CCTV.com Монгол > Нийтлэл > Нийтлэл

Дөрвөн зууныг товчилсон 40 жил

12-04-2018 15:53

 Хүн гэдэг ерөөс хэсэгхэн цаг хугацааны хооронд аж төрөхдөө төдийгөөс өдий хүртэл олон үйл явдалтай нүүр тулгардаг ч заримдаа өөрсдөө ч түүнийгээ мартаж орхидог гэмтэй. Анхны бүхнийг л үүр түүрхэн санахаас нийгэм, бид өөрсдөө хэрхэн хувьсан өөрчлөгдөж байгааг анзаарах сөхөөг амьдрал бидэнд олгодоггүй ч байж мэднэ. Харин хэзээ хойно нь “Тэгэхэд...” гэж дурсан ярих нь бий. Тэгж ярьсан болгон тэр бүхнийг нүдээр үзээгүй бүхэнд үлгэр домог шиг санагдана.
Өдийгөөс яг 40 жилийн өмнө Хятадад өөрчлөлт, нээлтийн салхи үлээжээ. Энэ салхийг эхлүүлсэн хүн нь Дэн Сяопин. “Муур хар байна уу, цагаан байна уу, хамаагүй. Гол нь хулгана барьдаг байх хэрэгтэй” гэсэн түүний үгийг мэддэггүй хятад хүн үгүй. Энэ үгээрээ тэрбээр Хятадын нийгэм ямар тогтолцоотой байх нь гол биш, хүмүүс идэх хоолтой, өмсөх хувцастай, орох оронтой байх нь чухал хэмээн үзэж байв. Түүний ачаар л Хятад орон олон улсад нээлттэй зах зээлийн тогтолцоотой болж, 40 жилийн дотор дэлхийн тэргүүлэх гүрний нэг болсон юм. Би Хятадын өөрчлөлт, нээлтийн эхлэлийг нүдээр үзээгүй ч одоо цагтай нь хөл нийлүүлэн амьдарч байна. Өнгөрсөн цаг хугацааны талаарх ойлголтыг Хятадын уран зохиол, өнөөгийн байдлыг Бээжинд өнгөрүүлсэн гурван жил минь надад өгсөн юм.
Энэ нийтлэлийг бичихийн тулд би Хятад хүмүүсээс өөрчлөлт, нээлтийн талаарх сэтгэгдлийг нь сонссон. Гэхдээ хэн нэгэн багш, судлаачдаас биш өдөр тутам тааралддаг, эгэл жирийн хүмүүстэй уулзахыг зорилоо. Учир нь тэд л ний нуугүй, өнөөгийн нийгмийн үнэн дүр төрхийг хэлж чадна.
Ван И бол таксины жолооч. 60 настай тэрбээр эхнэр, хоёр хүүхэдтэй. Хүүхдүүд нь аль хэдийнэ тусдаа гарчээ. Хүү нь Америкт гэр бүлийнхээ хамт амьдардаг бөгөөд өөрчлөлт, нээлт түүнийг “Орон гэртэй, унах машинтай, хүүг нь дэлхийн тэргүүлэх гүрэнд сурч, ажиллаж, амьдрах боломжтой болгосон” гэсэн юм. Харин автобус хүлээнгээ танилцсан хижээл насны эмэгтэй “Өөрчлөлт, нээлт хятад хүн бүрт маш их зүйлийг өгсөн. Гэхдээ агаар, хөрсний бохирдол, усны хомсдол, энэ олон машин, замын түгжрэлийг бий болгосон” хэмээсэн юм. Мэдээж бүх зүйлд сайн, муу ээлжлэн оршдог. Сайныг дагуулдаггүй муу, муугүй сайн зүйл гэж орчлонд үгүй.
Хятад хэлээ сайжруулахын тулд танилцсан эмээ маань өдгөө 85 настай. Тэрбээр 1978 онд нөхөр, гурван хүүхэд, ээж, дүүгийн хамт долуулаа амьдардаг байжээ. Харин нөхөр, эхнэр хоёрын цалин нийлээд ердөө 150 орчим юань байв. Энэ мөнгөөр долоон ам бүл аж төрдөг байсан гэнэ. Тэр тухайгаа дурсахдаа Ли эмээ “Одоо бол хүмүүс юу хийхийг хүссэнээ хийж, юу дуртайгаа идэж байна. Тухайн үед бид өлсөж үхэхгүйн тулд юу ч хамаагүй хийж, юу ч хамаагүй иддэг байлаа” хэмээсэн. 40 жилийн өмнөх Хятад орныг эмээгийн яриагаар төсөөлж болмоор. Харин гурван жилийн дотор Хятад орон хэрхэн өөрчлөгдсөнийг би өөрийн биеэр мэднэ. Анх ирсэн жилээ метрон дотор гуйлга гуйдаг олон хүнтэй таардаг байлаа. Тэд хөгжим тавин, зовлонгоо ярьж, зарим нь хүүхэд дагуулсан байх нь элэг эмтэрмээр. Харин сүүлийн нэг жил би тийм хүнтэй таараагүй. Нэг л өдөр хүний амьдрал сайжирчихгүй. Гэхдээ ард иргэдийнхээ төлөө хийсэн бүхний үр дүн алхам  алхмаар илэрч буй нь энэ.
Түүнчлэн гурван жилийн өмнө өглөө хэдэн цаг болж байгааг ч таахын аргагүй утаатай байдаг байлаа. Өдгөө утааны асуудлаа тэд үйлдвэрүүдээ гадагшаа гаргах гэх мэтээр олон арга хэмжээ авч хэрэгжүүлэн, шийдчихсэн. Хэзээд Хятадыг дэлхийн тавцанд хойш нь татдаг зүйл бол бохир гэх ойлголт. Тэгвэл өдгөө цаг тутам дугуйтай хүн хогийн савнуудыг шалгаж, ойр орчмынх нь хогийг цэвэрлэх болсон. Мөн ариун цэврийн газраа сайжруулахын тулд бүхэл бүтэн төсөл хэрэгжүүлж, Хятадын өнцөг булан бүрт ухаалаг ариун цэврийн өрөө байгуулагдаж, хичээл заадаг, ачаа хүргэдэг гэх мэт олон төрлийн робот, жолоочгүй машин, онгоц, нисдэг тэрэг бүтээж, сар тутам хиймэл дагуул хөөргөж байна.
Тус 40 жилийн хугацаанд Хятад орон хэрхэн өөрчлөгдсөнийг тоон мэдээллээр дурдвал, 700  сая хятад хүн ядуурлаас ангижирч, ДНБ-ий өсөлт 1980-2015 онд 191 тэрбумаас 11 их наяд доллар болж өссөн нь дэлхийн эдийн засгийн түүхэнд байгаагүй үйл явдал юм. ДНБ-ээ 58 дахин өсгөсөн улс Хятадаас өөр дэлхийд байхгүй. Зөвхөн сүүлийн таван жилийн тоон үзүүлэлтээс харахад, ядуу хүн амын тоог 68 сая гаруйгаар цөөрүүлж, ядуурлын хэмжээг 10.2 хувиас 3.1 хувь болон бууруулжээ. Таван жилийн өмнө гадаадад жуулчлах хятад иргэд 83 сая байсан бол өдгөө 130 сая гаруй болж, өндөр настны даатгалд 900 сая хүнийг, эмчилгээний даатгалд 1.3 тэрбум хүнээ бүгдийг хамруулж, нийгмийн баталгааны дэлхийн хамгийн том сүлжээг байгуулсан байна. Хятадын хүн амын дундаж наслалт 76.7 хүрсэн аж. Эдүгээ Хятад нь дэлхийн хамгийн олон хүн амтай, тэгсэн атлаа иргэдийнх нь олонх нь дунд зэргийн орлоготой улс болж чаджээ.
40 жилийн өмнөх Хятад, өнөөгийн Хятад хоёр тэнгэр, газар шиг зөрүүтэй. Ийм эрин үеийг өөр нэгэн улс туулсан бол магадгүй дөрвөн зууныг элээх байсан биз. Гэтэл хятадууд энэ бүхнийг ердөө 40 жилийн дотор цогцлоожээ.
Э.Эрдэнэцэцэг

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100