CCTV.com Монгол > Нийтлэл > Нийтлэл

Унадаг дугуй түрээсийн бизнес уналтад орсон уу?

02-18-2019 16:37


 Олон хэрэглэгчтэй, томд тооцогдох,  худалдан авах чадвар нь жилээс жилд нэмэгдсээр буй  зах зээлийн хувьд Хятадад асар олон бизнес санаа биеллээ олж, мөн цөөнгүй нь хурдацтай тэлж буй аварга “тавцангаас” арчигдаж байдаг. Сүүлийн 10 жилийн хугацаанд энэ улсад хүч түрэн орж ирж, цэцэглэн хөгжиж, хүмүүсийн амьдралын хэв маягийг өөрчлөхөд нөлөөлсөн бизнесүүдийн жагсаалтыг  дугуй түрээс, хоол хүргэлт, такси дуудлага, онлайн худалдаа зэрэг тэргүүлнэ. Одоогоос таван жилийн өмнө Бээжингийн их сургуулийн оюутан байхдаа Дай Вэй дэлхийн томоохон хотуудад хэдийнэ нэвтэрсэн дугуй түрээсийн үйлчилгээг Хятадад нутагшуулах санааг олсноор нийтийн тээвэр, хүмүүсийн хэв маягт нөлөөлж, асар их орлого олох бизнес анх эхлэлээ тавьжээ. Их сургуулийн таван оюутан унадаг дугуйн аяллыг хөгжүүлэх, чингэхдээ заавал өөрийн гэсэн дугуй худалдаж авалгүйгээр бие биенээсээ зээлэх, түрээслэх хувилбар байж болохыг олж харснаар үүнийгээ бизнес болгож чадсан аж.

Эхлэл цэг
Унадаг дугуйн замтай, хүн ам олонтой, дэд бүтцийн асуудал бусад улсыг бодвол  тодорхой хэмжээнд шийдэгдсэн Хятадад гар утасны аппликэшн бүтээж, түрээсийн дугуйнуудад GPS төхөөрөмж, тусгай код уншуулснаар нээгдэх цоож байршуулсан нь “Ofo”-гийн давуу тал болов. Хэдхэн сарын хугацаанд Бээжин, Шанхай зэрэг томоохон хотуудын гудамж тод шар өнгийн, түрээсийн дугуй унасан зорчигчоор дүүрч, энэ зах зээлд “Mobike” зэрэг шинэ өрсөлдөгч ч гарч ирлээ. Тодорхой хэмжээний барьцаа байршуулаад хэрэглэгчээр бүртгүүлсэн хүмүүс зогсоолоос QR код уншуулан дугуйгаа авч, цахимаар төлбөрөө хийнэ. Ийм энгийн, амар механизм нь давуу тал бөгөөд 2015 оны зургадугаар сар гэхэд “ofo” анх үйлчилгээгээ хэрэглэгчдэд хүргэсэн бол аравдугаар сарын сүүлч гэхэд 2000 орчим унадаг дугуйтай, 20 мянган хэрэглэгчтэй болж амжсан байв. 2016 онд бусад хотод 85 мянга гаруй дугуйтай түрээсийн паркууд ажиллаж, технологийн “Xiaomi” болон такси дуудлагын “Didi Chuxing” компаниудаас 130 сая ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт татаж чаджээ. Хятадын зах зээлд чамлалтгүй амжилт олсон “ofo” 2017 оны эхээр Сингапурт, цаашлаад АНУ-ын Сиэтл, Австралийн Сидней хотод үйлчилгээгээ хүргэж эхэллээ.

Хил “давсан” нь
Одоогоос хоёр жилийн өмнө тэд интернэт худалдааны акулуудын нэг “Алибаба” компани, “Hony Capital” болон “Citic PE” нэгдлээс 700 сая ам.долларын хөрөнгө оруулалт авч, Кембриж, Техасын их сургууль зэрэг кампусын үйл ажиллагаатай байгууллагуудтай хамтран ажиллаж, тодорхой дүүрэг, хэсгүүдэд түрээсийн дугуйгаар үйлчилж эхэлсэн билээ. Хил давж, гаднын зах зээл рүү гарсан хятад бизнесийн тоог нэмсэн “ofo” олон улсын зах зээлд хэдийнэ хөлөө олсон томоохон корпораци, компаниудын зүгээс дэмжлэг хүлээсэн нь ийн амжилт олоход нөлөөлсөн гэж бизнесийн шинжээчид үздэг. 2018 оны гуравдугаар сард “Алибаба” ахин 866 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд хоёр, гуравхан жилийн хугацаанд “ofo” нэртэй старт-ап  2.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай, дотоодын зах зээл нөлөөгөө тогтоож, хилийн дээс “алхсан” томоохон бизнес болж чадав.

Дотоод өрсөлдөөн болон бусад асуудал
Асар богино хугацаанд хэрэглэгчдийг шууруулсан энэ зах зээлд шинэ, шинэ өрсөлдөгчид гарч ирлээ. “Mobike”, “Bluegogo” , “ReddyBike”,  “Obike” зэрэг олон компаниуд шил даран орж ирж, өрсөлдөөн чангарснаар дугуйг голын ус руу шидэх, хэрэглэгчид олж чадахааргүй хол, зайдуу газар олноор нь аваачих, эвдлэх зэрэг явдал ч цөөнгүй гарах болсон билээ. Үүний зэрэгцээ байнга бус, тодорхой хугацаанд л хэрэглэх эд зүйлсийг түрээслэх бизнес модель өргөжин тэлж, гар утасны цэнэглэгч, цэнэг нөөцлөгч, сагсан бөмбөг, шүхэр түрээслэгч компаниуд гарч ирлээ.
Хямд үнэтэй, олдоц элбэг, зогсоол олонтой зэрэг давуу талтай олон түрээсийн дугуй зах зээлд нэвтэрснээр бас нэгэн асуудал тулгарсан аж. “Ofo” компани одоогийн байдлаар Хятадын 43 хотод гурван сая орчим дугуй түрээсэлж байгаа бол “Mobike” компани 33 хотод 1.7 сая дугуйг хэрэглэгчдэд хүргэж байна. Түүнээс гадна томоохон хотуудад энэхүү үйлчилгээ дэлгэрэхээс ч өмнө үйлчилж байсан дугуй түрээсийн газар цөөнгүй.
Сүүлийн 20 жилийн хугацаанд хотуудын захиргаа, төлөвлөлтийн алба автомашин болоод мотоцикль олноор ашиглахыг бодолцон зам, зогсоолуудаа төлөвлөн шийдсээр ирсэн. Нийтийн тээвэрт түрээсийн дугуйг хэдэн зуун мянгаар нь  ашиглахад  зогсоол, замын хөдөлгөөний зохицуулалт төдий л бэлэн биш байв. Хэрэглэгчид хүссэн газраа дугуйг үлдээснээр метроны буудал, төмөр замын буудал зэрэг олны хөлийн газар дугуйн “уул” бий болох нь ч олшров. Эмх замбараагүй овоолсон дугуйнууд иргэдийн замыг таглах зэрэг таагүй байдал үүсгэхийн зэрэгцээ хотын өнгө үзэмжийг гутааж эхэллээ.
Улмаар том хот, юуны түрүүнд Бээжин хотын захиргаа энэ асуудалтай тэмцэж эхэлсэн юм. Хотын төв, тэр дундаа Тянь Аньмэнийн талбай зэрэг онцгой бүсэд унадаг дугуйн зогсоол байрлуулахыг зогсоон, түрээсийн дугуйгаар зорчихыг хориглосон бүсүүдийг нэрлэлээ. Бусад хотын хувьд дугуйгаар зорчихыг зөвшөөрсөн, эсвэл хориглосон цагийн хуваарь гаргаж эхлээд байна.

Төгсгөл үү, шинэ эхлэл үү?
Хотын иргэд, удирдлагын зүгээс дургүйцэл төрүүлсэн тохиолдлууд зөвхөн Хятадад ч бус Мельбурн, Даллас, Сан-Диего хотод цөөнгүй гарсан. Зах зээлд шууран орж ирсэн дугуй түрээсийн зарим компаниуд үйл ажиллагаагаа зогсоож буйгаа хэдийнэ мэдэгдлээ. Хэрэглэгчид дугуй түрээслэхдээ анх байршуулсан барьцааг буцаан олгохыг шаардсантай холбоотой дуулиан ч гарч амжив. Түрээсийн үйлчилгээг ашиглахдаа ойролцоогоор 100 орчим юанийн барьцаа байршуулсан хэрэглэгчид дугуйн олдоц багасч, өдөр тутамдаа хэрэглэхээ больсон тулд барьцаагаа буцаах хүсэлт гаргасан ч одоогоор шийдэгдээгүй тохиолдол олон байгаа нь хүмүүсийг эгдүүцлийг төрүүлж байгаа юм.
Үүний зэрэгцээ дугуй түрээсийн компаниуд, тэр дундаа анхдагч “ofo” шинэ концепцийг сурталчилж эхэллээ. НҮБ болон олон улсын бусад байгууллагатай хамтран буурай орнуудад боловсролыг дэмжих хөтөлбөрүүдэд хандив өргөхдөө  Дай Вэй “Бид ийм зүйлсийн төлөө, сайн сайхны төлөө л энэ бизнесийг эхлүүлсэн” гэж мэдэгдсэн юм. Үүний зэрэгцээ агаарын бохирдлыг бууруулах, байгаль орчныг хамгаалахад чиглэсэн олон төсөл хэрэгжүүлэхээ тэрбээр мөн амлав. Энэ нь хямд, олон хүнийг хамарсан үйлчилгээ хүргэж, асар их ашиг олохоос мэдээж өөр концепц. Дугуй түрээсийн зах зээл төдий л ашигтай байхаа больж, олон асуудал гарч ирснээр компаниуд хаалгаа барьж эхэлсэн нь ч үүнд нөлөөлж буй. Тэгэхээр саяхан Хятадыг хэрж байсан түрээсийн дугуйн бизнес төгсөх үү, шинэ чиглэлд хөдлөх үү гэдгийг харах л үлдлээ.

Х.Одончимэг 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100