CCTV.com Монгол > Нийтлэл > Нийтлэл

Цагийн салхинд бүдгэрээгүй Цавчаал боомтын бичээс

02-15-2019 13:29

Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ
 Бээжин хотын төвөөс чанх хойт зүгийг чиглэн нийтийн тээврийн автобусны хамгийн арын суудалд цонх ширтэн сууна. Автобусны чихэнд чийртэй, бүхий л биеийг доргион байж тоормозлох чимээ хаа нэг бодол тасалдуулахаас өөр анир үгүй мэт. Зорчигчдын олонх нь нас дээр гарсан хүмүүс аж. Яг л манай настнууд цэвэр агаарт, ажин түжин амьдрахыг хүсдэг шиг тэд ч бас үүнийг эрмэлздэг биз. Замд таарах ханз үсэг, хаа нэг хятадыг санагдуулам барилга, хүмүүсийн яриаг эс тооцвол Монголын аль нэгэн сумын дэргэдүүр дайран өнгөрч буй мэт сэтгэгдэл төрүүлнэ. Энэ бол хотын төвөөс нэлээд холдсоныг илтгэж буй хэрэг. Өсөж, төрсөн Ховдын маань төвийг санагдуулам модод замын хажууд сүүтэлзэж, тоосгон хашаа жирэлзэн өнгөрөх нь юу юугүй харьчихмаар хүсэлд автуулна.
Хоёр ч автобус солин, халтуурчин жолооч нарт хулхидуулах нь холгүй юм болж байж суусан унаа маань дэлхийн долоон гайхамшгийн нэгээр нэрлэгдсэн түмэн газрын Цагаан хэрэм, Цавчаал боомт, долоон зууны тэртээ Тогоонтөмөр хааны байгуулсан хаалга, тэнд бичигдсэн дөрвөлжин бичгийн хамгийн том дурсгалыг зорин хурдална. Гэвч өдөр болгон тус замаар явдаг автобусны жолооч, зорчигчдод энэ бол нэг нь нөгөөгөөс ялгарах зүйлгүй эгэл жирийн зам. Харин надад ер бусын санагдана. Энэ л замаар Монголын цэрэг эх газрын хязгаар хярхагт хөл тавьж, түүхийн хуудсанд үлдсэн их байлдан дагуулалтыг хийж, хэдэн мянган эрэлхэг эрс энд амиа алдаж, бас энэ л замаар тэдний үр хойч эл хотыг үүрд орхин одсон ч юм билүү.
 Хятадын Төвийн үндэстний их сургуулийн оюутнууд “Би явж байна, Бээжин сууж байна” нэртэй аяллыг тус хотод суралцаж байгаа оюутан, залууст хэл, түүх, соёл, уламжлалаа сурталчлан таниулах зорилгоор зохион байгуулж буй билээ. Тус аяллын Цагаан хэрэм, Цавчаал боомтын монголчуудтай холбогдох түүхийг Төвийн үндэстний их сургуулийн докторант Н.Саруул, Цавчаал боомтын хаалга, түүн дээрх дөрвөлжин бичгийн талаар докторант М.Жавхлан нар танилцууллаа.
 Үүдээр нь орохын зуур л монгол хүмүүстэй таарав. Харин тэд бидний хэрэг зоригийг асуусангүй, хамт явсан багийнхнаасаа төөрч будилсан тул яаран одсон юм. Монголчууд маань энэхүү их түүхийн дурсгалыг зөвхөн үзмэрийн газар мэтээр тойрч харж зургаа даруулчихаад явахыг үзэхүйеэ дотор жаахан харуусал төрнө. Хэрэв Төвийн үндэстний их сургуулийн оюутнууд эл аяллыг санаачлаагүй бол бид ч мөн эл түүхийг мэдэхгүй өнгөрч мэдэх юм. 

Дэлхийн хамгийн урт байгууламж
МЭӨ 200-гаад оны үед Хань улс Хүннү гүрэнтэй найрамдлын гэрээ байгуулсан боловч нүүдэлчид байн байн довтлох болжээ. Ийн тэднээс хамгаалах гэж барьсан байгууламж нь өдгөөгийн Цагаан хэрэм юм. Анх зөвхөн хүннүчүүд нэвтрэх боломжтой газруудад л хэсэгчлэн барьжээ. Хожим монголчууд хүчирхэгжсэн Алтан улсын үед болон Юань гүрэн мөхөх үед хэрмийг холбох томоохон залгалтууд хийсэн байна. Дүүлэн нисэх аварга луу мэт харагддаг Цагаан хэрмийн нийт урт 21 мянган км бөгөөд саран дээрээс харагддаг дэлхийн хамгийн урт байгууламж гэгддэг. Бидний очсон Цавчаал боомтын хаалгатай Цагаан хэрмийн Жюй Юун Гуань гарц нь өөр хоёр хаалганы дунд, мушгирсан Цагаан хэрэм давхацдаг хэсэгт байрладаг. Энэ нь Монгол, Хятадын хил, соёлын томоохон гарц байсан төдийгүй худалдаа наймаа, дайн тулаан зэрэг олон үйл явдал энд өрнөдөг байжээ.
Хятадын хааныг олзолсон боомт
Цавчаал боомт нь Хань улсын үеэс нэвтрэн өнгөрүүлэх хилийн боомтын үүрэг гүйцэтгэж иржээ. “Монголын нууц товчоо”-нд тус боомтын талаар хэдэнтээ  дурдсан байдаг бөгөөд томоохон хоёрыг нь онцолбол 247-р зүйлд “Чингис хаан өрлөг жанждаа дагуулан эл боомтоор нэвтэрсэн” тухай өгүүлдэг байна. Ингэхдээ Зэв баатар эхэлж давшиж, арга ухаан сийлэн цэргүүдийг урхидан гаргаж, урхи тавин тэднийг ялсан аж. Ийн тус боомтын өмнөд хэсэгт буюу Шар дэгдэр хэмээх газарт Чингис хаан буудалласан гэж тэмдэглэжээ. Харин 272-р зүйлд Өгөдэй хаан боомтын ирмэг дээр тулж иртэл бие нь муудаж, төрийн бөө нь “Лус савдаг хилэгнэсэнтэй холбоотой учраас төрөл саднаасаа тахил өргөх хэрэгтэй” гэснээр дүү Тулуй нь сайн дураар энэ үүргийг гүйцэтгэн, хортой архи уун насан эцэслэжээ. Үүний дараа Өгөдэй хаан Цавчаал боомтыг нэвтрэн Алтан улсыг эзэлсэн тухай өгүүлдэг байна.
Түүхэнд тэмдэглэгдсэн томоохон хоёр үйл явдал тус боомтод болсны нэг нь дээр өгүүлсэн Зэв жанжны түүх. Энэ талаар Юань улсын сударт Зэв жанжин тус боомтоор 1213 онд нэвтрэх оролдлого хийсэн ч анхных нь амжилтгүй болж, хоёр дахиараа ялалт байгуулсан хэмээн үздэг бол Монголын түүхчид Зэв эхэлж ороод ялагдаагүй. Цөөн цэрэгтэй орж, зугтаж байгаа мэт дүр эсгээд хөөх үед нь отож, ялсан хэмээдэг байна. Харин дараагийнх нь 1449 онд өрнөсөн үйл явдал. Юань гүрэн буусны дараа 1368 онд Хятадад Мин гүрэн байгуулагдсан. Энэ бол Хятад үндэстэн өөрсдийнхөө төрийг байгуулсан үе бол Монголын бага хаадын үе. Монголын хаад нас балчир төдийгүй байнга солигддог, дэргэдээ тайштай байжээ. Хаан нь төв Монголоо, тайш нь зөвлөхийн үүрэг гүйцэтгэхийн чацуу баруун Монголоо захирдаг байсан аж. Тогтаобух хааны үед Эсэн тайш “Хаанд зөвлөж байгаа хүн төр улсыг захирч болохгүйн учир юун” хэмээн үзэж түүний сүр хүчийг бууруулж, нэр төрөө өсгөхийг эрмэлзэх болж. Хаан, тайш хамтран Мин улс руу цэрэг хөдөлгөснөөс тайшийн цэрэг 1449 онд цөөн хоногт цайзыг эзэлж, Цавчаал боомтод тулжээ. Мин гүрний хаан Ин Зун энэ мэдээг сонсоод хоёр хоногт тус боомтод олон мянган  цэрэгтэй ирэхэд цөөн цэрэгтэй Эсэн тайш Зэв жанжны аргыг хэрэглэн хааныг нь олзолсон байна. Тэрбээр Ин Зун хааныг барьцаа болгон, Мин улсаар байр сууриа бататгах сонирхолтой байсан ч хятадууд дараагийн хаанаа тодруулсанаар энэ нь бүтэлгүйтсэн байна. Зарим түүхч монголчууд Ин Зун хаанаар хонь хариулуулсан гэдэг ч Эсэн тайш түүнтэй хаан ёсоор харьцаж байсан гэж үзэх нь ч бий.
 Мин гүрнийг хүртэл тус боомтын барилга байгууламж хэвээр хадгалагдаж, күнзийн сургууль, сүм дуган үйл ажиллагаа явуулж байсан боловч Манж Чин улсын үед дайн байлдааны хөлд ихэд эвдэж, сүйтгэгджээ. Харин 1990 онд дахин сэргээн засварласнаар өнөөгийн дүр төрхөө олсон байна.

XIV зууны монгол хэлний хамгийн том дурсгал
Юань гүрэн одоогийн Бээжин (тухайн үеийн Дайду) хотноо нийсэллэж байсан үед Тогоонтөмөр хаан зарлиг буулгаж, 1342 онд Цавчаал боомтын Үүлэн тавцан хэмээх газар сүрлэг том хаалга, гурван суварга байгуулжээ. Суваргууд нь дайн байлдааны хөлд нэрвэгдэн, ор мөргүй устсан байна. Харин хаалгыг адрын (дээврийн) чулуугаар хийсэн бөгөөд дотор талд нь хээ угалз, бурхад, хувилгаад, элдэв амьтдыг сийлсэнээс гадна хоёр талын хананд 1345 онд монгол (дөрвөлжин), хятад, манж, түвд, тангад, уйгар үсгээр шүлэг сийлсэн байна. Шүлгийг анх хятадаар бичиж бусад хэл рүү орчуулсан гэж үзэх хүмүүс байдаг ч харийн нутагт өөрсдийн байгуулсан гүрнээ захиран суусан монголчууд улсын бичиг дөрвөлжин үсгээр эхлэн бичиж, бусад хэл рүү орчуулсан нь судлаачдын баримтаар нотлогддог аж. Тиймээс ч энэ нь тухайн үеийн монголчууд хүний нутагт 100 гаруй жил ноёлохдоо өөрийнхөө төрөлх хэлээр хэчнээн сайхан ярьж бичдэг байсны нотолгоо, XIV зууны монгол хэлний хамгийн том дурсгал болдог. Шүлэгт Хубилай хааныг бурхан шашныг түгээн дэлгэрүүлэгч хэмээж, Энэтхэгийн Ашока хаантай зүйрлэсэн байна. Ашока хаан нь бурхны шарилыг оршуулах суварга босгосон түүхтэй. Харин шүлгийн төгсгөлд боомтын хаалга, суварга барих ажилд оролцсон хүмүүсийн нэрийг дурджээ. Мөн хаалганы дээд талд хангарьд шувуу сийлсэн байх аж. Энэ нь өдгөө Улаанбаатар хотын бэлгэ тэмдэг болсон шувуу бөгөөд бурханы шашны нөлөөгөөр хаадын сэнтийний толгойд сийлдэг байж. Харин 1995 оноос Улаанбаатар хотын сүлд тэмдэг болжээ.
Хубилай хаан 1261 онд зарлиг гаргаж, Юань гүрний хүмүүс нэг бичиг үсэгтэй байх ёстой гэж үзэн, улсын багш Пагва ламаар дөрвөлжин бичгийг зохиолгосон түүхтэй. Зарлигийн дагуу Пагва лам нутагтаа буцан, найман жилийн турш дөрвөлжин бичгийг хоёр төрлийн үсэгтэй зохиосон аж. Нэг нь монгол хэл аялгууг тэмдэглэх, нөгөө нь харь үгийг бичихэд зориулагдсан. Монгол бичигт о, у үсэг болон ө, ү ялгагддаггүй. Тэгвэл дөрвөлжин бичигт долоон эгшиг долуулаа ялгаатай бичигддэг байна.  
Анх 1855 онд Цавчаал боомтын хаалга болон бичээсний зургийг Францын эрдэмтэн Ролан Бонапарт авч, Парис хотноо мэдээ бэлтгэж, нийтэлжээ. Энэ үеэс дэлхий нийтийн анхаарлыг татаж, Польш, Оросын эрдэмтэд хамтарч, хамгийн анхны эрдэм шинжилгээний өгүүлэл бичсэнийг дараа нь Унгарын эрдэмтэн Лайош Лигети дахин хянаж нийтлүүлсэн аж. Хожим 1959 онд Ц.Дамдинсүрэн гуай “Монголын эртний уран зохиолын түүх” номондоо  тус хаалганы  талаар дурдан, шүлгийг дөрвөлжин үсгээс монгол бичиг рүү хөрвүүлжээ. Дөрвөлжин үсэг нь өдгөө мөнгөн тэмдэгт, томилгооны бичиг, хэргэм зэргийн пайзад хадгалагдан үлдсэн ч ийм томоохон хэмжээний дурсгал цөөн байдаг аж. Иймээс Монголын төр засаг нэгэн цагт бидний хэл аялгууг тэмдэглэж байсан дөрвөлжин бичгийн дурсгал болон гадаад улсад хадгалагдан үлдсэн соёлын өвүүдээ эх нутагтаа хуулбарлан авчрахад анхаарал хандуулж, залуу хойч үедээ сурталчлан таниулах нь чухал санагдсаныг энд дурдая.
Бүх зүйл устан үгүй болж болно. Бидний хүсэл мөрөөдөл, дурсамж, дурдатгал, тэр ч байтугай бид өөрсдөө  нэг өдөр хорвоог орхино. Гэвч бүтээл үлдэнэ. Үүний жишээ бол Цагаан хэрэм, Цавчаал боомтын хаалга, түүнд үлдсэн долоон зууны тэртээх монгол хэл аялгууг тэмдэглэн үлдээсэн дөрвөлжин үсгийн бичээс юм. Үүх түүх дурсгалаараа хадгалагддаг. 

Цавчаал боомтын хаалга. 2018 он

 Цавчаал боомтын хаалга 1885 он. Зургийг Ролан Бонапарт

Зургаан хэлээрх шүлгийн бичээс 1885 он. Зургийг Ролан Бонапарт. 

 Дөрвөлжин үсгээр бичигдсэн шүлгийн хэсэг. 2018 он

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100