CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Шекспирийн төрсөн хотод Цээнийн асар сүндэрлэнэ

03-13-2019 14:04

 Мин гүрний  (1368-1644) үед амьдарч байсан Хятадын жүжгийн нэрт зохиолч Тан Шянзугийн (1550-1616) “Цээнийн цэцгийн сэхээвч” хэмээх алдарт жүжиг бий. Уг жүжигт гардаг цээнийн асрыг зохиолчийн үед хэвлэгдсэн судар номд дурдагдаж, дүрслэгдсэнээр нь шинээр бүтээж Уильям Шекспирийн төрсөн хот Английн Стрэтфорд хотод сүндэрлүүлэхээр болжээ. 400 жилийн тэртээ бие биеэсээ бараг 4000 бээрийн алсад нэгэн цаг үед бүтээж туурвиж асан Шекспир, Тан Шянзу нарын уран бүтээл, дурсгалыг хүндэтгэх хэд хэдэн үйл ажиллагаа энэ жил болж байгаагийн нэг нь энэ аж. Энэхүү соёлын солилцооны үеэр Тан Шянзугийн төрсөн нутаг Жянсү мужийн Фүжоу хотод мөн Шекспирийн төрсөн байшингийн хуулбар загвар баригдах юм байна.
10 метр өргөн, зургаан метр өндөр цээнийн асрын хуулбар ирэх дөрөвдүгээр сард буюу Шекспирийн мэндэлсний 445 жилийн ойн хүндэтгэлийн ёслолын үеэр нээлтээ хийх аж. Чулуун суурь, модон биетэй их асрыг Хятадад угсарч, ирэх сарын эхээр Британи руу илгээх гэнэ.
Тан Шянзугийн төрсөн хот Фүжоу хотын соёл урлаг хариуцсан албаныхан хотын дотор Гурван мэргэдийн суурин хэмээх соёлын хотхон байгуулахыг зорьж байна. Энэ нь Тан Шянзу, Шекспир болон Испанийн зохиолч Мигель де Сервантес нарын нэгэн үед бичиж туурвиж байсан, бүгд нэгэн онд буюу 1616 онд таалал төгссөн бичгийн их мэргэдийн дурсгалыг хүндэтгэсэн цогцолбор, хотхон байх аж.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100