CCTV.com Монгол > Нийтлэл > Нийтлэл

Хубилай хааны “сүүдэргүй” Цагаан суварга

01-18-2019 13:05

 Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ
Монголынхоо түүхийн талаар гүнзгий биш юмаа гэхэд эхнээс нь эдүгээг хүртэл энгийн байдлаар хүнд тайлбарлачих дайны мэдлэггүйдээ би үргэлж ичдэг. Хятад улсад сурах болсноосоо хойш энэ байдлаасаа бүр ч ичих болсон юм. Энд зөвхөн Чингис хааны байлдан дагуулалтын үеийг яриагүй гэдгийг та бүхэн ойлгож байгаа байх.
Бидний хэд нь “Их Чингис хаан, би Монгол хүн” гэж цээжээ дэлдэхээсээ урьтаж түүхээ бусдад ойлгуулж, тайлбарлаж чадах болоо. Нэг талаасаа энэ нь түүхийн хичээлийг сонирхолгүй заадаг дунд сургуулийн багш нарын буруу байж болох ч монгол хүнийхээ хувьд түүхээ судлаагүй таны, миний ч буруу юм. Харин Бээжин хотын Төвийн үндэстний их сургуулийн докторант монгол оюутнууд тус хотод суралцагч залуустаа зориулан, ашгийн бус зорилгоор Монголын түүхтэй холбогдох дурсгалт газруудыг танилцуулах “Би явж байна, Бээжин сууж байна” хэлцээр нэрлэгдсэн цуврал аялал зохион байгуулаад жил орчим болж буй. Бээжин хотыг тэмээн жингээр зорих наймаачдаас улбаалан, явж л байвал зорьсон газраа заавал хүрнэ гэдэг санаанаас тус аялалын нэршил урган гарсан байна. Тэдний хамгийн анхны аялал болох Хубилай хааны Цагаан суваргаас хийсэн тэмдэглэлээ хүргэе. Бээжингийн Төвийн үндэстний их сургуулийн түүхийн ухааны докторант Н.Саруул хөтөч хийж, хятад хэл дээрх түүхэн сурвалж болон эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлэгдсэн судалгааны өгүүллээс уншиж, судалсанаа хуваалцсан юм.
Их Юань гүрний нийслэл байсан Дайду бол өдгөөгийн Бээжин хот. Нэгэн цагт Монголын төдийгүй дэлхийн нийслэл байсан газар юм. Хэдий тэр цагаас хойш 700 гаруй жил өнгөрсөн ч бидний түүх, соёлын дурсгал одоо ч энд хадгалагдан буй. Тэдгээрийн нэг Хубилай хааны Цагаан суварга нь Хятадын нутаг дахь хамгийн эртний, хамгийн том суварга. Дайдуг нийслэлээр зарласны дараахан буюу 1271 онд Ляо улсын хуучин бууринаас тэнгэрт тулсан улаан гэрэл (Түүхэн сурвалжид гэрлийн талаар тэмдэглэсэн зүйл үгүй бөгөөд шашны зохиол дээр гардаг) цацарсанд Хубилай хаан сүсэглэж Балба (Непал)-ын уран барилгачин Анигэг урьж эл Цагаан суваргыг бариулжээ. Сүмбэр суудал, их бие, шүхэр, орой гэсэн дөрвөн хэсгээс бүрдэх суваргын нийт талбайн хэмжээ 810 ам метр, өндөр нь 50.9 метр. Дотор тал нь харин хоосон хөндий аж. Оройдоо тэнгэрт хүрэх 13 өдрийг бэлгэдсэн 13 шаттай. Эргэн тойронд нь гуулин давтмал бурхдын дүр бүхий самгарди тарнийн үсэг сийлсэн 36 хүрэл хонх зүүлгээстэй.
Түүнчлэн тус суваргыг сүүдэргүй хэмээдэг байна. Энэ нь суваргын амин сүнсийг Түвдийн Лхаст байдаг гэж үздэгтэй холбоотой гэнэ. Тухайн үедээ Дайду хотын хамгийн өндөр барилга төдийгүй дөрвөн зүг найман зовхисоос бараа нь харагддаг, түүгээр баримжаа авч хүмүүс одоогийн Бээжин хотод хөл тавьдаг байжээ. Түвдэд очиж чадахгүй хүмүүс энэ суваргыг хараад нэг насны хүсэл биеллээ хэмээн үздэг байж. Тус суварга нь дэлхийн хамгийн том найман суваргын нэг бөгөөд Бээжинд ийм суварга хоёр байдгийн нөгөөг 1651 онд бүтээжээ.
Балбын уран барималч Анигэ загварыг нь гаргаж, суваргыг 80 хүнээр найман жилийн турш бариулсан байна. Тийм ч учраас Анигэгийн хөрөг,  баримлыг тус газар хүндэтгэн залжээ. Анигэ нь Монголын хаадыг, тэр дундаа Хубилай хаан, түүний дүрслэн ярьснаар Чингис хааныг уран зурагт буулгасан хүндтэй хүн. Мөн уран зургийг нэхмэлтэй хослуулсан анхны уран бүтээлч гэнэ. Хэдийгээр тус суварга нь Монголын түүхтэй салшгүй холбоотой ч өдгөө Хятад, Балбын урлаг, соёлын олон арга хэмжээ зохион байгуулдаг газар болон хувирчээ. Анигэ нь Хубилай хааны зарлигаар бурхны шашныг дэлгэрүүлж байсан бөгөөд амьд ахуйдаа нийт гурван суварга, хоёр тахилын сүм, нэг ордон барьсан аж.
Тухайн үедээ Цагаан суварга нь “Алтан хотын хас суварга” хэмээн өргөгдөж, шашин номыг тэтгэн дэлгэрүүлэх гол төв байсан бөгөөд лам хуврагын тоо 70 мянгад хүрч байсан гэх баримт байдаг. Түүнчлэн алтан ургийн мөргөлийн үйл, ном судар орчуулах, дарханы үйл хийх, бар хэвлэх онцгой эрхтэй газар байжээ. Цагаан суваргыг босгосны дараа 1279 онд тус суваргаар загвар болгон Тэнгэрийн бошигт түмэн амгалан хийдийг байгуулсан аж. Үүний дараа 1294 онд Хубилай хааныг нас барахад суваргын баруун талд түүний тахилын сүмийг бүтээсэн ч 1368 онд Түмэн амгалан хийдэд гал гарахад хийд болон тахилын сүм бүхэлдээ шатаж, зүүн баруун хоёр дуган нь үлдсэн байна. Суварга ч мөн тодорхой хэмжээгээр галд өртөж. Харин Тогоонтөмөр хаан Дайду хотыг орхин гарсны дараагаар Цагаан суваргаас тэнгэр тулам цагаан гэрэл цацрахыг Мин улсын хаан хараад Түмэн амгалан хийдийг 1457 онд дахин сэргээж одоогийн Миао Ин Си хийдийг байгуулж, суваргыг ч засварласан байна. Түүхэнд тус суварга хоёр удаа буюу сүүлд 1744 онд галд өртсөнийг 1753 онд засварлажээ. Хэдийгээр галт өртөж, хэд хэдэн удаа хүнд хэцүү нөхцөл байдалтай тулгарч байсан ч суварга үндсэн хийцээ алдалгүй өнөөг хүрсэн аж. 1961 онд Хятад улсын түүх, соёлын дурсгалт өвөөр бүртгэн, 1978 онд засвар хийснээс хойш 1997 онд галт өртөхөөс сэргийлэн эргэн тойронд нь суваг шуудуу татсанаар тус суварга айдгаа авдартаа хийсэн түүхтэй.
Эртнээс эдүгээ хүртэл Хубилай хааны их бүтээн байгуулалтаар нэрлэгдсэн Цагаан суварга өдгөө ч Бээжин хотноо өмнөх шигээ бүхний дээр биш ч эгэл даруухан оршсоор буй.

Цагаан суварга 

Уран барималч, зураач Анигэ 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100