CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

70 настай уулчинд Лаурисын шагнал гардууллаа

02-21-2019 13:24

Спортын салбарт түүхэн амжилт гаргасан тамирчид, багт олгодог “Laureus World Sports” шагналын “онцгой түүх” төрөлд энэ жил 70 нас хүрч буй, хиймэл хөлтэй уулчин Ся Боюг шалгаруулсныг  Хятадын “Өдрийн сонин” мэдээллээ.
Олон улсын спорт сонирхогчид, мэргэжлийн сэтгүүлч, тайлбарлагчдын санал асуулгаар энэ төрөлд ялсан тэрбээр 2018 оны тавдугаар сарын 14-нд Балбын талаас Эверестийн оргилд авирч гарсан юм. 1949 онд төрсөн, өмнө нь Хөхнуур мужийн хөлбөмбөгийн багийн гишүүн байсан тэрбээр анх 1974 онд Эверестэд авирах Хятадын багийн гишүүнээр элсэж байсан бөгөөд тэр үед хөлөө хөлдөөсний улмаас тайруулжээ. Уулчид анхны аяллын үеэрээ 8600 метрийн өндөрт гарч чадсан ч цаг агаар муудаж, хүйтэрсэн бөгөөд Ся Бою хөнжлөө багийн өөр нэг гишүүнд өгсний улмаас хөлөө хөлдөөсөн гэдэг. Гэсэн ч түүнээс хойш дасгал, сургуулилалтаа үргэлжүүлж, бэлтгэлээ хийсээр байсан бөгөөд 1996 хорт хавдартай гэсэн онош сонсон, удаан хугацаанд химийн эмчилгээ хийлгэсэн ч мөрөөдлөө биелүүлэхийн төлөө зүтгэсээр иржээ. Шинэ мянган гарснаас хойш Ся Бою Эверестэд дөрвөн удаа авирсан ч тухай бүрт цаг агаар муудаж, газар хөдөлсөн  зэрэг нөхцөл байдлын улмаас оргилоос буцаж байв. Өнгөрсөн оны тавдугаар сард Ся Бою дэлхийн хамгийн өндөр оргилд гарч, ийм амжилт гаргасан хөгжлийн бэрхшээлтэй анхны уулчин болжээ.
Энэ дашрамд өгүүлэхэд, спортын нэр хүндтэй шагналуудын нэг Лаурисыг 1999 оноос хойш энэ салбарт онцгой амжилт гаргасан, түүх болон үлдсэн тамирчид, үйл явдалд олгодог. Шагналд зургаан төрлөөр нэр дэвшсэн хүмүүсийг 80 гаруй орны сэтгүүлч, спорт сонирхогч, мэргэжилтнүүдийн санал асуулгаар “шигшиж”, ялагчийг тодруулан алт, мөнгөн цомыг гардуулдаг юм.  

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100