CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Сансарт цахилгаан станц байгуулах боломжийг судалж байна

02-27-2019 16:51

Хятадын эрдэмтэд сансрын уудамд нарны цахилгаан станц байгуулах боломжийг судалж буй тухай тус улсын Чунчины их сургуулийн судлаачид болон Шаньси муж дахь Хятадын Сансрын технологийн академийн салбар судалгааны төвийн мэргэжилтнүүд мэдээлжээ. Сансарт нарны цахилгаан станц байгуулах нь эрчим хүчний бохир эх үүсвэрээс болж үүдсэн дэлхийн бохирдлыг бууруулах, хожим гарч болзошгүй эрчим хүчний хомсдолоос сэргийлэх зорилготой аж. Хятадын баруун өмнөдийн Шинэ нээлт, судалгааны хүрээлэнгийн Чунчин дахь салбарын тэргүүн Шиэ Гэньшиний хэлснээр судлаачид хотын Бишань дүүрэгт хэдийн туршилтын бүс байгуулж, сансарт ажиллах цахилгаан станцын загвар зургийг боловсруулж эхэлжээ. Туршилтын бүс нь нийт 13.3 га талбайтай бөгөөд одоогоор уг бүсэд сансрын долгион дамжуулалт, дэлхий дээрх амьд организмд үзүүлэх бичил долгионы нөлөө зэргийг голчлон судалж байгаа аж. Энэхүү судалгааг Бишань дүүргийн орон нутгийн захиргаа 100 сая юаниар санхүүжүүлжээ.
Хоёр жилийн дараа гэхэд дээрх туршилтын бүсэд нарны эрчим хүч хураагуур бүхий сансрын бөмбөлөг хөөргөх бичил бааз байгуулна хэмээн мэргэжилтнүүд мөн тэмдэглэсэн байна. Бөмбөлөг хөөргөх, 4-6 бөмбөлгийг сансрын уудамд холбон нэгэн том “юүлүүр” үүсгэх туршилт амжилттай болбол сансар дахь Хятадын нарны эрчим хүчний анхны станц 2040 он гэхэд дэлхийн тойрог замд ажиллаж эхэлнэ гэсэн тооцоо гарчээ. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100