CCTV.com Монгол > Нийтлэл > Нийтлэл

Хятадын шинжлэх ухааны оны онцлох 10 ололт

03-06-2019 09:44

 Хятадын Шинжлэх ухаан, технологийн яам өнгөрсөн 2018 оны шинжлэх ухааны салбар дахь онцгой 10 ололт, нээлтийг хэд хоногийн өмнө зарлажээ. Жагсаалтыг Хятадын Шинжлэх ухаан, технологийн академи, Үндэсний байгалийн шинжлэх ухааны сан, Шинжлэх ухааны төв академи, Суурь шинжлэх ухааны академи зэрэг байгууллагуудаас явуулсан болон санал болгосон нийт 353 эрдэм шинжилгээний ажил, судалгааны дүн мэдээнүүдээс шалгаруулан гаргасан байна.
1. Макак сармагчинг хувилав
Хятадын эрдэмтэд нэрт Долли хонийг гаргаж авсан аргаар буюу соматик аргаар макак сармагчинг хувилсан нь дээд оюунт амьтан гэгддэг бич, сармагчны төрлийн амьтныг хувилах аргаар төрүүлсэн дэлхийн анхны тохиолдол боллоо. Шанхайн эрдэмтэн, судлаачдын амжилттай хийсэн эл туршилт хүнд тусдаг, одоогоор эдгээх аргагүй байгаа олон өвчин эмгэгийн ерөндөгийг нээн илрүүлэхэд нэн тустай гэгдэж байна.
2. Ганц хромосомт хөрөнгөцөр бүтээв
Бичил хөгц буюу хөрөнгөцрийг хиймэл аргаар бүтээсэн нь өнгөрөгч оны Хятадын төдийгүй дэлхийн шинжлэх ухааны салбарын томоохон дэвшил болжээ. Ганц хромосомт, лабораторийн хөрөнгөцөр нь байгалийн зэрлэг хөрөнгөцрөөс ялгагдах зүйлгүй, насжилт нь хүртэл яг ижил аж. Энэ нь олон хромосомт организмыг лабораторийн аргаар ганц хромосомт организм болгон хувиргасан, дэлхийн анхны амжилттай туршилт юм. Эл туршилт нь аливаа организмын генийн ээдрээт бичээсийг хялбаршуулах арга зам бийг харуулахаас гадна ирээдүйд хүн төрөлхтөн цоо шинэ төрөл зүйлийн амьтан, ургамал гаргаж авах боломж нэмэгдсэнийг баталж буй аж.
3. Сэтгэл гутралыг эмчлэх шинэ бодис нээлээ
Шинжлэх ухаан, танин мэдэхүйн “Nature” сэтгүүлийн өнгөрөгч оны нэгэн дугаарт өвчин намдаагч эм тарианд агуулагддаг кетамин хэмээх бодис хүнийг сэтгэл гутралд хүргэдэг мэдрэлийн эсийн идэвхжилийг бууруулдаг болохыг тайлбарласан байв. Энэ нь хятад эрдэмтдийн судалгааны дүн мэдээ бөгөөд энэхүү нээлт дэлхийн хэмжээнд буй сэтгэл гутралтай 300 сая гаруй хүнийг эмчлэхэд тус дөхөм болно хэмээн мэргэжилтнүүд найдаж байна. 
4. Хорт хавдрыг эмчлэх ДНХ-ийн нано робот
Алсын зайн удирдлагат анхны мэс заслыг гахайн дээр амжилттай хийсэн Хятадын эрдэмтэд өнгөрсөн хавар ДНХ-ийн түвшинд эмчилгээ, мэс засал хийх нано робот бүтээснээ танилцуулжээ. Уг робот хорт хавдрын голомт руу “халдаж”, хавдрын эсийн бүтцийг дотроос нь өөрчлөх аж. Энэхүү бичил роботыг хулгана, гахайн дээр туршихад амжилттай, нааштай үр дүн гарсан байна.
5. Татах хүчний хэт нарийвчлалыг тооцоолов
Байгалийн суурь өгөгдлийн нэг дэлхийн татах хүчийг анх удаа хэт нарийвчлалтайгаар тооцоолон гаргасан нь хятад эрдэмтдийн олон жилийн судалгаа, туршилтын үр дүн байлаа. Туршилтыг хурдасгуур болон савлуур ашиглах гэсэн хоёр аргыг хослуулан амжилттай явуулжээ.
6. Хар материйн эрэлд
Хятадын Хар матери, эгэл хэсэг илрүүлэгч төхөөрөмж 2017 эцсээр үл мэдэгдэх нэгэн нууцлаг дохио хүлээн авсан нь өндөр энергийн сансрын туяа байсныг судлаачид тогтоосон. Үүнийг хар материйн нууцыг илрүүлэхэд алхам ойртсон явдал хэмээн үзсэн мэргэжилтнүүд мөнхүү долгионы электрон болон позитроныг нэгжихэд ойролцоогоор таван ТеВ буюу тера электрон вольт байсан нь сансрын туяа, хар материтай холбогдох сансарт хийгдсэн хамгийн анхны, хамгийн нарийвчилсан судалгаа, туршилт болжээ.
7. Усны бүрхүүлийг судалсан нь
Хятадад бүтээгдсэн атомын нарийвчлалтай микроскопыг ашиглан олон улсын эрдэмтэд байгаль дахь гидро ионы атомын бүтцийг судалсан нь мөн л энэ төрлийн анхны нарийвчилсан судалгаа болжээ. Усны эрдэсжилт, түүний атомын бүтцийн талаар эрдэмтэд анх 100 гаруй жилийн өмнө ярьж, бичиж байсан ч технологийн чадамжаас шалтгаалан өдийг хүртэл нарийн судалгаа хийх боломжгүй байсан аж. Эрдэмтэд дээрх судалгааны дүнд нэг натрийн ионыг ердийн гидро ионоос 10-100 дахин хурдасгахад усны гурван молекул шаардлагатайг тогтоосон байна. Энэ нь ион зайг хөгжүүлэх, цаашлаад далай тэнгисийн усыг давсгүйжүүлэх станц байгуулахад тус дөхөм болох нээлт аж.
8. Супер зураглалын технологийг хөгжүүлэв
Хятад, Америкийн эрдэмтдийн хамтарсан баг өндөр хурдны, урт удаан хугацаанд хадгалагдах, дээд зэргийн нарийвчлалтай дүрсжүүлэх технологи хөгжүүлснээ өнгөрсөн зун зарлажээ. Энэ нь эсийн органелл буюу задлагч эд хоорондын харилцан хамаарлын зургийг хүртэл авах өндөр хүчин чадалтай технологи аж.
9. Ургамлын тэнцвэртэй өсөлтийг дэмжинэ
Хятад судлаачид тариа буудайг багахан бордоо ашиглан үлэмж хэмжээгээр тариалж болох шинэ арга боловсруулснаа GRF4 хэмээн нэрийджээ. Энэхүү аргачлал нь өдгөө өргөн хэрэглэгдэж буй DELLA гэх ургамлын уургийг дэмжсэн аргачлалаас ялгаатай нь ургамлын өсөлт болон азотын шингэцийг давхар хянадаг байна. Уг аргачлал нь дэлхийн хүнсний аюулгүй байдлыг сайжруулахад тустай аж.
10. Их нүүдлийн хамгийн эртний ул мөр
Археологичид өнгөрөгч онд Хятадын умард нутгаас Плеистоцений түрүү галавын үед хамаарах хэд хэдэн чулуун зэвсэг олсны хамгийн эртнийх нь 2.12 сая жилийн настай байжээ. Энэ нь Гүржийн нутгаас өмнө нь олдсон, мөн үед хамаарах хамгийн эртний гэгдэж асан 1.85 сая жилийн настай чулуун зэвсгүүдээс бараг 270 мянган жилээр “ахмад” юм байна. Уг нээлт хүн төрөлхтний өлгий болох Африк тивийг орхин гарсан балар эртний хүмүүсийн анхны түүхэн нүүдэл эрдэмтэн судлаачдын урьд тооцоолж байснаас ч эрт дээр үед явагдсан байх магадтайг харуулж буй аж.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100