CCTV.com Монгол > Нийтлэл > Нийтлэл

Өнө мөнхөд бэлэн үү

01-07-2019 14:20

 Хүн төрөлтний амьдралын хамгийн урт хугацаа 122 жил. Бөмбөрцөг дээр  өдийг наслаад 1997 онд тэнгэрт хальсан франц эмэгтэй Жанна Кальманийг давах хүн одоогоор алга. Энэ хязгаарыг давж, шинэ амжилт тогтоох боломжийг эрдэмтэд эрэлхийлж, 50 жилийн дараа гэхэд 100 насны ойгоо тэмдэглэх гэдэг гайхмаар тохиолдол биш болно гэсэн өөдрөг таамаглалыг дэвшүүлж байна. Эрдэмтдийн боловсруулж буй технологиуд бидэнд  он жилүүдийг бэлэглээд зогсохгүй, залуу нас, гоо үзэсгэлэнгийн талаарх тогтсон ойлголтыг өөрчилж, удаан  хугацаагаар арьс толигор байж, үсний буурал цааш холдон, ухаан саруун, бие эрүүл байх боломж олгох гэнэ.  Агаар амталж, гэрэл харах цаг хугацааг цааш сунгаж, харьж яваа бүхний хатуу ширүүн ул мөрийг арилгах тэр боломж  биеллээ олох тэр цаг тун ойрхон...

“Ашиглалтаас гарсан” эсийг идэвхжүүлэх

Бидний эс бүр 52 удаа хуваагдах чадалтай, тэгсний эцэст жам ёсоор үхнэ. Эс ч бас төгсгөл рүүгээ ойртох тусам үүргээ умартаж, үйл ажиллагаа нь саарна. Ийм “ашиглалтаас гарсан” эс эд, эрхтний хөгшрөлтийн шалтгаан болдог. Эс хэдэн удаа, хэрхэн хуваагдаж буйг тооцоолдог хромсом байдаг агаад тэр нь хуваагдал бүрт богиносон, эцэстээ үгүй болно. Уг асуудлыг шийдэх нэгэн аргыг эрдэмтэд судалж байна. Бэлгийн, суурь, эсвэл хорт хавдрын эс хуваагдсаны дараа “тооцоологч” хромсом нөхөн төлждөг бөгөөд бусад эсийн энэхүү хромсомыг идэвхжүүлснээр организм удаан хөгширнө гэсэн үг. Хэдийгээр ямар аргаар, хэрхэн хромсомыг идэвхжүүлэхээр төлөвлөж буй нь одоогоор энгийн бидэнд тодорхойгүй ч иймэрхүү хэд хэдэн технологийг эмнэлэгт туршаад байна.

Эрхтэн хэвлэх, ургуулах

Элэг, зүрх гээд аль нэгэн эрхтнийг  шилжүүлэн суулгах технологи хэдийнэ биеллээ оллоо. Харин өвчтөний организмд “захиалсан” мэт зохицох эрхтний донор олно гэдэг цаг зав, мөнгө, боломж шаардсан ажил, заримдаа хувь заяа, бурхнаас шалтгаалах хэрэг. Үүнийг шийдэх аргыг эрдэмтэд бас судалж эхэллээ. Өвчтөний эд эрхтэнийг хувилах (биопринтинг), эсвэл ургуулах хоёр аргыг ойрын хугацаанд амьдралд нэвтрэх бололтой.
Испанийн нэрт эмч Паоло Макьярини одоогоос таван жилийн тэртээ анх ургуулсан эрхтэнийг шилжүүлэн суулгах анхны оролдлогыг хийж байжээ. Падуи болон  Миланы их сургуулийн мэргэжилтнүүдийн тусламжтайгаар донорын коллаген ашиглан ургуулсан улаан хоолойг өвчтөнд суулгасан юм.
Харин биопринтерийн тусламжтайгаар мэдрэлийн эс, судас, арьс, элэг, зүрхний эдийг хэвлэж дөнгөсөн бөгөөд хулганад туршилтаар дээрх эрхтэнүүдийг амжилттай суулгалаа.  Гэвч хүний аль нэг эрхтэнийг бүтнээр хэвлэх боломжгүйг мэргэжилтнүүд онцолж буй. “3D bioprinting solutions” хэмээх төслийн мэргэжилтнүүдийн барагцаалснаар, 2030 он гэхэд хүний бөөр хэвлэх гэнэ.

Сахарыг хазаарлах

Цусан дахь сахарын хэмжээ эсийг гэмтээдэг. Цусны эргэлтээр чөлөөтэй “зорчиж” буй сахар эсийн уургийн молекултай нэгдсэнээр түүнийг  гэмтээдэг аж. Мэдээж, бага илчлэгтэй хүнс хэрэглэснээр глюкозын дайралтаас эсээ хамгаалж болно. Өлсгөлөнгийн дохио авсан организм амьд үлдэхийн тулд өөрийгөө хамгаалах механизмаа ажиллуулж эхэлнэ гэсэн үг. Гэхдээ бүх  насаараа ам  руугаа орж буй бүхний илчлэгийг тоолж, хянаж суух хэнд л таалагдав гэж?
 Харин чихрийн шижингийн хоёрдугаар үе дээрээ яваа өвчтөнүүд хэрэглэдэг метформин хэмээх бэлдмэл өтлөхгүй, хөгшрөхгүй байлгаж чадна. Метформин нь цусан дахь чөлөөт глюкозыг багасгаснаар хөгшрөлтийг хазаарлаж болно. Хулганад хийсэн туршилтаар бол хөгшрөх үйл явцыг зургаан хувиар бууруулсан, харин хүнийхээр тооцвол энэ нь 3–4 жил болох аж. Харин эрүүл хүнд зориулан ямар аргаар, бас бусад эрхтэнд  нөлөөлөхгүйгээр “Хөгшрөхөөс сэргийлэх эм”-ийг гарган авах боломжийг судалж байна.

Шинэчлэлд бэлдэх

Хэрэв бид урт насалж, удаан жаргахыг хүсэж байгаа бол хүн төрөлхтний өмнө тулгарч болох шинэ асуудалд бэлэн байх ёстой болж таарах нь. Одоогоор эмчилгээгүй гэсэн шошго зүүсэн Паркинсоны болон Альцгеймерийн өвчнийг ялах арга замыг оллоо ч өөр
олон мөсөн уул амьдралд гарч ирэхэд бэлдэх ёстой. 150 настай “залуугийн” организмд ямар өөрчлөлтүүд гарч болохыг хэн ч тааж мэдэхгүй, бас төсөөлж ч одоохондоо чадахгүй. Хөгшрөлтийг, түүний араас залгах жам ёсны үхлийг дийлж чаддаг юм гэхэд ийм зүйлд төдийлэн дасаагүй хүн гээч амьтны бие хийгээд сэтгэлзүйд ямар өөрчлөлт гарах бол?
Тухайлбал, Гренландын халим зэрэг сүүн тэжээлтний биед хөгшрөлт явагдахгүй байсан ч тэр 200 насалсны эцэст  нүдний болор дахь амин хүчил химийн урвалд орсноор гэнэт сохрох магадлалтай.
Дээрх асуудлаас хэрхэн зайлсхийх, учирч болзошгүй эрсдлээс хүн төрөлхтнийг хамгаалах тухай судалгаа одоогоор эхний шатандаа яваа.

Хоногийн хэмнэл алдагдахаас сэргийлэх

Хоногийн турш хүний биед ялгардаг  мелатонин гэдэг дааврын хэмжээ өдрөөс шөнийг, өглөөнөөс оройг ялгах чадварыг бий болгодог. Нас ахихын хэрээр энэхүү дааврын хэмжээ багасаж, өглөө эрт сэрэх, шөнө нойргүйдэх зэрэг асуудал гарна, энэ нь мэдээж ядаргаа, био хэмнэл алдах, хоолны дуршил буурахад хүргэнэ. Мелатонин нь зөвхөн өдөр шөнийг ялгахад  ч бус, бас эсийн хуваагдалд оролцдог даавар тул уг бодис дутагдсан тохиолдолд организмын үйл ажиллагаа хямарч, хөгшрөх явц хурдасдаг аж. Зөвхөн ахимаг насныхан бус залуус мелатонины дутагдалд орвол хорт хавдар тусах, эрт хөгшрөх, зүрх судасны өвчин тусах эрсдэл өснө.
Лабораторийн аргаар гаргаж авсан мелатонин нойрсуулах, тайвшруулах үйлчилгээтэй эм бэлдмэлд агуулагддаг ч мөн л метформин шиг ямар тунгаар, хэдий хугацаанд, хэрхэн хэрэглэвэл зохилтойг тодорхойлох механзм хэрэгтэй.

Үхлийг “хойш тавих”

Гэнэтийн осол, эсвэл амиа  хорлолт, хорт хавдар зэрэг гэнэтийн “зочдыг” бүр ярихаа больё л доо. Онолын хувьд хүн 500 жил насалж чадна гэдэг үлгэр, хөгшрөх бол термодинамикийн хууль шиг байгалийн, жам ёсны зүйл гэж бидний дийлэнх үздэг. Харин Британийн эрдэмтэн Обри ди Грей харин өөр бодолтой. Хүн хүсвэл муудаж, үйл ажиллагаа нь доголдон, эсвэл үхсэн эсүүдийг 10 жил тутамд шинэчлэн, сольсноор айсуй хөгшрөлт, үхлийг мөн л арван жилээр сунгаж болно гэж тэрбээр үздэг. Үзээд барахгүй, энэ боломжийн тухай судалгаагаа хоёр жилийн өмнө эхлүүлсэн.

Хүн төрөлхтөн хөгжиж, сансарт нисэж, газрын гүнд нэвтэрч, өөрсдөөсөө ч илүү ухаантай техник бүтээж, хувилж болох бүхнийг хувилан,  гарган авч болох бүхнийг гарган авч буй,  өнө мөнх амьдрах утопи хүслийнхээ биеллийг үзэх цаг ойртож байж ч мэднэ. Ачийнхаа ач, бүр түүний ачтай зэрэгцэн карьер хөөж, үрчлээг бол кинон дээрээс л харж, үс бууралтахыг номноос л унших тийм “гэрэлт” мөч ирвэл харин бид үхэхийг хүсэх юм биш байгаа? Байнга шинэчлэгдэн, хүүхэд аавыгаа, шинэ хуучныгаа даван гарч байх урагшлах, оршин тогтнох агуу хуулийг  хүн төрөлхтөн сөрвөл ямар өөрчлөлттэй нүүр тулах бол? Хамгийн гол нь бид бэлэн үү?

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100