CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Хятадын нууцлаг үзэсгэлэн Фанжиньшан

01-15-2019 10:47

 “National Geographic” сэтгүүлээс “2019 онд аялах хамгийн сайхан газрууд” хэмээх жагсаалт гаргаж, дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүсийн тэр бүр мэддэггүй нууцлаг 28 газрыг нэрлэжээ. Жагсаалтад Хятадаас нэг л газар багтсан нь тус улсын баруун өмнөдийн Гуйжоу мужийн нутагт орших Фанжиньшан уул аж.
Фанжиньшан нь Улин нурууны ноён оргил, далайн түвшнөөс дээш 2572 метрийн өндөрт өргөгдсөн, орой дээрээ болон хормой бэлдээ буддын олон жижиг хийдтэй үлгэрийн гэмээр уул юм. Дээш өгсөх шат нь 8000 гаруй гишгүүртэй, үүлсийн дундаас үзэгдэх уг уулын нэр “Дээд Брахмагийн ариун нутаг” гэсэн утгатай аж. Хэд хэдэн сүм, хийдтэй тул Фанжиньшаныг Хятадын нутаг дахь бурхны шашны таван дагшин хайрханы нэг гэдэг байна.
Ойролцоогоор 1.4 тэрбум жилийн өмнө үүсэн бүрэлдэж, хэдэн зуун сая жилийн өмнө далайн гүнээс “ургаж” гарсан Фанжиньшан ер бусын үзэсгэлэнтэй, өвөрмөц сонин тогтоцтойгоос гадна нэн ховор, устаж үгүй болохын ирмэгт тулсан 2000 гаруй амьтан, ургамалтай. Тиймээс ч Хятад орны “генийн сан” гэгддэг цөөхөн газрын нэг аж. “Дээд Брахмагийн ариун нутаг”-ийг түрүү оны долдугаар сарын 2-ны өдөр ЮНЕСКО-гийн Дэлхийн байгалийн өвд бүртгэжээ. Ингэснээр Фанжиньшан уул Дэлхийн өвд бүртгэгдсэн Хятадын 53 дахь газар болсон байна.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100