CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Эверестэд авирагчдын тоог цөөлнө

01-25-2019 14:20

 Дэлхийн ноён оргил Эверестэд Гималайн нурууны хойд талаас авирах аялагч, уулчдын тоог Хятад улс энэ жил гуравны нэгээр цөөлж, 300-гаас ихгүй байлгахаар шийдвэрлэжээ. Мөн уулын оргил өөд гарах мэргэжлийн уулчдыг зөвхөн хаврын улиралд хүлээж авахаар болсон байна. Энэ нь уулыг цэвэрлэх ажлын нэг хэсэг бөгөөд далайн түвшнээс дээш 8000 гаруй метрийн өндөрт эндэж, амиа алдсан уулчдын цогцсыг олох, уулнаас буулгах давхар зорилготой аж.
Хятад, Балбын дунд орших Эверест буюу Жомолунгма нь 8848 метр өндөр оргил билээ. Дэлхийн хамгийн өндөр уулын оройд гарах гэсэн 60 мянга орчим аялагч, уулчид жил бүр Хятадын талаас Гималайг зорьдог бөгөөд тус улсын албаныхан уулын хормой бэлд хэд хэдэн бааз байгуулж, аялагчдыг хогийн уут, зөөврийн зуух, асар майхан, хүчилтөрөгчийн бортого зэргээр хангадаг аж. Гэвч ууланд эндэж осолдох уулчдын тоо буурахгүй байна. Ялангуяа, “Үхлийн бүс” гэгддэг 8000 метрээс өндөр хэсэгт нь 1922 оноос хойш 297 уулчин амь үрэгдсэн гэх мэдээ бий. Өнгөрөгч 2018 онд гэхэд зургаан уулчин амиа алдсан бөгөөд тэдний нэг нь Гималайн хойд хэсгээс буюу Хятадын талаас Эверест рүү авирчээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100