CCTV.com Монгол > Нийтлэл > Нийтлэл

Эдийн засгийн хөгжлийг байгаль хамгаалалтай хослуулахуй

12-06-2018 13:36

 Асит Бисвас
(Шотландын Глазгогийн их сургуулийн зочин профессор, Гуравдагч орнуудын усны менежментийн төвийн үүсгэн байгуулагч)

Хятад улс Өөрчлөлт, нээлтийн бодлогоо хэрэгжүүлж эхэлсэн 1978 онд нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ дэлхийд дунджаар 1973.79 ам.доллар байсан бол тус улсынх ердөө 156.40 ам.доллар байв. Харин 2017 оны байдлаар энэ үзүүлэлт дэлхийн түвшинд 5.4 дахин өсөж 10714 ам.доллар, харин Хятадын хувьд 56.4 дахин өсөж 8826 ам.долларт хүрчээ. 1978 онд хятад хүмүүсийн дөрөвний гурав нь нэн ядуу амьдралтай байсан бол энэ жилийн эцэс гэхэд Хятадын хүн амд эзлэх амьжиргааны түвшин доогуур иргэдийн тоо нэг хувиас ч бага гарах төлөвтэй байна. Энэ бол хүн төрөлхтний түүхэнд урьд хожид гараагүй онцгой өөрчлөлт, гайхамшигт дэвшил билээ.
Би анх 1981 онд Хятадын албаныхны хүсэлтээр, умард-өмнөдийн ус дамжуулах хоолойн төсөлд зөвлөхөөр ажиллахаар тус улсад хөл тавьж байлаа. Энэ төсөл одоо ч Хятадын дэд бүтцийн салбарын хамгийн өргөн далайцтай төслийн нэг хэвээр байна. Ажлынхаа хүрээнд би бүтэн сар Хятад оронтой танилцаж, олон ч газраар явсан. Гадаадын иргэн болохоор надад Хөх мөрний эрэг дагуух хот, тосгодоор зочлоход тусгай зөвшөөрөл хэрэгтэй байлаа.
Тэр үед танилцсан нэгэн өндөр албаны эрхэм намайг шинээр байгуулагдаад удаагүй, 1949 оноос хойш анх удаа гадаадын иргэдэд үл хөдлөх хөрөнгө худалдаж дөнгөж эхлээд байсан Шэньжэний эдийн засгийн онцгой бүсэд байшинтай болохыг зөвлөж билээ. Ердөө 35 мянган хүнтэй, тус бүрдээ 0.8 га газар бүхий жижигхэн хотхонууд баригдаж эхэлсэн тэр үеийн Шэньжэнд шинэ байшин ойролцоогоор 84 мянган ам.доллар байв. Харин мөнөөх албаны хүн намайг үл хөдлөх хөрөнгө худалдаж ав гэж ятгахдаа 2000 он гэхэд хотын хүн ам таван саяд хүрнэ, хот ингэж тэлнэ, тэгж ч хөгжинө хэмээн ярьж байв. Харин би саналаас нь эелдэгээр татгалзаад хүн төрөлхтний түүхэнд 20-хон жилийн дотор хүн ам нь 35 мянгаас таван саяд хүрсэн нэг ч хот байхгүй гэж хэлсэн билээ.
1981 онд хийсэн тэр том алдаандаа би одоо ч харамсдаг. Шэньжэнд байшин худалдаж аваагүй минь миний амьдралын хөрөнгө мөнгөтэй холбоотой гэж болох хамгийн том хохирол байсан. Одоо гэтэл Шэньжэнд байшин барих газар л гэхэд дангаараа 50 сая ам.долларын үнэ хүрч байна.
Хятадууд өөрсдөө ч Шэньжэний өсөлтийг дутуу тооцоолсон юм. Энэ оны эхээр очиход хотын дарга оршин суугчдынхаа тоог 2035 он гэхэд одоогийнхоос дахин 10 саяар нэмэгдэнэ гэсэн урьдчилсан тооцоо үзүүлж байлаа. Хотын дарга надаас тэр олон хүний ундны усыг хэрхэх вэ, бохироо яаж шийдэх вэ, эдийн засгийн ямар гарц шийдэл байна вэ гээд олон сэдвээр зөвлөгөө авахыг хүссэн хэрэг л дээ.
Зөвхөн Шэньжэний жишээнээс харахад л Хятад орон маш онцгой улс болох нь мэдэгдэнэ. Улирч өнгөрсөн түүхийн, дэлхийн өөр аль ч орны талаарх ямар нэгэн мэдлэг, туршлага энэ улсын хойшдын хөгжил, ирээдүйг урьдаас таамаглахад нэмэр тус болохгүй.
Би 1981 оноос хойш жил бүр дор хаяж нэг удаа Хятадад ирж байна. Тэгэх бүрдээ сүүлийн 40 жилийнх нь үсрэнгүй хөгжлийг яг л анх удаа мэдэрсэн шигээ гайхан биширдэг. Хятадуудыг хөгжилд хэт яарахдаа үүн дээр л алдаж дээ гэж хэлэх зүйл ч олддоггүй. Гэтэл зарим шүүмжлэгч эдийн засгийн өсөлтийг нь байгаль орчинд халгаатай байна, усны нөөцийг нь дундалж агаар, хөрсийг нь бохирдууллаа гэлцдэг.
Хуучнаар Байгаль хамгаалах хорооны анхны дарга Чү Гэпинд би нэгэн үе зөвлөхөөр ажиллаж байсны дээр түүнтэй хамтран “Хөгжиж буй орнуудын байгаль орчны нөлөөллийн үнэлгээ” нэртэй ном бичсэн нь англи, хятад хэлээр хэвлэгдсэн билээ. Баттай эх сурвалжид энэ мэт ойр байж, Хятадын өсөлт хөгжлийг нүдээр үзсэний хувьд би тус улсын өнгөрөгч 40 жилийн экологид үзүүлсэн нөлөө, эдийн засгийн хөгжлийг байгаль хамгаалалтай хэрхэн хослуулж ирсэн туршлагын талаар хэд хэдэн чухал баримт дэлгэж чадах юм.
Намайг анх Хятадад ирэхэд Бээжинд ч, өөр бусад хотод ч агаарын бохирдол гэж байсангүй. Гэвч эдийн засгийн өсөлт эрчээ авахын хэрээр агаар, ус, хөрсний бохирдол хэдхэн жилийн дотор яалт ч үгүй тулгамдсан асуудал, бэрхшээл болсон билээ. ДЭМБ 2012 онд Хятадыг агаарын бохирдлын хэмжээгээр магад дэлхийд тэргүүлэхээр байна, ойролцоогоор сая гаруй хүн бохир агаараас болж жил бүр цаг бусаар амиа алдаж байна гэж мэдээлж байлаа. Харин усны бохирдлын тухайд 2014 онд Хятадын гүний усны 15.7 хувь нь “маш бохир”, 44 хувь нь “бохир” гэсэн дүгнэлт гарч байв. Нийт гүний усных нь ердөө гурван хувь буюу умард нутгийнх нь 440 мянган ам.км талбайн гүний ус л “цэвэр” гэгдэхээр байлаа. Мөн 2014 онд хийгдсэн өөр нэг судалгаагаар Хятадын нийт газар нутгийн 16.1 хувь нь хөрсний бохирдолтой, газар тариалан эрхлэх боломжтой газрынх нь 19.4 хувь химийн ямар нэгэн бодис, хүнд металлтай, элэгдэж бохирдсон газрынх нь нийт хэмжээ Их Британийн нутаг дэвсгэрээс ч том гэсэн дүн гарчээ.
Ерөөс байгаль орчны доройтлын асуудал 2000-аад он гарснаас хойш хурцаар хөндөгдөж эрх баригчид ч, олон нийт ч сэтгэл түгших болсон юм. 1999 онд тэр үеийн Ерөнхий сайдын орлогч Вэн Жябао “усны хомсдол хятад үндэстний оршин байхуйд аюул заналхийлж байна” гэж мэдэгдэж байв. Харин Хятадын төр засгийн байгаль экологийн асуудлаарх ерөнхий стратеги төлөвлөгөө чухам энэ үед өөрчлөгдөж, иргэдийн ашиг орлогыг нэмэгдүүлэхийн хамт ахуй, орчных нь чанарт анхаарах, түүнийг сайжруулахад илүүтэй чиглэсэн гэж болно.
Үүний хамгийн тод жишээ нь бохирдол үүсгэгч бүхий л эх үүсвэртэй хатуу тэмцэх, байгаль орчны хууль журмуудыг чангатгах бодлого юм. АНУ зэрэг дэлхийн гол бохирдуулагч томоохон орнуудаас ялгаатай нь Хятад улс хууль журмаа маш хатуу мөрддөг, олон улсын өмнө хүлээсэн үүргээ ягштал биелүүлэхийг хичээдэг, байгаль хамгаалал, экологид суурилсан иргэншил гэх үзлийг дэмждэг. Энэ болгон нь мөн төрийн үзлийн чиг баримтлал байгаад зогсохгүй бодит ажил хэрэг болдог. Тухайлбал их хэмжээний бохирдол үүсгэгч нүүрсний болон гангийн үйлдвэрүүдийг хаах, дахин боловсруулах үйлдвэрүүдэд хатуу биет хог хаягдал авахгүй байх, цахилгаан машины үйлдвэрлэлийг өргөтгөх гээд одоогоор хөгжингүй болон хөгжиж байгаа нэг ч орны хийж зүрхлээгүй, гүйцэлдүүлж чадахгүй байгаа ажлуудыг ганцхан Хятад улс л бодит үйл хэрэг болгоод байна. Энэ бүхнийг Экологи, байгаль орчны яам нь маш сайн гүйцэтгэж, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хатуу хяналт тавьдаг. Иймээс ч Хятадын байгаль орчны яамыг дэлхийн хамгийн хүчирхэг яам гэх нь бий. Тус улсын эрх баригчид одоогоор бохирдлыг цэвэрлэх, бохирдлоос сэргийлэх гэсэн үндсэн хоёр чиглэлийг барин ажиллаж байна.
Бохирдлыг арилгах нь хэчнээн үр дүнтэй байгааг сүүлийн таван жилийн тоон мэдээнээс харж болно. Албаны хүмүүс 2013 онд Бээжингийн агаар дахь PM 2.5 буюу нарийн ширхэгт тоосонцорын хэмжээг 2018 он гэхэд шоо метр тутамд 60 микрограмм хүртэл бууруулна гэж ам гарсан. Тэр үед гадаад, дотоодын олон хүн энэ амлалтыг биелшгүй гэж байсан бол энэ оны нэгдүгээр сарын байдлаар Бээжингийн PM 2.5-ын хэмжээ шоо метр тутамд 34 микрограмм хүртэл буурсан нь 35 мкг/м3 гэсэн улсын дунджаас хүртэл бага үзүүлэлт юм. Бээжин хотын Байгаль орчны хорооны мэдээгээр өнгөрөгч нэгдүгээр сарын агаарын чанарын үзүүлэлт 2017 оны мөн үеийнхээс 55 хувиар сайжирсан дүнтэй гарчээ. Одоо хөрсний бохирдлыг арилгах, усны чанарыг сайжруулах гэсэн аль аль нь хугацаа их шаардсан ажлууд үлдэж байна. Хятадын Засгийн газар одоогоор агаарын болон усны чанарыг 2025, хөрсний чанарыг 2035 он гэхэд сайжруулах урьдчилсан зорилт тавиад буй. Зөвхөн Бээжингийн агаар цэвэршсэн туршлагаас харахад эдгээр нь хэрэгжүүлэх боломжтой зорилтууд юм.
Ши Жиньпин дарга 2017 оны долдугаар сард байгаль орчныг бохирдлоос хамгаалах, ядуурлыг үндсээр нь устгах, санхүүгийн эрсдэлийг бууруулах гэсэн гурван том ажлыг улс орныхоо өмнө тулгарч буй нэн тэргүүний асуудлууд хэмээн зарласан. Төрийн хамгийн дээд түвшнөөс нь хүртэл ингэж анхаарч байхад Хятад улс хөгжингүй өөр аль ч орноос урьтаж байгаль экологийн асуудалд дэвшил гаргах нь эргэлзээнгүй.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100