CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Жуулчид ухаалаг технологийг сонгож байна

03-07-2019 15:00

 БНХАУ-ын Шанхай хотын аяллын компаниуд жуулчдыг автобусаар аялуулахдаа царай  таних технологийг ашиглаж эхэлжээ. “Чайна Дэйли” сонины цахим хуудсанд мэдээлснээр, “Байду тархи” нэртэй систем бүхий, хоёр давхар автобусаар хот дотор аялал зохион байгуулж эхэлсэн нь энэ. Гар утсаар аяллын тийз худалдан авахдаа хэрэглэгчид нүүрнийхээ зургийг авч уг системд таниулах бөгөөд аяллын турш автобусандаа суух, зууш, цэвэр ус авах бүртээ биеийн байцаалтаа үзүүлэх шаардлагагүй болжээ.
Үүний зэрэгцээ олон хэлний ярианы орчуулгын төхөөрөмжүүд БНХАУ-д аялж буй гаднын жуулчдын сонирхлыг ихэд татаж байна. “Халаасны орчуулагч” гэгддэг ийм төхөөрөмжүүд, тухайлбал “JoneR Pro” брэндийн бүтээгдэхүүн хамгийн их борлуулалттай байдаг ажээ. Дунджаар 3000 орчим юань буюу 443 ам.долларын үнэтэй “халаасны орчуулагч”-ийг Циньхуа их сургуулийн мэргэжилтнүүд технологийн компанитай хамтран гаргасан бөгөөд 53 хэлээр шууд  орчуулга хийх чадалтай.
Аялал жуулчлалын салбарт хүч түрэн орж ирж буй бас нэг үйлчилгээ нь автомат хөтөч-төхөөрөмж юм. Гар утасны хэмжээтэй, дэлхийн 50 орны 1200 орчим аяллын чиглэл, түүхэн дурсгалт газрын мэдээллийг олон хэлээр авах боломжтой, БНХАУ-ын тээврийн хэрэгсэл, зочид буудлуудын талаарх мэдээлэл, зөвлөмжүүдийг багтаасан аудио төхөөрөмж ч мөн эрэлттэй байна.
БНХАУ-ын Нийслэлийн бизнес, эдийн засгийн их сургуулийн дэргэдэх “Tourism Internet Plus” хүрээлэнгийн тэргүүн Ли Юньпэнийн өгүүлж буйгаар, өндөр технологийн салбарын ололт, бүтээлүүдийг аялал жуулчлалын бизнестэй холбох, энэ салбарыг “ухаалагжуулах” хандлага ойрын жилүүдэд эрчимтэй хөгжих төлөвтэй байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100