CCTV.com Монгол > Нийтлэл > Нийтлэл

Шинжлэх ухаан, технологийн салбарын 10 чухал үйл явдал

01-18-2019 13:46

БНХАУ-ын  Ардын өдрийн сонины редакциас зохион байгуулсан “2018 оны Хятадын шинжлэх ухаан, технологийн мэдээлэл ” арга хэмжээний үеэр өнгөрсөн онд энэ салбарт тохиосон 10 чухал үйл явдлыг нэрлэлээ.

 Миллисекундын пульсарыг илрүүллээ
2018 оны хоёрдугаар сарын 27-нд дэлхийн хамгийн томд тооцогдох радиотелескоп FAST одоогоор хамгийн бичилд тооцогдож буй миллисекундын пульсарыг илрүүлснээ мэдээлсэн билээ. Радио болон хэт авианы долгионы 1-10 миллисекундын үелзэл бүхий энэхүү туяа үүсгүүрийг нээсэн нь шинжлэх ухааны түүхэнд тохиосон чухал үйл явдлуудын нэг юм.

“Гаофэнь-5” хиймэл дагуулыг хөөргөв
2018 оны тавдугаар сарын 9-нд Тайюнь сансрын дромоос “Чанжэн-4” пуужин тээвэрлэгчийн тусламжтайгаар агаар мандал дахь тодорхой биетүүдийг тандах, байгаль орчны мониторинг хийх үүрэгтэй “Гаофэнь-5” хиймэл дагуулыг амжилттай хөөргөлөө.  

 
Цөлд тутарга тариаллаа
БНХАУ-ын Шандунь мужийн Циндао хотод төвтэй Далайн тутаргын судалгааны төвийн мэргэжилтнүүд Бүх Хятадын инженерийн шинжлэх ухааны академийн академич Юань Лунпиний удирдлага дор Энэтхэг, Египет, Арабын нэгдсэн Эмират улсын багтай хамтран Дубайн цөлөрхөг дүүрэгт тутарга суулган, тариалж туршилт хийлээ.

“Тянькунь” хөлгийг  туршив
Азид томд тооцогдох шавар сорогч шурагт хөлөг “Тянькунь”-ийг  өнгөрөгч оны зун туршиж, дөрвөн өдрийн турш далайд хөвсөн юм. 140 метр урт, 27.8 метр өргөн энэхүү шурагт хөлөг 35 метрийн гүнээс цагт 6000 шоо метр шавар, шороо сорох чадалтай.

 Илүү хүчирхэг компьютерийн эх загварыг зохион бүтээлээ
Шинэ үеийн суперкомпьютер буюу Е зэрэглэлд багтах “Тяньхэ-3” цахим машины эх загварыг өнгөрөгч оны зургаадугаар сарын сүүлчээр зохион бүтээж, туршив. Шинэ эриний технологийн шаардлагад нийцсэн хүчирхэг компьютер үйлдвэрлэлийн зах зээлд энэ нь чухал үйл явдалд тооцогдож байна.
Шинжлэх ухаанч мэдлэгийг түгээх өдөрлөг зохион байгуулав
Бүх Хятадын шинжлэх ухаан, техникийн нийгэмлэг, Коммунист намын суртал ухуулгын төв хороо, Боловсролын яам, БНХАУ-ын Аж үйлдвэр, мэдээлэл зүйн академитэй хамтран өнгөрсөн 2018 оны есдүгээр сарын 15-нд орон даяар шинжлэх ухаанч мэдлэгийг түгээн сурталчлах өдөрлөгийг зохион байгууллаа. Энэ ажлын хүрээнд шинэ технологи, инноваци болоод шинжлэх ухаанч мэдлэг, мэдээллийг хүмүүст хүргэх олон ажлыг хийжээ.
Шинжлэх ухааны мэдлэгийн олон улсын хурал боллоо
БНХАУ-ын нийслэл Бээжин хотод 2018 оны есдүгээр сард шинжлэх ухааны мэдээллийг  түгээх, анхан шатны мэдлэг олгоход зориулсан олон улсын хурлыг анх удаа зохион байгуулжээ. Хүн төрөлхтөнд тулгамдаж буй асуудлыг шийдэхэд шинжлэх ухааныг ашиглах, үүнд хүн бүрийн анхаарлыг хандуулах Бээжингийн тунхагийг ч энэ үеэр байгуулав.
Гурван хотыг холбосон гүүр барив
Гуандун мужийн Чухай хот, Хонгконг, Макаог холбосон 55 км урт гүүр өнгөрөгч аравдугаар сард албан ёсоор ашиглалтад оржээ. “Нэг улс, хоёр тогтолцоо” бодлогын хүрээнд дэд бүтцийн энэхүү нүсэр байгууламжийн эхлэл 2009 онд тавигдсан билээ.
“Future Science Awards”-ын ёслол боллоо
Хятадын шинжлэх ухааны түүхэнд онцгой гавьяа байгуулсан долоон эрдэмтнийг “Ирээдүйн шинжлэх ухаан шагнал”-аар шагнаж, алдаршууллаа. Физик, математик, компьютерийн шинжлэх ухааны салбарын эрдэмдийг шалгаруулан номинаци тус бүрт 100 сая ам.долларын шагнал олгодог энэхүү нэр хүндтэй ёслолыг “Хятадын Нобелийн шагнал” гэж нэрлэх нь бий.
“Чанъэ-4" сарны ар талд буув
Сарны ар талын геологийн бүтцийг судлах, биологийн зарим туршилт хийх зорилгоор бүтээсэн сансрын  “Чанъэ-4" аппарат Сичан дромоос 2018 оны арванхоёрдугаар сарын 8-нд хөөрсөн билээ. Уг аппаратын бүхээгт хөвөнгийн үр соёолж ургасан  ч агаарын хэм нь -170  хүртэл хүйтэрдэг Сарны шөнийг даалгүй үхсэн тухай “Синьхуа” агентлаг мэдээлсэн юм.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100