CCTV.com Монгол > Нийтлэл > Нийтлэл

Харбинд очиж үзэх ёстой 9 газар

01-10-2019 15:57

БНХАУ-ын зүүн хойд хязгаарын Хэйлунжянь мужийн төв Харбин хот тэртээ 1898 онд байгуулагдсан бөгөөд өдгөө 10 сая орчим оршин суугчтай, аялал жуулчлалын нэгэн чухал бүс болжээ. Төмөр замын чухал уулзварууд энд оршдог, нисдэг тэрэг үйлдвэрлэлээрээ Хятаддаа алдартай, өвлийн цагт цас, мөсний аяллын гол чиглэлийн нэг болох уг хотын барилга байгууламж эртний византи, өнөөгийн орос, өнгөрсөн зууны 30-аад оны япон  хэв шинжийг агуулсанаараа онцлог. Харбин хотод аялах, айлчлахдаа үзэх ёстой газруудыг  нэрлэж байна.


Хэйлунжянь мужийн музей

Харбин хотын төвд орших энэхүү музейд Хэйлунжянь мужийн түүх, хөгжлийн үе шат, соёлыг харуулсан ховор, нандин үзмэрүүд бий. Музейн барилгыг 1904 онд барьсан бөгөөд тэр үедээ “Москва” нэртэй зах, арилжааны газар байрлаж байсан аж. Олон багана, улаан дээвэр бүхий бөмбөгөр оройтой энэхүү барилгад 1923 онд үзэсгэлэн нээж, үзмэрүүд байрлууснаар одоогийн музейн эхлэл тавигджээ. Мужаас олдсон эртний зоос, гоёлын эд зүйлс, ахуйн хэрэгсэл, Хэйлунжянийн ургамал, амьтны аймгийн харуулсан хатаамал, чихмэлүүд зэрэг олон сонирхолтой үзмэр тэнд бий. Музейд орохдоо  паспорт, иргэний үнэмлэхээ шалгуулаад үнэгүй үзэж сонирхох боломжтой.


Нарны арал


Сунгари голын хойд эрэгт орших амралт, зугаалгын цогцолбор нийт 38 хавтгай км талбайтай, үзэсгэлэнт ой бүхий арал. Зуны цагт цагаан элстэй наран шарлагын газартай, хунт нуур, хэрэмний арал зэрэг хэд хэдэн хэсгээс бүрдэх уг цогцолборт орос маягийн байшин, уран барилгын хэв шинжтэй байгууламжууд бий. Нарны аралд өвлийн цагт цасан байгууламж, чаргаар гулгах талбай олноор гаргадаг. Өвөлдөө  цогцолбор руу орохдоо хүүхэд, 25 наснаас доош, 25 наснаас дээш гэсэн ангиллаар тасалбар худалдан авах бөгөөд цас, мөсөн дээр гулгах бүх талбайн үйлчилгээний хөлс тасалбарынхаа үнэд багтдаг. Нарны арлын өмнөд хэсэгт орос дэлгүүр, хоолны газар, бэлэг дурсгалын зүйлс худалдаалах лангуу бий.


Гэгээн Софийн дуган


Алс Дорнод, Хятадыг холбосон төмөр замын гол уулзвар болох  Харбин хотод 1898- 1960 онд оросууд олноор суурьшиж байсан бөгөөд ЗХУ задраснаас хойш ч орос, тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудаас цөөнгүй хүн энд ирж аж төрж байна. Энд хэдэн үеийн турш амьдарсан орос иргэдийн очиж мөргөдөг, шашны ёслол үйлддэг үнэн алдартны Гэгээн Софийн дуган нь Харбинд очиж үзэх ёстой газрын нэгд яах аргагүй багтана. Уран барилгын хийцийн хувьд, түүхийн дурсгалын хувьд, уугуул иргэдийн ахуй амьдралын салшгүй нэг хэсгийн хувьд Гэгээн Софийн дуган Харбинд төдийгүй, Алс Дорнодод томд тооцогддог билээ.


Цас, мөсөн баримлын наадам


Жил бүрийн нэгдүгээр сарын 5-наас хоёрдугаар сарын сүүл хүртэл үргэлжлэх мөсөн баримлын наадам хуучин Харбин, шинэ Харбин хоёрын дунд байрлах паркт нээлтээ хийдэг. АНУ, Канад, Япон, ОХУ, Сингапур болон бусад орны мөсөн барималчид энд ирж 2000 орчим бүтээлийг мөс, цасаар урладаг. “Цас мөсний ертөнц” цогцолборын үзмэрүүд сэдэвчилсэн байхын зэрэгцээ аливаа улс орны нэрийн хуудас болсон баримал, байгууламжийг дуурайлган урлаж, гэрлээр чимэглэдэг. Орох тасалбарын үнэ дунджаар насанд хүрсэн хүмүүс 150, хүүхэд 75 юань.


Харбиний төв өргөн чөлөө


Хотын төвд орших, хоёр км орчим үргэлжлэх, дэлгүүр, үзвэр, зоогийн газар байрлах өргөн чөлөөг Харбины “Арбат” гэж нэрлэх нь ч бий. Эндхийн  олонх барилгыг тухайн үедээ оросууд барьж байсан гэх агаад орос, япон, солонгос гудмууд салбарлана. Хятад, Манжуурын төмөр замыг тавьсан ажилчид, эндхийн суугуул гадаадууд амьдардаг байсан энэхүү өргөн чөлөө Азидаа хамгийн уртдаа тооцогдох явган гудам юм. 1997 оноос хойш өргөн чөлөөгөөр автомашин, нийтийн тээврийн хэрэгсэл явахыг бүрмөсөн хориглон,  боржингоор бүрэн, явган гудамж болгожээ. Барокко, неоклассицизм, модерн загварын барилга байгууламжийн дийлэнх нь 90 орчим жилийн өмнө баригдсан, хожим нь сэргээн засварласан аж. Шөнөдөө өргөн чөлөөг чимэглэсэн урт гэрлүүд асдаг нь жуулчдыг, уугуул оршин суугчдыг ихэд татдаг.


Хэйлунжянийн телевизийн цамхаг


Харбинд очсон хүмүүсийн очих ёстой газрын нэг нь Хэйлунжянь мужийн телевизийн цамхаг. Луугийн цамхаг хэмээгдэх энэхүү байгууламж Азидаа хамгийн  өндөрүүдийн нэгт тооцогдох бөгөөд 336 метр. Цамхаг нь телевизийн нэвтрүүлгийн төв, цаг уурын тандалтын станц, жуулчдад зориулсан олон үйлчилгээ эрхэлдэг газруудын зэрэгцээ Хятадын алдартай хүмүүсийн гарын хээний үзэсгэлэн, Чин гүрний үеийн дайчдын баримлын үзэсгэлэн, лааны тосон музей зэрэг олон сонирхолтой хэсгүүдээс бүрдэнэ. 186 давхарт байрлах зоогийн газар болон 190 давхрын шилэн зам, алсыг харах газраас Харбин хотыг бүхэлд нь тольдож болно. Тасалбарын үнэ 150 юань.


Шар айрагны баяр


Шар айрагны үйлдвэрлэлээрээ Хятадад дээгүүрт тооцогддог Харбин хотод жил бүр зургаагаас долоодугаар сард хоёр долоо хоног нэгэн сонирхолтой арга хэмжээ болдог. Дэлхийн 30 орны шар айраг үйлдвэрлэгчид Хятадын зүүн хойд мужийн төвд цуглан бүтээгдэхүүнээ танилцуулахын зэрэгцээ олон сонирхолтой арга хэмжээ зохиодог. Харбиний шар айрагны баярын гол арга хэмжээ Цас, мөсний паркт болдог бөгөөд төрөл бүрийн уралдаан, амталгаа, урамшууллын арга хэмжээ болохоос гадна энэ үеэр хотын зоогийн газар, шөнийн цэнгээний газруудад олон төрлийн ундаа, шар айрагны танилцуулга болдог. Нээлтийн тасалбар 40-50 юань, бусад өдөрт нь дунджаар 15 юанийн үнэтэй. Хоол, шар айрагны үнэ тасалбарт багтаагүй.


Туйлын амьтдын хүрээлэн


Харбин хотын хамгийн сонирхолтойд тооцогдох нэг газар бол туйлын амьтдын усан хүрээлэн. Туйлд амьдардаг, усны болон хуурай газрын амьтдыг харж болох энэхүү хүрээлэнгийн жуулчдын анхаарлыг ихэд татдаг, 4А буюу өндөр зэрэглэлийн бүсэд тооцогддог. Далайн арслан, цагаан баавгай, загас, яст мэлхий, далайн гахай, цагаан чоныг эндээс харж болно. Мөн оцон шувуу, цагаан баавгай, далайн арслангийн үзүүлбэртэйгээрээ Хятаддаа цор ганц усан хүрээлэн гэгддэг. Европ болон хятад зоогийн газартай, бэлэг дурсгалын зүйлс худалдаалах лангуутай уг цогцолбор 9.00-17.00 цагийн хооронд ажилладаг, насанд хүрэгчид 130, 1.4 метрээс дээш өндөртэй хүүхэд, өндөр настнууд 65 юанийн үнэтэй тасалбар авдаг, бага насны хүүхэд үнэгүй.


Амурын барын дархан цаазат газар


Дэлхийн улаан номд орсон Амурын барыг нутагшуулах, тэднийг хамгаалах зорилготойгоор байгуулагдсан уг газар  жуулчдыг хүлээн авдаг болсон нь саяхан. Жуулчдаас олсон мөнгө, хөрөнгийг барыг хамгаалах үйлсэд зарцуулдаг аж. Байгальд ердөө хэдэн зуун толгой үлдсэн зүүн хойд  нутгийн найман барыг анх энд нутагшуулсан нь одоо 200 гаруй болжээ. 144 хавтгай км талбайтай дархан цаазат газар 15 хэсгээс бүрдэх бөгөөд жуулчид төмөр тороор хамгаалагдсан машинаар явж, амьтдыг үзнэ. Харбин хотын төвөөс таксигаар очих энэ газар 90 юанийн тасалбар төлдөг бөгөөд бар хооллоход зориулсан махыг тусгай үйлчилгээний газраас худалдан авч болно.
 

 

 

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100