CCTV.com Монгол > Нийтлэл > Нийтлэл

Хубилай сэцний сэтгэлийн тагтаа-Цагаан суварга

11-27-2018 14:51

Юаний Дайдугийн хөшөө гэлтэй Цагаан суварга Хубилай сэцэн хааны сэтгэлийн цагаан тагтаа шигээр тэртээ 13-р зууны цаанаас манай үе рүү нисэн ирсэн билээ.
Одоо Бээжингийн Фү Чэнь Мэн хаалганы гадна бүхий Мяо Инь Цы сүмд тэр цагаан суварга сүндэрлэсээр байнам. Зы Юаний наймдугаар он буюу 1271 онд Хубилай хааны зарлигаар Ляо улсын хуучин суваргын туурин дээр тус суваргыг эхлэн босгосон ажээ. Хубилай хааны Жүндү нийслэллэсний дараахан Ляогийн хуучин суварганаас улаан гэрэл тэнгэрт тулам сацран гарсан бөгөөд мөнхүү суварганаас “Зы Юань Түн Бао” хэмээх үсэг бүхий бэлгэт алтан зоос олдсон нь хааны сүжиг бишрэлийг гүн төрөгдүүлж Цагаан суваргыг босгосны шалтгаан мэтээр домоглодог. Бас Шагжамуний шарилыг залахын төлөө байгуулсан ч гэдэг. 1279 онд Цагаан суваргын барилга сүр хурааж тус суваргаар хүйс болгон Түмэн амгалан хийдийг байгуулсан байна. Харин Түмэн амгалан хийдийг Цагаан суварганы оройнноос харвасан сумны тусалтын хэмжээгээр асар сүрлэг цогцлоосон байжээ. Зөвхөн энэхүү хийдийн бурхны хөрөг хийгээд ханыг алтадахад 540 лан алт, 240 жин мөнгөн ус хэрэглэсэн гэдэг. Энэхүү мундаг хүрээ бүхий Түмэн амгалан хийд нь он цагийн тоолонд амгалан байж чадсангүй. Сүүлд нь Мин Шюнь Зун зарлиг буулган Цагаан суварга болон сүмийг сэлбэж, тус сүмээ Мяо Инь Цы хэмээн нэрлэсэн нь одоох нэрийдлийн эхэн буюу.
Цагаан суварга бол Дундад улсад одоо болтол үлдэгдэн бүхий хамгийн эртний бөгөөд хамгийн том Юаний үеийн бурхны шашны суварга юм. Тус суварга нь суурь, их бие, орой гэх гурван хэсгээс бүрэлдэх агаад 810 ам дөрвөлжин метр талбайг хамардаг, 50,9 метр өндөртэй. Жангаа хутагт Ролбидорж Цагаан суварганы өндрийн тухай “Их суваргын гаднах өндрийн хэмжээ 43 алд” хэмээн монгол хэмжээсээр тэмдэглэсэн нь бий. Цагаан суваргад зураг авахаар хүрсэн тэр өдөр цас хаялж Юаний хаад балгадын тэр эрхэмсэг цагаан өнгө нүдний өмнө харагдан байлаа. Цагаан суваргаар тэр цул цагааны дунд ууссан хэрнээ цасанд дэлгэрсэн цэцэг шиг нүднээ содон ажээ.
Сүмийн хаалгыг өнгөрвөл хоёр этгээдэд Хэнгэргийн асар болон Жүнгийн асартай. Түүний хойд сүмийн үүдэн асраар орвол Махранзын дуган тааралдана. Дуганы төв дунд Майдар бурхныг тахиж хоёр талаар дөрвөн Махранз эгнэжээ. Тус дуганы ард Да Зы Бао Динь дуган байна. Дугануудын төв дунд алтадсан Шагжамунийн хөргийг тахиж Юань, Мин, Чин, Чингийн үеийн бурхадын шуумлууд олноороо байна. Түүний дараалал Долоон бурхны дуган байж дотор нь Мингийн үеийн 11 нүүр, 1000 мутар, 1000 мэлмийт бодисадвагийн хөргийг тахижээ. Мөн тус дуганд уулын Хү Гүө Цыд байсан гурван цагийн бурхны шуумлыг шилжүүлэн тахиж, суваргын өмнөх Гурван цагийн дуганд гурван цагийн бурхны модон шуумал хөргийг тахижээ.
Цагаан суваргыг Балбын шуумалчин Анигэ төсөвлөн зурж бүтээсэн ажээ. Энэ шуумалчин Шандугийн барилгын ихэнхийг бүтээсэн бөгөөд Түвд, Утай, Бээжин зэрэг газарт суварга байгуулсан гэх мэдээ бий. Монголчууд барилгын ур хийцийг шагшихдаа “Балбын дархан балбаж хийсэн” гэхчилэн магтдаг нь энэ Цагаан суваргыг байгуулсан үеэс эхтэй болов уу хэмээн санагдана.
Сэцэн хаан /Хубилай/-ы сэтгэлийн шүтээн гэлтэй энэ суваргын тэр цагийн эрх дархат байр суурьт эргэлзэх шалтгаан байхгүй. “Алтан хотын хар суварга” гэхчилэн өргөмжлөгдөж шашин номыг тэтгэн дэлгэрүүлэх гол төв болж байжээ. Цагаан өнгө голчилсон хаан балгадын шинж тэмдэг гэлтэй одон цагаан цэцэглэсэн энэ сүмийн ид цэцэглэлтийн үед бурхны шашны хуваргын тоо долоон түм /70 000/-д хүрч байсан гэдэг. Зы Юаний 16-р он буюу 1278 онд Гүүш багш Рэнчин энд таалал төгсчээ. Цагаан суварга нь тухайн үед шашны төдийгүй алтан ургийн мөргөлийн үйл, бурхны ном судар орчуулах бар хэвлэлийн онцгой эрх дархат үйлийг гүйцэтгэж байжээ. Чойжи-Одсэрийн “Бодичара авадарагийн тайлбар”-ыг хулгана жил буюу 1312 оны тэргүүн сарын шинийн нэгэнд мянган төгс тамгалуулж олноо түгээсэн байдаг. Тийнхүү Цагаан суварга бадарсан төрийн номын агаарт гэгээ цахиж байсан ёоёлын тулгын нэгэн болж байсан бөлгөө. Шагжамунийн эрдэнэт шарилыг нандигнан бумбалсан нь Цагаан суваргыг улам ч шашны ариун агаар руу уриалан дуудаж домоглог нууцгайн гүн рүү хөтөлсөн байв. Юаний үед Цагаан суварга төр шашны бэлгэдэл бүхий том байгууламж байлаа. Юаний эхэн үед хүүхдийн дуунд:
“Суварганаас улаан гэрэл гарваас
Ар газрын хүн ирж эзэн суумой
Суварга нь цагаан хэвээр аваас
Өмнө газрын хүн эзэн сууж
Ар газрын хүн зочин болмой” гэх Цагаан суваргын гэрлийн тухай тайламж уламжлагдаж байсан ажээ. Мөн Хубилай хааныг Жүндүд орох үес суварганаас улаан гэрэл гарсан гэх Юаний сүүлч Мингийн эхээр суварганаас цагаан гэрэл гарсан гэх хэллэгнүүд бий. Эгээ л Цагаан суварганы гэрлийн өнгө нэгэн төрийг тогтоож байсан мэт энэхүү домог хачин сонин ажээ. Үнэхээр Монголчууд руу чиглэгдсэн аюул заналхийлэл Цагаан суваргыг тойрон өнгөрч байсангүй. 1368 онд Түмэн амгалан хийд аянганд дайрагдан шатаж Цагаан суварга л өнчрөн үлджээ. Гал гарсан даруй Тогоонтөмөр хаан гашуудан уйлж “Түргэн унтраагтун” хэмээн зарлиг болсон боловч Цагаан суварга хийгээд зүүн баруун хоёр дуган л золоор үлдэж бусад нь цөм шатаж дуусчээ. Тэхдээ Тогоонтөмөр хааны гашуудлын нулимс үүгээр арчигдаж дуусах арай болоогүй л байлаа. Яг тэр онд монголчууд Дайдугаас ухран гарсан байв. Үнэхээр Цагаан суварга Юаний төрийн мандал буурлыг илэрхийлж байсан мэт Тогоонтөмөр хаан Дайдугаас дутаан гарсны хойно Дайду руу зүрх шимшрэн бараалж,
“Элдэв зүйлээр бүтсэн
Найман талт Цагаан суварга минь
Их улсын нэр төрийг аван суусан
Есөн эрдэнээр бүтсэн Дайду хот мину” хэмээн гашуудан шүлэглэж хасбуу тамгаа далдалж гарсан хаан маань ханцуйгаараа нулимсаа арчсан бөлгөө. Цагаан суварга бол Юаний төрийн аз учрал хувь тавилангийн түүхэн гэрч юм. Тэр их заяандаа түүртэж энэ цагаан тагтаа шархтай далавчаа дэвж манай үе рүү нисэн ирсэн байв.
“Монголын нууц товчоо”-ны алдуул адуу мэт энэ өнчин Цагаан суварга монголчуудын сэтгэлд төдийгүй та бидний нүдний өмнө сүндэрлэсээр байна.
Та Бээжингээр өнгөрөхийн тоолон монголчуудтай судас ижилхэн цохилж буй Юаний Дайдугийн зүрхний халуун цохилгыг мэдэрч яваарай.

Мө.Хосбаяр

Цагаан суваргын холын үзэмж

Цагаан суваргын ойрын үзэмж

Иргэн улсын үеийн Цагаан суварга

Цагаан суваргын ойрын үзэмж

Цагаан суваргын шөнийн үзэмж

Хубилай хааны хөрөг

Цагаан суварга дахь шарилын бурхан Амитаба

Түмэн амгалан хийдийн уул байдлыг сэргээсэн зураг

Цагаан суваргын Хэнгэргийн асар

Цагаан суваргын Жүнгийн асар

Цагаан суваргын махранзын дуган

Махранзын дуганд тахиж буй Майдар бурхан

Да Зы Бао Динь дуган

Да Зы Бао Динь дуган дахь чулуун арслан

Да Зы Бао Динь дуганд тахиж буй Шагжамунийн хөрөг

11 нүүр, 1000 мутар, 1000 мэлмийт бодисадвагийн хөрөг

Бодисадвагийн модон шуумал

Гурван цагийн бурхны модон шуумал

Анигэгийн шуумал хөрөг 

Энэтхэгийн Ерөнхий сайд асан Цагаан суваргад зочилсон нь

 Цагаан суваргыг амилуулсан Юань гүрний Гүүш Рэнчиний хөрөг

“Бодичара авадарагийн тайлбар”-ын нэгэн хуудас

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100