CCTV.com Монгол > Нийтлэл > Нийтлэл

Хятад хэл сурахад туслах 6 нэвтрүүлэг

02-14-2019 11:35

 
Хятад хэл сурч байгаа бол, ярих, сонсох чадвараа ахиулахыг хүсэж  байгаа бол үүнд тус болох зугаатай, сонирхолтой нэвтрүүлгүүдийн талаар энд онцоллоо.


“Аавтай аялал”  (爸爸去哪儿?)


Үгчлэн орчуулбал, “Аав аа, бид хаашаа явж байна вэ?” нэртэй уг нэвтрүүлэг  2013 онд “Хунан” телевизээр анх гарсан бөгөөд хамгийн өндөр эрэмбэтэй, олон үзэгчтэй  шоуны тоонд зүй ёсоор багтдаг. Таван аав хүүхдүүдийн хамтаар хаа нэг тийш аялдаг энэхүү нэвтрүүлгийг үзэхэд хятад хэл анхлан сурч буй хүмүүсийн хувьд хүүхдүүдийн хэллэг, өдөр тутмын яриаг ойлгоход дөхөмтэй.


“Би дуучин” (我是歌手)


Олонд танигдсан долоон дуучин долоо хоног бүр авьяасаараа өрсөлдөж, үзэгчдийн санал асуулгаар ялагчаа тодруулдаг уг нэвтрүүлэг мөн “Хунан” телевизийн бүтээл. Хятадын орчин үеийн дуу хөгжим, уран бүтээлчдийн талаар таньж мэдэхийн сацуу хэлнийхээ мэдлэгийг дээшлүүлэх боломжийг олгоно. “Би дуучин” нэвтрүүлэг нь оролцож буй уран бүтээлчдийн хувьд ч нэр хүндээ ахиулах, бүтээлээ олонд хүргэх боломж байдгийг 2013 оноос эхэлсэн цувралуудаас харж болох юм.


“Жаргалтай зуслан”  (快乐大本营)


Дэлгэцэнд гараад 20 орчим жил болж буй ч үзэгчдийнхээ тоогоор тэргүүлсээр байдаг “Жаргалтай зуслан” реалити нэвтрүүлэгт алдартай дуучид, жүжигчид, тамирчид зэрэг олны танил хүмүүс оролцдог. Долоо хоног бүрийн бямба гаригт гардаг энэхүү цуврал нэвтрүүлгээр тэд нэгэн жаргалтай гэр бүлийн зусланд хэрхэн амьдарч байгааг харуулна.


“Супер тархи” (最强大脑)


Хятадын өнцөг булан бүрээс, өөр улс орнуудаас ч онцгой содон авьяас чадвартай хүмүүс ирж оролцдог энэ нэвтрүүлэг сонирхолтойгоос гадна түүх, соёл, шинжлэх ухаан, танин мэдэхүйн мэдлэгийг ч өгнө. Нүдээ аниад усан дотор Рубикийн шоо эвлүүлэх, олон оронтой тоог хоромхон зуур тогтоох зэрэг содон, сонин зүйлсийн үзүүлбэрээс бүрдсэн энэ шоуны ялагч их хэмжээний мөнгөн шагнал хүртдэг.

 “Хэрэв чи тэр  мөн бол... ”  (非诚勿扰)


Ганц бие залуус танилцах, болзох, хосоо сонгоход зориулсан олон нэвтрүүлгүүдийн нэг. 2010 оноос хойш дэлгэцэнд гарч буй уг цуврал Жяньсу мужийн телевизийн нэрийн хуудас гэж хэлж болно. Хятадын өнцөг булан бүрээс, заримдаа өөр оронд ажиллаж амьдарч буй хятад залуус эхнэр болох бүсгүйгээ сонгох зорилготой энэ шоуг үзсэнээр нутгийн аялга, заншил, хүмүүсийн талаар олон сонирхолтой зүйлсийг мэдэж авах боломжтой.


Лүюгийн зочин (鲁豫有约)


Алдарт “Опрагийн зочин” нэвтрүүлгийн хятад хувилбар гэгддэг  уг шоу  мөн л нэр хүндтэй, “Галт шувуу” телевизийн “нэрийн хуудас”. Нэвтрүүлгийг үүсгэн байгуулагч Чэнь Лүю 300 орчим үзэгчтэй студид жүжигчид, хөгжимчид, тамирчин зэрэг олны танил хүмүүс, заримдаа бизнесмэн, дипломатч тэргүүтэй олон сонирхолтой хүмүүстэй ярилцдаг. Түүний зарим нэвтрүүлгүүд англи хэлээр ч гардаг бөгөөд Вентворт Миллер, Ник Вуйчич болон  Хиллари Клинтон зэрэг зочидтой ярилцсанаараа нэр хүндээ өсгөж чадсан уран бүтээлч юм. .

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100