CCTV.com Монгол > Нийтлэл > Нийтлэл

Хятад иргэдийн амьдралд тустай гурван шинэ хууль

01-02-2019 16:23

Өнгөрсөн 2018 онд Хятадын төр засгаас баталсан хэдэн арван хууль журмаас шинэ оны эхний өдрөөс хэрэгжиж эхэлсэн, энгийн иргэдийн амьдралд тустай гурван шинэ хуулийг онцолж байна.


Хүргэлт үйлчилгээний бизнест хэрэглэгчийн эрхийг хамгаалах анхны журам


Цахим худалдаа, хүргэлт үйлчилгээний салбар бол Хятадын хамгийн хурдан өсөж буй бизнесийн нэг билээ. 2017 онд нийт 40 тэрбум гаруй илгээмж буюу өдөрт 100 гаруй сая илгээмж, бараа бүтээгдэхүүн тээвэрлэсэн энэ салбар өнгөрөгч 2018 оны зөвхөн эхний 10 сарын байдлаар 40 тэрбум хол давсан тооны илгээмжийг эздэд нь хүргэж өгсөн байна. Гэвч энэ салбарт алдаа дутагдал бас бий. Хэдэн тэрбумаар тоологдох бараа бүтээгдэхүүний дунд, үл тасрах их урсгал хөдөлгөөний дунд зарим илгээмж төөрч будилах, эзэндээ хүрэлгүй удах, бүр хөндлөнгийн этгээдийн гарт орох тохиолдол ч мэр сэр гардаг. Харин үйлчлүүлэгчийн эрхийг зөрчсөн энэ мэт явдлыг таслан зогсоохын тулд Хятад улс өнгөрөгч оны тавдугаар сард Шуурхай хүргэлтийн үйлчилгээний түр тогтоол хэмээх багц журам баталсан нь цахим худалдаатай холбогдох анхны хууль журам  болж байна. Шинэ оны эхний өдрөөс бүрэн хэрэгжиж эхэлсэн шинэ журамд зааснаар хүргэлтийн үйлчилгээ үзүүлэгч этгээд хэрэглэгчийн илгээмжийг задалсан юм уу, доторх бараа бүтээгдэхүүнийг нь худалдсан, хувьдаа завшсан тохиолдолд, мөн хэрэглэгчийн мэдээллийг гуравдагч этгээдэд ил болгосон бол 100 мянга хүртэлх юанийн торгууль төлөх аж. Харин илгээмжээ алдсан үйлчлүүлэгч тухайн үйлчилгээ үзүүлэгч байгууллагад зарга үүсгэн, хуулийн дагуу хохирлоо нэхэмжлэх эрхтэй болжээ. Өмнө нь хэрэглэгчийн гомдлыг зөвхөн хувь хүн, компанийн хооронд шийдвэрлэж байсан бол шинэ журам хэрэгжиж эхэлснээр үйлчлүүлэгч илүү давуу эрхтэй болж байгаа юм.


Хөрсний бохирдлоос сэргийлэх, бохирдлыг хянах анхны хууль


Хятад улс 1984 онд Усны бохирдлоос сэргийлэх болон бохирдлыг хянах, 1987 онд Агаарын бохирдлоос сэргийлэх болон бохирдлыг хянах хуулиудыг тус тус баталж байв. Харин хөрсний бохирдолтой тэмцэх, эрүүл хөрсийг хамгаалахтай холбогдох тусдаа хууль тогтоомжгүй байсан бол өнгөрөгч наймдугаар сард ийм төрлийн анхны хуультай болсон нь шинэ оны эхний өдрөөс хэрэгжиж эхлээд байна. Иргэдийн эрүүл ахуйд заналхийлсэн, хүрээлэн буй орчны тэнцвэрт байдлыг алдагдуулсан хөрсний аливаа бохирдолтой тэмцэх, бохирдлын хэмжээг бууруулахад чиглэсэн шинэ хуульд бохирдлоос урьдчилан сэргийлэх, эрүүл буй хөрсийг хайрлаж хамгаалах, мөн иргэдэд хөрсний бохирдлын талаар зохих мэдлэг олгох зэргийг онцгойлон тусгажээ.  Хөрс хамгааллын хуулийг зөрчсөн аж ахуйн нэгжийг хатуу шийтгэх, үйл ажиллагааг нь бүрэн зогсоох тухай ч шинэ хууль журамд тусгасан байна. Байгаль экологийн мэргэжилтнүүд Хятадын энэхүү шинэ хуулийг ихээхэн үр дүн авчрах, иргэдийн эрүүл ахуйг анхаарсан онцгой чухал тогтоомж хэмээн үнэлж буй аж.


Хувь хүний орлогын албан татварын хуульд оруулсан өөрчлөлт


Хятадын албаныхан өнгөрөгч наймдугаар сарын 31-ний өдөр 1980 онд батлагдсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсныг эдийн засагчид нийт хятад иргэдийн орлого нэмэгдэхэд тустай шинэчлэл боллоо хэмээн үзэж байна. Шинээр оруулсан өөрчлөлтөөр хувь хүний орлогын албан татварын доод хэмжээг сарын 3500 юаниас 5000 юань болгон өсгөжээ. Энэ нь ялангуяа жирийн албан хаагч, ажилчдад тун өгөөжтэй бөгөөд шинэ хуулийн ачаар 60 сая гаруй ажилчин татвараас чөлөөлөгдөж байна. Учир нь 20 мянган юаниас доош хэмжээний цалинтай ажилчин, албан хаагчид дээрх 5000 юань гэсэн шинэ дүнг төлөхгүй аж. Шинэ нэмэлт, өөрчлөлтөөр жишээ нь хөдөө орон нутгийн улсын багш нарын хувь хүний орлогын албан татварын хэмжээ 400 гаруй юаниас 100  хүрэхгүй юань болон буурчээ.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100