CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Хятад хүүхдүүд нойргүйдэж байна

03-18-2019 16:25

 Хятад хүүхдүүдийн 60 гаруй хувь нь хангалттай нойр авч чадахгүй байгааг тус улсын Нойр судлалын нийгэмлэгээс мэдээллээ. Тус байгууллагын судалгаанд дурдсанаар 6-17 настай хятад хүүхдүүдийн 63 хувь нь хоногт найман цаг, 13-17 настай хүүхдүүдийн 81 хувь нь долоохон цаг унтдаг байна. Судалгаанд эх газрын Хятадаас гадна Хонконг, Макао, Тайваньд амьдардаг 6-17 насны 70 мянга гаруй хүүхэд хамрагджээ.
 Хүүхдүүд насандаа тохирсон нойроо авч чадахгүй байгаад гэрийн даалгавар их өгдөг сургалтын хөтөлбөр, цахилгаан хэрэгсэл, ухаалаг гар утасны хэрэглээ хамгийн их нөлөөлж байгаа аж. Мөн дуу чимээ, гэрлийн бохирдол ч “хувь нэмэр”-ээ оруулж байна. Судалгаанд оролцсон хүүхдүүдийн 8.4 хувь нь үдшийн 23.00 цагаас хойш ч гэрийн даалгавраа хийдэг гэж хариулжээ. Хятадын Нойр судлалын нийгэмлэгийн орлогч даргын хэлснээр ийм үзэгдэл сүүлийн 10-аад жилд дэлхийн өнцөг булан бүрт ажиглагдах болсон ч Зүүн Азид, тэр дундаа Хятадад энэ байдал жилээс жилд дордож байгаа аж. Судлаачид үүнийг өөрчлөхийн тулд төр засгаас арга хэмжээ авах хэрэгтэйг онцлоод өглөөний хичээлийн цагийг дор хаяж хагас цагаар хойшлуулахыг зөвлөжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100