа заавал сонговол зохих тавь дахь гадаад хэл болж байгаа тухай тус улсын Боловсрол, шинжлэх ухааны яамны орлогч сайд Сергей Кравцов тэмдэглэжээ.
Хятад хэлтэй боловсон хүчнийг илүүд үзэх хандлага Европын холбооны гишүүн орнуудад ч ажиглагдах болсон байна. Испанид гэхэд л 40 мянга гаруй хүн хятад хэл үзэж байгаа гэсэн судалгаа бий бол зөвхөн өнгөрсөн онд тэдний 8000 орчим нь хятад хэлний түвшин тогтоох шалгалт өгсөн нь Европын холбоонд нэгд орсон үзүүлэлт болжээ. АНУ-д мөн хятад хэл суралцагчдын тоо өссөнөөр уг хэл тус улс дахь хамгийн олон суралцагчтай долоо дахь гадаад хэл болон хэдэн байр урагшлаад байгаа аж.
Хятад хэлний давалгаа хамгийн ихээр хүч түрж буй бүс нутаг бол Африк тив юм. Дэлхийн хэмжээнд хятад хэл, соёл судлалын 500 гаруй төв үйл ажиллагаа явуулж байгаагийн 50 гаруй нь Африкийн орнуудад үйл ажиллагаа явуулж байна. Хамгийн сүүлийн мэдээгээр Уганда, Намиб, Ботсвана зэрэг улс хятад хэлийг ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын хөтөлбөрт багтаан, хятад хэлээрх телевизийн сувгуудыг албан ёсоор нэвтрүүлж эхэлжээ.  

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100