CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

“Эмэгтэйчүүдийг эрчүүдээс дутуу гэж хэн хэлсэн юм”

03-08-2019 13:53

Өнөөдөр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Энэ өдрийг тохиолдуулан “Шиньхуа” агентлагийн онцолсон нэгэн эмэгтэйн тухай нийтлэлийг хүргэж байна. Үүнээс өмнө нэг нэр томьёог тайлбарлая. Хятадад онлайн худалдаа өргөн хөгжсөн учраас интернэтээр захиалсан барааг хүргэх, мөн бусад илгээмжийн үйлчилгээг шуудангийн газар бус ихэнхдээ өөр энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг компаниуд хүргэдэг. Энэ байгууллагыг хятадууд ерөнхийд нь “Куайди” хэмээн нэрлэдэг бөгөөд үүнийг монгол хэлэнд буухиа шуудан хэмээн буулгалаа.
“Цайняо Гуогуо” буухиа шуудангийн компанийн илгээмж хүргэгч нар өндөр ачаалалтай үед өдөрт 100 гаруй илгээмж хүргэдэг. Харин нийтлэлийн маань “баатар” буухиа шууданч Гао Жиний нэг өдөрт хүргэдэг илгээмжийн тоо мөр зэрэгцэн ажилладаг олонх эрчүүдийнхээс илүү байдаг аж. Түүнийг “Маш хянуур, чин сэтгэлээсээ үйлчилдэг” хэмээн олон нийт ам дамжин магтацгаадаг байна.
20 гаруйхан настай Гао Жин өмнө нь төрсөн нутаг Шаньдундаа худалдагч, гоо сайхны бүтээгдэхүүний борлуулагч хийдэг байсан бол нөхөр Лю Бинжүнь  нь Бээжинд буухиа шууданч хийдэг байжээ. Иймээс тэрбээр өнгөрсөн жилийн зургадугаар сард Бээжинд ирж, тэр даруй нөхөртэйгээ хамт ажиллах болсон байна. Тэрбээр хотхоны оршин суугчид болон компанийн ажилтнуудын илгээмжийг хүргэх үйлчилгээг хариуцдаг. Хамгийн гол ажил нь утсан дээр илгээмж илгээсэн мэдээлэл ирсэнээс хойш хоёр цагийн дотор үйлчлүүлэгчийн гарт хүргэж өгөх явдал юм.
Түүний бодлоор эмэгтэйчүүд эрчүүдээс илүү харилцаа сайтай, тэвчээртэй, нямбай, найрсаг үйлчилдэг гэнэ. Тиймээс ч зөвхөн түүгээр л илгээмжээ явуулах гэсэн хүний тоо олон болжээ. Тэрбээр “Би өмнө нь сард 4-5 мянган юанийн орлого олдог байсан бол одоо 10 мянган юанийн орлоготой болсон. Эмэгтэйчүүдийг эрчүүдээс дутуу гэж хэн хэлсэн юм” хэмээн ярьжээ.
Залуу хос өнгөрсөн жил машин худалдаж авсан аж. Харин энэ жил сайн ажиллаж, мөнгөө цуглуулаад, оны эцсээр Шаньдундаа байр авахаар төлөвлөжээ.  

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100