CCTV.com Монгол > Нийтлэл > Нийтлэл

Хятадад хэрхэн тэтгэлэгтэй сурах вэ

11-28-2018 16:01

 Цуврал 1. Засгийн газрын тэтгэлэг
Эзэмшсэн боловсрол тань чамлалтай санагдаж, мэргэжлээ дээшлүүлэн гадаадад сурмаар байна уу? Тэгвэл бид Хятадад хэрхэн тэтгэлэгтэй сурах талаар мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ.
БНХАУ нь Азийн хамгийн их гадаад оюутантай улс болох зорилго тавин ажиллаж байгаа. Энэ зорилгынхоо хүрээнд гадаад оюутныхаа тоог жилд зургаан хувиар өсгөж, 2020 он гэхэд 500 мянга болгохоор зорьжээ. Ийм үед тус улсад суралцах нь олон давуу талтай юм. Хятадад тэтгэлгээр суралцах гурван боломж бий. Үүнд, Хятадын Засгийн газрын тэтгэлэг, Өөртөө засах орон, мужийн тэтгэлэг, сургуулийн тэтгэлэг. Бид энэ удаа Хятадын засгийн газрын тэтгэлгийн мэдээллийг хүргэж байна.
БНХАУ-ын 300 орчим сургууль Засгийн газрын тэтгэлгээр оюутан элсүүлэх эрхтэй байдаг. Тэтгэлэгт хамрагдсанаар бакалаврын түвшинд сарын 2500, магистрантурт 3000, докторантурт 3500 юанийн амьжиргааны мөнгийг жилийн 12 сард сар бүр авна гэсэн үг. Хэрэв хэлний бэлтгэлд сурахаар бол тэр хугацаанд ч мөн та ийм хэмжээний тэтгэлэг авна.
Хятадын Засгийн газар урьд нь манай улсаас тэтгэлэгт хөтөлбөртөө жилд 20 гаруй оюутан хамруулдаг байсан бол Ерөнхийлөгч Ши Жиньпин айлчилсанаар 2015 оноос эхлэн таван жилийн хугацаанд 1000 оюутан хамруулахаар болсон. Үүнийг Засгийн газрын тусгай тэтгэлэг хэмээн нэрийдэж тухайн жилээ эхний ээлжийн 200 оюутныг тэтгэлэгт хамруулсан байдаг. Хятадын Засгийн газар тусгай тэтгэлгээс хойш Засгийн газрын тэтгэлгээр Монголоос оюутан авахаа больж, нэг ёсондоо хоёр тэтгэлгээ нэгтгэсэн юм. Энэ 2018 оны хичээлийн жилд л гэхэд нийт 258 иргэнийг бакалавр, магистрантур, докторантурын сургалтад суралцуулахаар тэтгэлгээ зарлаж, сонгон шалгаруулалт явуулсан байна. Харин ирэх 2019 он тус тэтгэлгийн сүүлийн жил бөгөөд тэтгэлгийн хугацааг сунгах эсэх талаар яригдаж байгаа гэсэн албан бус мэдээлэл байгаа юм.
Тэтгэлэгт хамрагдахад бакалаврт бүртгүүлэгчдээс англи хэл, хятад хэл, математик, магистрантур, докторантураас англи хэл, хятад хэлний бичгийн шалгалтыг тус тус авдаг. Бичгийн шалгалтад тэнцсэнээр ярилцлагад орох эрхтэй болно. Ярилцлагад орохын өмнө Хятад улсад суралцах хөтөлбөр, төлөвлөгөө бичсэн байх шаардлагатай. Ингэхдээ бакалаврт 200, магистрантурт 500, докторантурт бол 800-аас цөөнгүй үгтэй, хятад эсвэл англи хэлээр бичнэ. Мөн магистрантур, докторантурт суралцах бол профессор эсвэл дэд профессор хоёр  хүний хятад, англи хэлээр бичсэн тодорхойлолт хэрэгтэй. Хятадын Засгийн газрын тэтгэлэгт оюутныг хүлээн авах сургуулиас гаргасан урьдчилсан урилга, хэлний ур чадварын гэрчилгээ, HSK, IELTS, эсвэл TOEFL-ын дүнгийн хуудас гэх мэт байвал давуу тал болдог. Харин хятад хэлний бэлтгэлд суралцах шаардлагатай иргэд Хятадын талаас хуваарилсан сургуулийн хэлний бэлтгэлд суралцсаны дараа шалгалт өгнө. Энэхүү шалгалтад тэнцсэн иргэд үргэлжлүүлэн БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр үндсэн мэргэжлээрээ сурах боломжтой. Суралцагч замын зардлаа өөрөө хариуцах бөгөөд БНХАУ-ын Засгийн газраас сургалтын төлбөр, амьжиргааны тэтгэлгийг санхүүжүүлдэг.
Хятадын Засгийн газрын тэтгэлгийн талаарх мэдээлэл тухайн жилийнхээ 2-4 дүгээр сард БСШУСЯ-ны https://mecss.gov.mn/ цахим хуудсанд тавигддаг. Тэтгэлгийн шаардлага жил бүр харилцан адилгүй байдаг бөгөөд 2018 оны тэтгэлгийн шаардлагыг танилцуулья.
Боловсролын түвшин ба насанд тавигдах шаардлага
Бакалаврын түвшинд суралцах бол бүрэн дунд боловсролтой, 25 хүртэлх насны
Магистрантурт суралцах бол бакалаврын зэрэгтэй, 35 хүртэлх насны
Докторантурт суралцах бол магистрын зэрэгтэй, 40 хүртэлх насны
Бакалаврын түвшинд суралцах бол голч дүн 3.0 ба түүнээс дээш байх.
Магистрантурт болон докторантурын түвшинд суралцах бол 2.5 ба түүнээс дээш байх.
Бүртгүүлэхэд шаардлагатай материал
Иргэний үнэмлэх, гадаад паспорт (эх хувь болон хуулбарын хамт) болон сүүлийн зургаан сарын хугацаанд авахуулсан 3х4 хэмжээтэй цээж зураг 2 хувь.
Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, бакалавр, магистрын дипломын эх хувь, нотариатаар баталгаажсан хуулбар нэг хувь.
Бүртгэлийн хураамж 10.000 төгрөг.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100