CCTV.com Монгол > Нийтлэл > Нийтлэл

Цэмцгэрийн синдром буюу харшил

12-21-2018 15:10

 Одоогоос 150-200-хан жилийн өмнө, хамгийн хөгжсөн орны иргэд ч гараа тогтмол угааж заншаагүй байсан гэдэгт одоо итгэхэд бэрх. Өнөөгийн бидний бохирын туйл хэмээн үзэж буй зүйлс тэр үед өдөр тутмын амьдралынх нь ердийн үзэгдэл байлаа. Түүгээр ч зогсохгүй, эмч нар ч ариун цэвэрт төдийлэн анхаарал хандуулдаггүй байсныг 1840-өөд онд Венийн эмч Игнац Земмельвейс эх баригч нарын гарыг ариутгаж байх санал гаргаад санаанд оромгүй эсэргүүцэлтэй нүүр тулснаас харж болох нь. Магадгүй эмч нарын гараар дамжин элдэв өвчин, нян хүнд халдварлана гэх бодол доромжлол мэт санагдсан ч байж болох.
XIX зууны сүүлчийн хагасаас халдварт өвчин үүсгэгчийг нээснээр ариун цэврийг нийтээр сахих аян өрнөж, тэр хэмжээгээр нас барагсдын тоо, хүүхдийн эндэгдэл буурсан билээ. Таатай энэ үзэгдэл зөвхөн ариун цэврийг сахиснаас ч бий болсон юм биш, урьдчилан сэргийлэх эм бэлдмэл, тарилгыг амьдралд туршиж, олон хот бохирын суваг хийгээд цэвэр усны системтэй болсон нь үүнд нөлөөлсөн. Хожимхон бактерийн эсрэг үйчилгээт сульфаниламид, дараа нь антибиотик гарч ирсэн нь хүн төрөлхтний өсөлтөд өөрийн үүргээ гүйцэтгэжээ. Азийн орнуудад гараа тогтмол угааж ходоод, гэдэсний халдварт өвчин тусахаас сэргийлж байхад өндөр хөгжилтэй орнууд нэг алхам урагшилж, бактер устгадаг угаах шингэнүүдийг өдөр тутмынхаа амьдралд хэрэглэж заншлаа. Бие, хувцас, гал тогооны хэрэгсэл, сантехникт зориулсан шингэнүүдээс гадна агааржуулах системд ч нян устгах төхөөрөмж суурилуулж эхлэв. Микробиологийн талаас авч үзвэл, орчин үеийн хүний амьдралд бичил организм гишгэх зай хомсдож, цэвэрч байдал үлгэр жишээний туйлд ойртжээ.

Ариун цэврийн шинэ стандарт өөрийн давуу талаа харуулж амжлаа. Хөгжиж буй орнуудад халдварт өвчнөөр нас барагсдын тоо урьд үзэгдээгүйгээр цөөрч, цаашид ч энэ хандлага үргэлжлэх төлөвтэй. Гэвч эдийн засгийн чадавх сайтай, чинээлэг иргэдийн дунд ядуусын хороололд бараг “үзэгдээгүй” өвчин газар авч байна. Сүүлийн 30 жилийн хугацаанд харшил хэмээх өвчин тархаж, Герман, Англи, Франц зэрэг өндөр хөгжилтэй орны иргэдийн
10-30 хувийг дарлах болов. ДЭМБ-аас гаргасан тоогоор, дэлхийн хүн амын насанд хүрэгчдийн тав, хүүхдүүдийн 15 хувь нь ямар нэгэн харшилтай аж. Хүний эрүүл мэндэд нөлөөлөх байдлаараа ч, эдийн засаг хийгээд нийгэмд учруулах хохирлоороо ч харшил дээгүүрт бичигдэнэ.
Харшил хэмээх эмгэг хүүхдүүдэд голцуу илэрч байгааг онцлох нь зүй. 35-аас дээш насныхан ямар нэгэн шинэ харшилтай болох магадлал бага, харин ч нас ахих тусам өмнө байсан харшил арилах магадлал өндөр.
Энэхүү өвчний даамжрах механизмыг  тодорхойлоход хэцүү. Энгийнээр тайлбарлавал, ямар нэгэн антиген, гаднын биетэд хүний дархлалын систем огцом хариу өгч буй явдал. Уг антиген (аллерген) нь хүний эрүүл мэндэд ноцтой хор учруулахааргүй, өөрөөр хэлбэл муурны үс, ургамлын тоосонцор, шоколад, самар, нимбэг, жүрж гэх мэт бэрсүүт төрлийн жимснүүд байлаа ч ялгаагүй. Харшлын үед хүний биохимийн тогтолцоо хэрхэн өөрчлөгдөж, дархлаа тэгтлээ “сүржигнэдэг”-ийн баттай тайлбарыг эрдэмтэд өнөө хэр олоогүй. Харшлаар зогсохгүй, дархлалын систем өөрийнхөө эд эсийг устгадаг чонон хөрвөс, эвэршил, чихрийн шижин зэрэг өвчнөөр өвдөж буй тохиолдол мөн л хөгжиж буй орнуудад олон бүртгэгдэж байна.
Мэдлэг дууссан цаг үзэл бодол ярьж эхэлдэг хойно, дархлалын тогтолцооны гажиг яагаад ийм хурдацтай өсөж, тэр тусмаа хөгжингүй орнуудад, том хотын иргэдийг хамрах болов гэдгийг тайлбарласан жишээ олон.
Аж үйлдвэржилтийн улмаас экологийн тэнцвэрт байдал алдагдаж буй, нөгөө талаас олон төрлийн эм бэлдмэлийг ихээр хэрэглэдэг болсон, басхүү хөдөө аж ахуйд химийн бүтээгдэхүүн түлхүү ашиглаж байгаа, идэж буй хоол хүнсний бүтээгдэхүүний орц найрлага өөрчлөгдсөн, цаашлаад их ачаалал, стреес газар авч байгаа зэрэг олон хүчин зүйлтэй дээрх өвчнүүдийг холбон тайлбарлана. Генетикээр хувиргасан бүтээгдэхүүн хэрэглэхийг эсэргүүцэгчид “Биднийг Франкенштейний хоолоор тэжээж  байна” хэмээн “тунхаглана”. Гэтэл нөгөө талаас харшлын гаралтай өвчин хүчээ авч эхэлсэн үе буюу 1980-аад онд  манай гаригийн нэг ч га талбайд тийм ногоо тариалаагүй байсан.
Уг өвчний шалтгааныг генетикийн талаас тогтоох оролдлого ч бүтэл муутай. Харшил удамшдаг, тухайлбал ямар нэгэн зүйлээс харшил өгдөг эцэг, эхээс төрсөн хүүхэд мөн л түүгээр шаналах магадал 15 хувь. Харшлын механизмтай холбоотой 20 генийг судлаачид тодорхойлж чадсан ч  өвчнийг дарахад энэ нь төдийлэн тус болохгүй. Эм бэлдмэл, аяга таваг угаагч шингэн, саван, нийлэг эдлэл гээд бидний эргэн тойронд байдаг зүйлсэд агуулагдах химийн нэгдлүүд харшлын үндэс болж байна гэцгээх ч баримт нотолгоо маруухан. Харин ч дээр дурдсан зүйлсээс харшил өгдөг хүний тоо олширсоор.
Харин Британийн эрдэмтэн Стречэн нэгэн таамаглал дэвшүүлсэн нь бодит байдалтай илүү авцалдана.
Дөнгөж төрсөн нярай хүүхдийн эргэн тойронд хумхын тоос үлдээлгүй цэвэрхэн байлгахад сул тал гэж бас байдаг гэж тэрбээр үзсэн юм. Хэтэрхий цэвэр орчинд хүний Th1 буюу бичил организмтай тэмцэх зорилготой систем нь муу хөгжиж эхэлдэг, харин дархлалын тогтолцоо өөрөө дотоод тэнцвэрээ алдахгүй тулд гаднын биетийг мэдрэх зорилготой эсэд хүчээ төвлөрүүлж эхэлнэ. Эцсийн дүнд нь эрүүл мэндэд хоргүй байлаа ч ямарваа нэгэн гаднын биетийг хүчтэй эсэргүүцэх механизм бүрэлддэг. 1989 онд анх эл таамаглалыг олонд сонордуулахад энгийн иргэд төдийгүй эмч, мэргэжилтнүүд ч хэлээ үгээ олж ядан гайхсан билээ. Хотын иргэд болон хөдөө сууринд аж төрөгчдийн хооронд харшилтай болох магадлал хол зөрүүтэй байдгийн шалтгааныг үүнээс эрж болно. Өөрөөр хэлбэл, тийм ч цэмцгэр бус орчинд өссөнөөр хүний дархлалын системийн тэнцвэртэй байж, гаднын биетийг хэвийн хүлээж авна. Америкийн болон Германы эрдэмтдийн баталж буйгаар, муур, эсвэл нохойтой айлын хүүхэд харшилтай болох магадлал тун бага гэнэ.
Стречэний энэхүү таамаглал хэрэв үнэн бол орчин үеийн хүмүүс яах ёстой вэ? Өдөр бүр өсөн нэмэгдэж, хамрах хүрээ, төрлөө тэлсээр буй харшлаас хэрхэн сэргийлэх вэ? Халдваргүйтгэлээс татгалзаж, бохир орчин амьдрах уу? Эсвэл ариун цэврийн стандартыг бууруулах уу? Хүүхдүүддээ жимсийг угаалгүйгээр идүүлж, газраас авч залгиж буй бүхнийг нь үл тоох уу?
Мэргэжилтнүүдийн хариулт “Мэдээж, үгүй”. Эцсийн эцэст, хэдийгээр харшлын гаралтай хөхүүл ханиад, багтраа, инсулинаас хамааралтай өвчин, чонон хөрвөс, экземээр шаналлаа ч хэдэн арван жилээр амьдарч болно, харин булчин задрах тахал, цусан суулга туссан бол үгүй л болов уу.
Мэргэжилтнүүд энэ тал дээр гараа хумхиж суугаагүй, Швейцарийн “Cytos Biotechnology” компани микобактерийн гаралтай CYT003-QbG10 хэмээх бэлдмэл гаргаж авлаа. Хамгийн өргөн дэлгэрсэн гэгддэг муурын үс, ургамлын тоосонцорын харшилтай хүмүүс дээр туршиж үзэхэд үр дүнгээ өгсөн аж. Мөн харшлын эсрэг эндотоксины найрлагатай ALEX нэртэй бүтээгдэхүүн нь клиник туршилтын шатанд явна.
Шинжлэх ухаан төгс шийдэл олтол харин дархлалын системээ “дасгалжуулж” болох нэг хувилбар л бидэнд үлдлээ. Ургамлын тоосонцор, эсвэл самрын харшилтай болгочихгүйн тулд хүүхдээ тийм зүйлтэй ойрхон байлга. Өөрөөр хэлбэл вакцин маягаар ашигла. “Бүх бактерийг устгана” гэсэн сурталчилгаатай угаалгын нунтаг руу хошуурахаа түр азна. Цонх салхивчаа нээж бай. Мод чулуунд хүрэхэд нь бүү хоригло, хүмүүстэй гар барих, хөтлөлцөх боломжийг ч хүүхэддээ олго. Нохой муур тэжээ гэж зөвлөж байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100