CCTV.com Монгол > Нийтлэл > Нийтлэл

Цахим төлбөрийн шинэ хэрэгсэл-Царай таних үйлчилгээ

12-28-2018 15:49

 Онлайн төлбөр, тооцоо, захиалгын үйлчилгээгээрээ хэрэглэгчдийн танил хэдийнэ болсон “Алибаба” цахим тавцан хүмүүсийг царайгаар нь таньж гүйлгээ хийх үйлчилгээг нэвтрүүлжээ. БНХАУ-ын Бээжин хотын үйлчилгээний зарим газрууд, эмнэлэг ч энэ үйлчилгээг ашиглаж эхэлсэн талаар “Синьхуа” мэдээллээ. Цахим төлбөрийн системийн шинэ хэрэгсэл хэмээгдэж буй царайгаар таньж гүйлгээ хийх үйлчилгээг амьдралд нэвтрүүлснээр хэрэглэгчдийн мэдээлэл, дансан дахь мөнгө, цаашлаад аюулгүй байдлыг хамгаалахад ихээхэн дэвшил гарахыг судлаачид онцолж байна. Сүүлийн таван жилийн хугацаанд Хятадын технологийн “аваргууд” болох “Алибаба”, “Тенсент” зэрэг компаниуд энэ салбарын судалгаанд чамгүй их хөрөнгө хаяж, QR  кодыг халах, шинэ, илүү найдвартай, хялбар арга хэрэгслийг эрэлхийлсээр иржээ.
Тухайлбал, дүрс хийгээд царай таних технологиор дагнан ажилладаг АНУ-ын “SenseTime” компанитай “Алибаба” өнгөрсөн онд 227 сая ам.долларын хамтын ажиллагааны гэрээ байгуулсан билээ. Түүнчлэн энэ технологийг ашигласан “Face ++” ч онлайн төлбөрийн компаниудтай хамтран ажиллаж буй. Нэг тэрбум ам.долларын эргэлттэй царай таних технологийн зах зээл 2025 онд гэхэд 7.1 тэрбум ам.долларыг эргэлдүүлсэн нүсэр салбар болно гэж технологийн ажиглагчид онцолж байна. Харин одоогоор энэ технологи хэрхэн ажилладаг вэ гэдэгт хариулт эрье.
Камерын тусламжтайгаар хүний нүүрний төрх, онцлог шинжийг уншуулан  авч тусгай цуврал алгоритмын тусламжтайгаар тухайн хүнийг илтгэсэн цор ганц код бичиж, цахим мэдээллийн баазад хадгалах зарчмаар энэхүү технологи ажилладаг. Толгойгоо үл ялиг хөдөлгөх, нүдээ анивчих  зэрэг хөдөлгөөн хийх үед ажиглагддаг нүүрний хувирал, онцлог шинжүүдийг ч  кодолж хадгалснаар царай таних технологийг илүү баталгаатай болгодог ажээ. Тухалбал, хэн нэгэн хүний гэрэл зургийг камерт уншуулан гүйлгээ хийх боломж үгүй гэсэн үг. Зах зээл дээр худалдаалагдаж буй олон гар утас царай таних программтайг бид мэднэ. Харин онлайн төлбөр, тооцоонд энэхүү технологийг ашиглах нь Хятадад ямар ямар салбарт ашиглагдаж байна вэ?
БНХАУ-ын Шэнжэн болон Гуанжөү хотод байрладаг “Jack & Jones” болон “Vero Moda” дэлгүүр хэрэглэгчдийнхээ царайг таньж үйлчилгээгээ хүргэж буй. “Вичат”-ын төлбөрийн системийн “Аль клаб” багт өөрийнхөө царайг бүртгүүлж, гишүүн болсноор энэхүү дэлгүүрүүдээр үйлчлүүлэхдээ илүү хялбар, найдвартай үйлчилгээг авна. Тухайлбал, худалдан авагч мөнгөө төлөхдөө тусгайлан байрлуулсан камерт царайгаа таниулахад л түүний банкны данс, карт, эсвэл цахим төлбөрийн хэрэгслээс  тооцоог нь суутган авна. 
Ханжөү хотын KFC түргэн хоолны салбаруудаар “Алибаба”-гийн царай таних үйлчилгээ  ашиглан төлбөрөө төлж болно. “Инээмсэглээд л төлбөрөө төл” нэртэй энэхүү аяны хүрээнд автомат захиалгын машинд утасныхаа дугаарыг оруулан хоолоо захиалаад, царай таних үйлчилгээгээр төлбөрөө төлөх хувилбарыг санал болгосон.
Мөн онлайн дэлгүүрүүдээс худалдаа хийх, АТМ-аас мөнгө авах зэрэг  банкны үйлчилгээнд энэхүү технологийг ашиглаж байгаа бөгөөд Жяньси мужийн ардын эмнэлэг ч энэхүү үйлчилгээг төлбөр төлөхөд нэвтрүүлжээ.
Түүнээс гадна Шанхай хотын Хунчяо олон улсын нисэх онгоцны буудал найман цэгт байршуулсан системийн тусламжтайгаар зорчигчдыг бүртгэх, нислэгийн мэдээллийг шалгах, ачаа өгөх зэрэг үйл явцыг ердөө хэдхэн минутын дотор, аюулгүйн үзлэгийг 12 секундын дотор хийдэг болоод байгаа юм. Ингэснээр ачаалал ихтэй үед нэг цагт 2000 хүртэлх зорчигчийг шалган нэвтрүүлэх хүчин чадалтай болсон нь үйлчилгээний чанар, хурдыг эрс сайжруулж буй аж. Мөн “Marriott International” сүлжээ зочид буудлын хоёр салбар энэхүү технологийн тусламжтайгаар үйлчлүүлэгчдээ бүртгэж эхлэв.
Онлайн төлбөр тооцооны шинэ хэрэгсэлийг амьдралд ийн нэвтрүүлснээр хүмүүс банкны карт, гар утас, бэлэн мөнгө огт ашиглахгүйгээр хэрэгтэй үйлчилгээгээ хүссэн үедээ авах боломжийг олгож байгаа бөгөөд цаг хугацаа, үйл ажиллагааг асар хэмнэсэн энэ технологи цаашид ч өргөжин тэлэх төлөвтэй байна.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100