CCTV.com Монгол > Нийтлэл > Нийтлэл

Өөрчлөлт, нээлтийн онцгой түнш Сингапур

11-29-2018 15:05

 БНХАУ өнгөрсөн 40 жилийн хугацаанд дэлхийн нийт ДНБ-ий ердөө 1.8 хувийг эзэлдэг, олон улсын худалдааны эргэлтэд эзлэх хувь нь бараг тэг хувьтай байсан орноос эдгээр үзүүлэлт нь тус бүрдээ 15.5, 14.2 хувь болтлоо өссөн, 2035 он гэхэд олон улсын худалдааны эргэлтэд эзлэх хувь нь 22 хувьд хүрэх төлөвтэй буй улс болтлоо хөгжжээ. Энэхүү өөрчлөлт, нээлтийн 40 жилд Хятад улс хурдтай аж үйлдвэржиж, бүр өмнө нь нээлтийн бодлогыг сонгосон Зүүн Азийн бусад орноос үлгэж жишээ авсны нэг нь Хятадын стратегийн онцгой түнш болох Сингапур улс юм.
Сингапур хэдий жижиг улс ч гэсэн “экспортын төлөө үйлдвэрлэх” гэсэн зарчмыг амжилттай мөрдөж, дэлхийн стандартад нийцсэн дэд бүтцийг хөгжүүлэх, хоорондоо ажил үйлсээрээ өрсөлдөхүйц хэмжээний төрийн оролцоот компаниудыг байгуулах, иргэний нийгмийн салбарыг онцгойлон анхаарах зэрэг бодлого хэрэгжүүлсэн нь хөгжиж буй олон улсад, түүний дотор Хятад улсад загвар жишээ болжээ.
Өнгөрсөн хугацаанд хоёр орны дунд солилцоо, хамтын ажиллагааны олон чухал хөтөлбөр хэрэгжсэнээс харилцан хөрөнгө оруулах, хятад оюутнуудыг Сингапурт сургах зэрэг үр дүнтэй ажил олон байв. Түүх сөхвөл 1979 онд  буюу Өөрчлөлт, нээлтийн бодлого зарлагдсанаас, мөн Дэн Сяопин Сингапурт айлчилснаас ердөө жилийн дараа хоёр улс худалдааны гэрээ байгуулж, 1981 онд хоёр талын худалдааны асуудал эрхэлсэн алба хоёр орны нутагт байгуулагдсан байдаг. Хожим 2000-аад он гарсны дараа Хятадад эдийн засгийн тусгай бүсүүд байгуулагдахад тэдгээрийг хөгжүүлэх ажилд Сингапур улс мөн хамтран ажиллажээ.
Сингапур улс 1980-аад онд Хятадад хөрөнгө оруулагч орнуудыг нэгэн үе тэргүүлж байлаа. Тус улс одоо ч гол хөрөнгө оруулагчдын нэг хэвээр бөгөөд 2016 онд гэхэд 105 тэрбум ам.долларын хөрөнгө оруулснаараа Хятадад хөрөнгө оруулагч гадаад улсуудын гуравт бичигдэж байна. Хятадын АСЕАН-ий орнуудад оруулдаг хөрөнгө мөнгөний гол дамжих цэг нь ч Сингапур юм. Тус улсад бүс нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Хятадын олон том пүүс компанийн төв мөн байрлаж байна.
Хойшид ч хоёр орны хамтын ажиллагаа өргөжин тэлэх нь маргаангүй. Хятадын “Бүс ба зам” зорилтыг хэрэгжүүлэхэд Сингапур улс бүс нутгийн гол тоглогч болохоос гадна Америк, Европын үндэсний эрх ашгаа хамгаалах одоогийн уур амьсгалаас болж хоёр улсын түншлэл улам ойр дотно байх нь ч мөн тодорхой юм. Сингапурын Засгийн газар энэ жил дэд бүтцийн томоохон төслүүдтэй холбоотой аливаа зөрчил, маргааныг шийдвэрлэх Азийн Дэд бүтцийн эрсдэлийн менежментийн төвийг байгуулсан. Энэ нь “Бүс ба зам” санаачилга дахь Сингапурын оролцоог улам бүр нэмэгдүүлж байна.
Хоёр улс хоёулаа “Дөрөв дэх үеийн аж үйлдвэржилт”-ийн хөгжлийн замыг сонгосон энэ үед Хятад, Сингапурын харилцаа маш чухал хамтын ажиллагаа, онцгой содон түншлэл болох юм. Аль аль нь тус тусын эдийн засгийн гайхамшгийг бүтээсэн, дэлхий дээрх эдийн засаг нь хамгийн өсөлттэй бүс нутагт оршдогийн хувьд хоёр улс Зүүн Азийн бусад хөршүүдтэйгээ хамтрах, илүү ойлголцох тал дээр ч ижил төстэй, хамтын ажиллагааны чухлыг ойлгохдоо ч магад бусдаас илүү байж мэдэх юм.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100