CCTV.com Монгол > Нийтлэл > Нийтлэл

Тяньжин хотод заавал очих ёстой 7 газар

02-13-2019 16:12

БНХАУ-ын нийслэл Бээжин хотоос 100 орчим км зайд оршдог, хурдны галт тэргээр ердөө 40 минут явж хүрдэг Тяньжин хот Бохайн булангийн дагуу оршино. 14 сая оршин суугчтай энэхүү хот дундуур Хай гол урсдаг, байгалийн үзэсгэлэн цогцолсоноороо аялагчдын анхаарлыг ихэд татдаг билээ. Тяньжин хотод очсон хүмүүсийн үзэх ёстой түүх, соёлын дурсгалт болон байгалийн үзэсгэлэнт газруудын талаар уншигч та бүхэндээ хүргэе.


Хай голын эрэг, Тяньжиний нүд


Хотын төмөр замын гол буудлаас холгүй орших Хай голын эрэг дагуу Тяньжиний нүд хэмээн нэрлэгдэх алсыг харагч оршдог. Зундаа Хай голоор усан онгоцоор зугаалах, хүйтний улиралд голын хөвөөгөөр алхангаа гоёмсог барилга байшин, хотын ерөнхий төлвийг тольдон, өвөрмөц хийц бүхий гүүрүүдээр зугаалах боломжтой. Тяньжиний нүд буюу “Tianjin Eye Bridge” нь 110 метрийн голч бүхий, найман хүний багтаамжтай 64 бүхээгээс бүрдсэн алсыг харагч юм.


Эртний соёлын гудамж


Хятадын эртний түүх, соёлыг хадгалж үлдсэн энэхүү явган гудамжинд хоол, хүнсний бүтээгдэхүүн, уламжлал эд зүйлс, гоёл чимэглэл худалддаг олон лангуу, мухлаг төвлөрсөн. Төмөр замын төв буудлаас 35 минут алхах зайд байрлах уг гудамж эртний хийцтэй гоёмсог барилга, сүм хийд, уран баримлын хэв маягаараа алдартай.


Итали хороолол


Италийн нэрт аялагч Марко Пологийн нэрэмжит талбай, Италийн уран барилгын хэв загварыг дуурайлган барьсан барилга байгууламжууд, худалдааны гудамж, европ зоогийн газрууд, уушийн газар төвлөрсөн энэхүү хороолол Тяньжин хотод очиж үзэх ёстой газрын нэг. Итали хорооллоос холгүй XIX-XX зууны франц, англи, итали хийцийн 230 гаруй барилгаас бүрдсэн таван өргөн чөлөө ч жуулчдын очих дуртай газар юм.


Телевизийн цамхаг, усан цэцэрлэгт хүрээлэн


415 метрийн өндөртэй телевизийн цамхаг, түүнийг хүрээлсэн хиймэл нуур, үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэн бүхий цогцолборт зун цагт жуулчид олноор очдог. 50 юанийн тасалбар аваад цамхагаас хотыг бүхэлд нь тольдож болно.


“Бинхайн нүд” номын сан


Хотын төвөөс нийтийн тээвэр, метрогоор нэг цаг орчим явж хүрэх “Бинхайн нүд” номын сан нь Бинхай соёлын төвийн цогцолборын нэг хэсэг, уран барилгын өвөрмөц шийдэл бүхий байгууламж юм. Таван давхар энэхүү номын сангийн нийт талбай 33 мянган ам. метр бөгөөд 1.2 сая номтой. 2017 онд анх нээлтээ хийхэд нь 10 мянга орчим хүн очиж үзсэн гэдэг.

 
Ботаникийн цэцэрлэг


Тяньжин хотод байрлах халуун орны ботаникийн цэцэрлэг Азидаа томд тооцогддог. 260 сая юанийн өртгөөр бүтсэн энэхүү цэцэрлэг 550 гектар орчим талбайтай, зугаалах, амрах талбай, эд зүйл, бэлэг дурсгал худалдан авах дэлгүүр, шинжлэх ухааны аялал-танилцуулга хийх хэсэг зэргээс бүрддэг. Шинжлэх ухаанч мэдлэгийг олгох бодлогын хүрээнд байгуулсан энэхүү цэцэрлэгт халуун орон, ширэнгэн ойд ургадаг олон төрлийн ургамал, бут, мод, цэцэгсийг харж болно.


Усан парк


Тяньжин хотын аквапарк нь гэр бүлээрээ амрах, цагийг зугаатай өнгөрүүлэхэд тохиромжтой. Хүүхдийн тоглоомуудын дийлэнх нь 2-7 настангуудад зориулагдсан, амрах, хоол идэх талбайтай, бэлэг дурсгалын зүйлс худалдан авах мухлагуудай, сэдэвчилсэн тоглоомын талбайтайгаараа онцлог. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100