CCTV.com Монгол > Нийтлэл > Нийтлэл

ШИЛИЙН ГОЛЫН ТАЛ НУТГААР

11-22-2018 12:20

Аян замын тэмдэглэл
Аяллын  эхэн. Өвөр Монголын Өөртөө Засах Орны Шилийнгол аймгаар сурвалжлах ажлаар яваад ирлээ. Эрээн хотоос Шилийнхот хүртэл 340 километр.  Өвөр Монголын элчилгүй их тал таваг сөлтэй шаргал өвсөөр халиурч намар оройн сэр сэр салхинд хамхуул өвс дэндэгнэн хаа нэгтээг зорих үзэгдэнэ. “Үзэмчиний тал” гэх энэ нутаг Хятад орны алдарт дөрвөн их талын нэг ажээ. Суурь сууриар хонь, үхэр, адуу, тэр ч бүү хэл тэмээ бэлчээрлэн ахуй нь эгээ л Монголын тал нутаг. Хааяа ганц нэг гэр ч үзэгдэх юм. Замд эхний таарсан хошууны төв Зүүн Сөнөд.  Энэ нутаг илүү нугаламт монгол хониороо алдартай. Хот руу орох зам дахь өндөрлөгт гурван тийш хараад зогсч буй хар нүдэн хонины хун цагаан баримал залсан нь үүнийг ямар нэг тайлбаргүйгээр ойлгуулна. Жараад оны дундуур бэлтгэлийн адуу туусан өвөг дээдэс маань Хятадын хил давж Сөнөд цагаан овоо хүрч тушаагаад ирснээ хуучилдагсан. Багадаа сонссон тэр газрыг нутгийн өвөр монгол нэгнээс асуувал Монгол улсын хил, Сөнөд хошуу хоёрын тэг голд байгааг хэлнэ лээ. Сөнөд хошуу гэснээс 1930-аад оны хил дамнасан их нүүдлийн тухай сэтгэлд зурсхийн орж ирлээ. Монголын, түүний дотор манай Дундговиос  олон айл өрх  их нүүдэлд өртөн хил давж энэ Сөнөд хошууны нутагт арав гаруй жил суурьшсан юм билээ. Энэ  их нүүдлийн амьд гэрч  Өлзийт сумандаа энх тунх аж төрж ер гаруй нас зооглоод байгаа Нямын Цагаан-Өвгөн гуай Сөнөд хошуугаар нутаглаж байснаа, тэр ч бүү хэл бага балчиртаа Дилав хутагт Жамсранжав гэх түүхэн хүний хүзүүн дээр мордон эрхэлж байснаа хуучилдаг. Ахмад сэтгүүлч Бадрахын Наймаагийн олж сурвалжилснаар Сөнөд хошууны Гурван-Усны хийд орчимд нутаглаж асан  Цагаан-Өвгөн гуайнтай их хутагт айлсан цагаан гүүний саам уух зуур тэднийх  баринтагтай номдоо хутагтаар “Салхи оруулгаж” адис  хүртэцгээж л дээ. Ингэхдээ их хутагт “Алтангэрэл” сударт нь өөрийн нэгэн зургаа үлдээснийг тэртээ хожуу мэдэж хэвлэлд нэг ч удаа гараагүй тэр зургийг одоо ч  нандигнан хадгалж яваа гэсэн. Тэр их нүүдлээр Сөнөдөд олон жил аж төрөөд нутагтаа ирсэн  Хулд сумын уугуул эмэгтэй Пагмын Содномцэрэн агсан Дилав хутагтын өрөөсөн торгон шаахай хадгалж ихэд нууцлан шүтсээр ирсэн нь одоо ч нутгийн нэгэн айлд хадгалагдаж байгааг Б.Наймаа бичсэнийг энд саналаа.
Сөнөдтэй залгаад Авга хошууны нутаг үргэлжилнэ. Авга гэж сонсонгуут манайд өргөн тархсан ардын нэгэн дууны үг, ая санаанд буух төдийгүй хожмын хил заагласан л болохоос биш яах аргагүй нэг хэлтэй, нэг зан үйлтэй, элэг нэгт ахан дүүсийн нутгаар зорчиж яваагаа ухаарах буюу.
“Авгын цагаан ууланд нь хө
Агаарын будан цайраад байна даа хө
Амраг чамайгаа бодохлоор нь хө
Аягатай цайгаа уухаас дургүй хө
     Цантын цагаан ууланд нь хө
     Цасны будан цайраад байна даа хө
     Царайлаг чамайгаа бодохлоор нь хө
     Цайгаа уухаас дургүй байна хө”  
хэмээх сэтгэлд хоногшсон үгээс үүдэн бидний хөтөчөөр яваа  Шилийнгол аймгийн Авга хошууны  Цагааннуур балгасны  Өргөн-Ундрал гацааны малчин Адьяа гуайтай ярилцах завшаан олдлоо. Өдгөө 74 насыг зооглосон энэ эрхмийг анх харахдаа жар жаахан гарсан болов уу гэж бодсон нь эндүүрэл байлаа.   Зам зуур  их талын дунд алсад торолзон эрхэмсэг орших хайрханыг нөгөө ардын дуунд мөнхөрсөн Авгын цагаан уул нь биш байгаа даа гэж бодоод лавлавал Адьяа гуай “Тэр чинь Чингис богд  уул даа. Авга хошууны төвөөс баруун хойш 45 километрт байгаа нь тэр. Тодорхой нэг цэгээс их эзэн богд Чингис  төрсөн нутаг руугаа хараа бэлчээн хажуулдаж алжаал тайлан амсхийж байгаа дүртэй харагддаг уул. Тарлан цастай үед сахал үс нь ч тодроод байх шиг санагддаг.  Харин таны асуугаад байгаа Авгын цагаан уул хошууны төвөөс  хэдхэн километрт, одоо бараг харагдаж байна. Авгацуул үеийн үед тахиж шүтсээр ирсэн” гэлээ. 
           Авга нутаг гэхээр манай Дундговьд аж төрөн суугаа Минжүүрдоржийн Содномдорж буюу Зүүн Үзэмчиний сүүлчийн ноёны ээжийн нутаг гэдгийг мэдэх юм. Саяхан Чингисийн алтан ургийн сүүлчийн ноён болох Содномдорж ноёны мэндэлсний 85 насны болон ноён суудалд залагдсаны 75 жилийн ойг Дундговьд  ёс төртэй тэмдэглэн өргөн их найр, наадам болоход Авга нутгаас  хамаатан садны олон хүн очсон билээ. Содномдорж гуай тус аймгийн халаалт дулааны үйлчилгээ эрхэлдэг “Ган-Илч” компанид одоо хүртэл ажилладаг бөгөөд саяны ёслолын үеэр түүнд  одоо авч байгаа цалинг компаниас насан туршид нь олгох, Улаанбаатар хотод газар олгон тэнд ирэх хавраас орон сууц барьж өгөхөөр шийдвэрлэсэн юм.
     Авга нутаг мөн л монгол хонь нэрийн хуудас нь болсон нутаг юм.  Чингис богд уулын наана хундан цагаан хонин сүрэг бэлчээрлэсэн зураг бүхий самбар хошууны төвөөр хэд хэд таарна лээ. Энэ нутгийн өөр нэг нэрийн хуудас нь Авга хар адуу гэнэ. Монгол улсын хил дагуу буюу хошууны хоймор тал хээр Авга хар адууны нутаг. Сэнсэн булгийн усаараа ундаалж сэрмүүн соргог нутагтаа дасан зохицсон Авга хар адуу хурдан угшлаараа алдартай гэнэ. Тэндхийн хүүхдүүд тав, зургаан наснаасаа наадмын морь унаж адууны тоосонд  чийрэгжин айргийн амтанд жарган өсдөг  болохоор энэ нутгаас нэрд гарсан адуучин,  зартай хурдан хүлэг олон төрдөг аж. Эзэн богд  Чингис хаан  ус хомс  энэ нутгаар явахдаа  сэлмээрээ цавчихад булгийн ус бургилан гарч ангаж цангасан цэргүүд нь цэнгэн баясаж байснаас “Цэнгэн булаг” хэмээн нэрлэсэн нь сунжирч өдгөө Сэнсэн булаг хэмээх болсон домогтой.
 Чингисийн эцэг нэгт дүү, зуу шахам насалсан их бөх Бэлгүдэйн нутаг-Авга хошууныхан  найман зууны тэртээх Бэлгүдэйн аман хүзүүний ясыг дээдлэн хадгалж байгаа бөгөөд энэ ард түмний нутагт Бэлгүдэйн дурсгалын цогцолбор хүрээлэн, бас түүний нэртэй жуулчны бааз ч байдаг.   Чингис хаан эцэг нэгт дүүдээ тасалж өгсөн газар нутгийг эзэгнэн суусан ард түмний хойчис нь өнөөгийн Авгацуул юм. Чингис хаан их Монгол улсыг нэгтгэхдээ Хасарын хаваар, Бэлгүдэйн бяраар ялсан гэж үздэг төдийгүй Бэлгүдэйн аман хүзүүний ясанд дөрвөн Авгацуулаас гадна Үзэмчин, Сөнөдчүүд ч мөргөн сайн бөх төрөх адис авдаг гэсэн. Зам зуур Адьяа гуай:
-Шилийнгол бол малжих нутаг.  Манайхан тоог түмээр ярина ш дээ. Шилийнгол 1900 түмэн малтай, харин Авга хошууных 100 түмээр яригддаг. Танайхаар бол аймаг 19 сая, манай хошуу нэг сая малтай гэсэн үг. Хошууны хойгуур хонь, адууны тал хээр нутаг. Харин өмнүүрээ дэрс, манхан, нөмөр хорго ихтэй үхрийн нутаг. Одоо ч үхрийн үүлдэр сайжраад суурин маллагаанд орчихлоо доо.  Манайх хориод жил үхэр маллаж байна. 200-300 хүрч байсан ч тоог хязгаарласан төрийн бодлогоор чанаржуулснаар мах, сүүний чиглэл хосолсон Сименталь үүлдрийн  100 гаруй үхэртэй. Нэг тугал худалдахад жин, үнээрээ нутгийн 2-3 тугалтай тэнцэнэ гэхлээр чанарын үзүүлэлт сайн байгаа биз. Манайх хүндийг жингээр ярьдаг, нэг жин гэдэг чинь танайхаар 500 грамм шүү дээ.  Ингэж бодвол хонины жин мах 24,5 юань, үхрийнх 30 гаруй юань хүрлээ. Манай нэг эр тугал гэхэд танай мөнгөөр бодоход дөрвөн сая хүрдэг. Манай нэг эр тугал нэг түм гурван мянга,  бүдүүн үхэр нэг түм долоон мянга, залуу бүдүүн үхэр хоёр түмэн юань хүрч үнэлэгдэж байна. Монгол мөнгөөр бол 6-8 сая төгрөг биз дээ хэмээн мал аж ахуйнхаа ашиг орлогыг ойлгомжтой нь аргагүй ярьж өглөө.
Авга хошууны музей гэхэд  хоёр давхар  барилга дээрх асар том тулгын хэлбэртэй алтлаг өнгийн асар юм. Эндээс Өвөр Монголчууд монгол аж төрөх ёс, зан үйлээ ямар их эрхэмлэн дээдэлж бичиг соёл, үүх түүхээ үе залгамжлан тээж ирсэн тэдний гавьяаг бид үнэлэх хэрэгтэй санагдсан. Өвөрмонголд аливаа байгууллагын хаяг, элдэв уриа лоозонг заавал монгол үсгээр эхэлж бичээд дор нь хятадаар хадмалддаг  журамтай.
   Шилийнхотод. Өнгө өнгийн гэрэл тунарсан Шилийнхотод \Англиар Xiliinhaot гэж бичнэ\  шар гэгээ замхран алдах үес дөрөө мулталлаа.  Биднийг урин залсан Шилийнгол аймгийн “Тулга” хайр, халамжийн нийгэмлэгийн тэргүүн, хуучин танил Түмэнгэрэл дуу шуу, инээд наргиан болон угтлаа. Тэдний хэллэгээр бол “Баярлан угтах” нь тэр. Түмэнгэрэл нь  Бүх Хятадын Хайр халамжийн элч төлөөлөгч, Монгол улсын Байгаль орчны тэргүүний ажилтан, Залуучуудын холбооны “Шилдэг удирдагч” цол, тэмдэгтэй,  нэр алдар, үйл ажиллагаа нь Хятад орондоо үндэсний хэмжээнд танигдсан төдийгүй Монгол туургатнуудын дунд  олны танил дотно эрхэм билээ. Бид гэдэг нь “Байгаль, эх дэлхийгээ аврах тэнгэрлэг аян”-ы тэргүүн, МСНЭ-ийн Дундговь аймгийн салбарт харьяалалтай гишүүн Д.Наранцогт, Дундговь аймгийн Өндөршил сумын Засаг дарга Л.Мөнхбадрах, Засаг даргын тамгын газрын дарга Б.Амгаланжаргал, сумын Эрүүл мэндийн төвийн дарга, “Ард түмний гавьяат” эмч Д.Эрдэнэчулуун, Соёлын төвийн эрхлэгч, сумын Ахмадын хорооны дарга, Соёлын тэргүүний ажилтан Т.Мөнхцэцэг, Сургуулийн захирал Н.Дэлгэрсайхан Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Д.Номин-Эрдэнэ \Дээр нь сэтгүүлч би оролцоод\  нарын бүрэлдүүнтэй.
        “Тулга” нийгэмлэг нь хаана, хэнд хайр халамж хэрэгтэй байна, түүнд туслах  буянтай үйл эрхэлдэг, тэдний үйл ажиллагаанд хил хязгаар гэж үгүй. Аймгийнхаа есөн хошуу, засаг захиргааны бусад нэгжид салбартай төдийгүй бусад аймаг, муж, хилийн чанадын ижил төстэй байгууллагатай хамтран ажилласнаар нөлөөлөх хүрээ асар өргөжсөн, олон зуун мянган дэмжигчтэй  холбоо юм. Аймгийнхаа төдийгүй ӨМӨЗО-ны хэмжээний зорилтот бүлгийн хүн ардад хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлэх, эд материалаар туслах, эмнэлгийн төлбөрийн зохих хувийг төлөх зэргээс гадна ОХУ-ын Буриад улс, Түвд, Шинжаан, Юньаны монголчууд, Дээд монголчуудын дунд ч эдний сайн үйлсийн аян хүрч амжжээ.
Тэрчилэн  сэтгүүлч Д.Наранцогтын тэргүүлдэг “Байгаль эх дэлхийгээ аврах тэнгэрлэг аян”-тай хамтран Улаанбаатар хотын Чингэлтэй, Хан-Уул, Сүхбаатар, Баянзүрх дүүрэг болон Дундговь аймгийн төв, Өндөршил суманд сайн үйлсийн олон ажил зохион байгуулсны дотор хоёр орны зохиолчдын дунд богино өгүүллэгийн уралдаан зарлан Мандалговьд  дүнг гаргасан, Олон мянган мод бут тарьж ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн, зорилтот бүлгийн  15 айлд гэр бэлэглэн  орон гэртэй болгож баярлуулан олон мянган хүнд хувцасны дэмжлэг үзүүлсэн юм.  Дээрх  уралдааны шилдэг хорин өгүүллэгийн эмхэтгэл монгол, кирилл үсэг, хятад хэлээр гарч нээлтээ хийхээр бэлтгэж байна. Тэрчилэн  Баянхонгор, Дундговь аймгийн урлаг, спортын авьяасыг дэмжин хорь гаруй хүүхдэд 18 нас хүртлэх сар бүр 100 юаний тэтгэлэг олгуулж байгаа ... гээд олон ажлыг   Дундговьчууд мэддэг болсон юм.

Шилийнгол аймгийн төв, "Тал нутгийн гэрэлт сувд" хэмээн нэрлэгдсэн Шилийнхот \Англиар Xiliinhaote\ утааны асуудлыг хэрхэн шийдсэн бэ? Тэнд манайхны нэрлэснээр хуучин гэр хороолол орчин үеийн нэгдсэн орон сууцанд бүрэн халаагаа өгсөн байна. Ахмад настны хотхоныг барьж байгуулан орон сууцаар хангасан. Тухайн ахмад настан нас барсан тохиолдолд уул орон сууцыг үр хүүхэд нь өвлөхгүй, харин  байр шаардлагатай өөр ахмадад шилжүүлнэ. Тэнд нийгэм ахуйн асуудлыг төрөөс бүрэн шийдвэрлэсэн төдийгүй ахмадуудын амар тайван байдлыг хангах үүднээс энэ хотхон руу машин тэрэг оруулахгүй, зөвхөн зохих байгууллагын зөвшөөрлөөр нэвтэрнэ. Энэ хотхонд ахмадуудад юү хэрэгтэй байна, тэр бүхнийг төр, засгаас хангаад өгчихсөн нь дэндүү сайхан. Дуулдаг нь дуугаа, хуурддаг нь хуураа, бүжиглэдэг нь бүжгээ тоглоод л өрөө  өрөөндөө зугаатай нь аргагүй байхад нэг хэсэг нь тоглоом наадгайн өрөөнд хэд гурваараа янз бүрийн тоглоомоор зугаацаж, гадаа ч есөн шидийн төхөөрөмж бүхий талбайд нэг хэсэг нь дасгал хөдөлгөөнөөр хичээллэх жишээний...
 Нөгөө талаар малчдад зориулан орчин үеийн хороолол барьж бүх малчин айл өрх бүр хотын төвд 3-аас дээш өрөөтэй байртай болсон.  Малчид хөдөө мал аж ахуйгаа эрхлэх гэр оронтой, тэндээ төвлөрсөн эрчим хүчээр хангагдсан, хотынхноос дутахгүй орчин нөхцөлтэй   ч аймгийн төвд  ийнхүү төрөөс хөнгөлөлттэй нөхцлөөр өгсөн байртай. Энэ хороолол нь 5-6 давхар барилгууд бүхий том цогцолбор юм.  Ингэхээр  утаа гаргадаг байшин барилга гэж алга. Одоо  аль болох утаа гаргадаггүй, цахилгаан машин тэрэг хэрэглэх тухай ч ярьж эхэлжээ.  Аль ч улиралд утаа униар гэж байхгүй, 360  мянга орчим хүн ам оршин суудаг  энэ хотыг "Талын цагаан сувд" хэмээн нэрлэсэн нь оносон нэр гэлтэй. Малчин өрхийн 80 хувь нь эрчим хүчний төвлөрсөн сүлжээнд хамрагдсан, хорин хувь нь сэргээгдэх эрчим хүчтэй байгаа юм  байна.
Бид өглөө нь  Малчны шинэ хороолол дахь, хошууны нэртэй бөх Болдынд өглөөний цай уухаар залагдсан юм. Малчны хороолол нь нэг загварын тав, зургаан давхар орон сууцны маш том хороолол юм. Нэг байранд 100-150 айл байгаа болов уу гэж бодсон. Гэрийн эзэгтэй Алтанхуар зузаан дугуй цагаан хурууд давхарлан өрсөн идээ барин орцныхоо үүдэнд биднийг угтлаа. Тэднийх сүү амтагдсан шаргал цай аягалж ширээ дүүрэн өрсөн пэмбийсэн улаан боорцог, чихэртэй чихэргүй ааруул, шар тос нь мэлтэгнэсэн хайлмаг, өрөмнөөс “Цайндаа хийж уугаарай, идээрэй” гэлцэн хөл болцгоолоо.  Өөх мах алагласан үхэр, хонины мах ч түмпэн түмпэнгээр өрж “Цайндаа мах хөшиглө” гээд хүн бүрд жижиг хутга тараан ам амандаа шамдуулах нь тэр.  Бидний яриан дундуур Шилийнхот дахь “Цоор” гэх жижиг зоогийн газрын тухай орж ирсэн нь эндхийн Өвөр монголчуудын орох дуртай газрын нэг аж. Энэ жижгэвтэр зоогийн газарт хүмүүс суудлын дараалал хүлээгээд  хэдэн арваараа зогсч байдаг нь дан үхрийн махтай хоолоор үйлчилдгийнх аж. Нэрийн хоол нь үхрийн махтай, гурилтай шөл юм. Жилдээ зуугаад үхэр зоогондоо  хэрэглэдэг нь нэг үхэр 3-4 өдөрт хүрэлцэх төдий бололтой.
Цайлсны дараа эзэгтэй Алтанхуар өөрийн ойр  харилцаатай нэгэн үйлдвэрээр оруулсан нь “Хөх аргалын хүж”-нийх аж.      Тэдний "Хөх аргалын хүж" нэртэй ашиг орлоготой компани үндэсний хэмжээний үйлдвэрлэл явуулж байгааг сонирхлоо. Энэ үйлдвэрийн гол технологич, уламжлалт анагаах ухааны эмч Ганчулууны тайлбарласнаар гурван жил болсон хөх аргалын утаа олон төрлийн өвчнийг анагаах, бүр эрдэмтэдийн тооцоолсноор хүний бие дэх 300 орчим төрлийн нянг устгах ид шидтэй  аж. Энэ ид шидийг шинжлэх ухааны үндэстэй тогтоосон тул  хөх аргалаар олон төрлийн хүж үйлдвэрлэн гоёмсог хайрцаг савтайгаар зах зээлд нийлүүлж байна. Хүний үнэртэх сэрэл, харах сэрэл, хүртэх сэрэл бүхэнд бие, сэтгэлийг тайвшруулан ариусгах, эрүүлжүүлэх увьдастай энэ нандин бүтээгдэхүүн ихээхэн эрэлттэй болсон гэнэ. Эдний  үзэсгэлэнгийн танхимд араг дүүрэн хөх аргал дээр савар хөндөлдүүлэн тавьсан харагдана. Үхрийн хөх аргалыг бүтнээр нь шилэн хоргонд залсан ч байна. Хөх аргалын нэг багц хүж гэхэд  128, 168, 188 юань гээд янз бүрийн үнэтэй юм. Бүр хямдхан хүжинд нь хөх аргал тун бага орсон байдаг гэнэ.  Өмнөд хөрш өвөрлөгч элэг нэгтнүүд маань аргалыг түлш гэхээс гадна ихэд дээдэлж үнэртэн хүж үйлдвэрлэхээс гадна өөр ч олон талаар амьдрал ахуй, ажил үйлдвэрлэлдээ хэрэглэдэг юм байна.. “Хэнийх аргал, хөрзөнгөө гоё сайхан өрөх вэ” гэсэн уралдаан Шилийнгол даяар болж аварга, тэргүүнийг жил бүр тодруулдаг уламжлалтай юм байна. Ингэж гоёмсоглон хураасан аргал, хөрзөнгөө жил жилээр далагнуулан хурааж үхрийн баасан зуурмагаар хучин бороо, салхинаас хамгаалж түлшиндээ хэрэглэдэг ажээ. Тэд ийнхүү эгнүүлэн хураасан аргал, хөрзөнгөө “Энэ тэр жилийн далан” “Тэр төдөн оны далан” гэж ярих юм. 
Оёдолчин Соёлоо гэх үйлчин эмэгтэйн урлангаар ороход үзэмчин, авга загварын дээл хувцаснаас гадна, хонь, хурганы арьсаар хийсэн дээл ч байна. Тухайлбал, эр хонины нэхийг элдээд аргалын утаагаар утан өнгө, үнэр оруулаад бөс материалаар өнгө таталгүй  сайхан дээл хийсэн нь  өвлийн тэсгим хүйтэнд дааруулахгүйгээс гадна аргалын содон үнэртэй, сэтгэлд дулаан бор шаргал өнгөтэй юм. Энэ дээлийг бид ээлжлэн өмсч үзэхэд аргагүй л “Аргалын утаа бургилсан малчны гэрт төрсөн би” гэж бахархмаар санагдсан шүү.  Манайхны  зүгээр л түлш гэж үздэг, хангай  нутгийнхан  бол үнэс ихтэй гээд  ад үздэг аргал энэ нутагт “Аргалын соёл”-ын түвшинд дээдлэгдэн олон зүйлд үнэнхүү ашиг тусыг мэдэрч, үйлдвэрлэл, бизнес, аж төрөх нэг соёлд тооцогдох болсноос үлгэр авмаар аа.
Малчин Ялалтынх. Энэ нутагт мал аж ахуй хэрхэн эрхэлж байгаа тухай Адьяа гуайгаас сонссоноо бататгах сайхан боломж Шилийнхотын ойролцоо, тахиралдаж угалзран урсах Шилийн голынхоо хөвөөнд суурьшсан малчин Ялалтынд зочилсноор гарлаа. Тэднийх суурин маллагааны махны чиглэлийн 80 үхэр бордохоос гадна хагас суурин маллагааны 200 гаруй хоньтой. Энэ нутагт малын тоо толгой хязгаартай тул энэ л тооноосоо хэтрүүлнэ гэж үгүй. Гучин жилээр эзэмшсэн газар нь манайхаар бол хашаалсан бэлчээр юм даа. Төвлөрсөн эрчим хүчний эх үүсвэртэй,  хэдэн өрөө тохилог сууцтай, телевиз, интернет, гар утас... гээд хотынхоос дутахгүй орчинд аж төрж байна. Ялалтынх нэг охинтой. Охин Ерөөл нь Шанхайд дөрвөн жил, Бээжинд нэг жил  тэндхийн нэр хүндтэй сургуульд Анагаах ухааны чиглэлээр суралцаад Шилийнхотын хамгийн том эмнэлэгт ажиллаж байгаа. Ерөөл охин ээж, аавынхаа сургаалаар яваа, ээж аавынхаа ачийг хариулах нь өөрийн хол газар эрдэм сурсны утга учир гэж ярьдаг. Үнэндээ энэ нутгаас  Монгол малчны охин тэр хол Бээжин, Шанхай дахь дэлхийн нэртэй их сургуульд сурна гэдэг тийм ч элбэг тохиол биш бололтой.
Өвөг дээдсээс үе дамжин  хэрэглэж ирсэн эртний ган тулга,  уур нүдүүр, жижиг шүүгээ \Өөрсдөө хорго гэж нэрлэдэг\ эдний бурхныхаа адил нандигнан шүтдэг эдлэл юм. Өнгө өнгийн хадаг  тавьсан энэ хоргыг эзэгтэй Соёлцэцэг тайлбарлахдаа “Хадам ээжийг маань айлын бэр болоход ээж нь өгсөн эдлэл гэхээр лавтайяа 100 гаруй жилийн түүх өгүүлнэ” гэлээ.
Тэднийх “Ажлын хүн” гэж нэрлэх, гурван туслах \зарим нь хятад\ малчинтай.  Тэдэнд сард тус бүр 2000-3000 юаны цалин хөлс өгдөг юм байна. Унааны найм есөн морьтой. Манайхнаас ялгаатай нь хонио морьтой хариулна.  Чөлөөгөөр нь жуулчдад морь унуулан мөнгө “Саана” Ялалтын өмчилсөн газар Шилийн голын наад эрэгт тулан хашигдсан бол хөрш малчных голын цаад эргээр хашиж голын усаа хоёр талаас ашиглах боломжтой гэнэ.
  Шилийнхотод “Малчны хороолол” гэж бий. Тэр нь 5-6 давхар орон сууцны том хороолол юм. Төрөөс анхаарч малчиддаа зориулан ийм орон сууц барьснаар тэнд айл бүр 3-4 өрөө сууц эзэмшдэг. Ялалтынх ч мөн тэнд сууцтай, түүнийгээ “Хотын гэр” гэж нэрлэх юм.  Ялалтын эхнэр Соёлцэцэг гэхэд урлаг, уран сайхны ажилд идэвхитэй оролцоно, бас хажуугаар нь хотод “Шагай наадааны төв” эрхлэн ажиллуулна. Тэнд шагайн бүх төрлийн тоглоомыг сурталчилсан үзмэр дүүрэн. Иргэд чөлөө цагаараа тэнд ирж шагай хамна, морь уралдуулна, “Дуугүй долоо” няслана, шагай харвана. Соёлоог эзгүйд ээж нь энэ төвийг ажиллуулна. Ер нь энэ нутагт шагайн соёл, дээсэн соёл, аргалан соёл, адуун соёл... гэсэн үг олныг сонсож болно. Нэг үгээр, соёлын биет болон биет бус өвийг  уламжлах ухаан өндөр түвшинд хөгжсөн ард түмэн юм.
  Энэ нутагт хаврын ногоо цухуйхаас эхлээд 40 хоног нэг ч малыг хотноос нь гаргахгүй, хашаанд нь тэжээдэг хуультай.  Шинэ ургамлыг ургах үед нь  малын хөлөөр талхлуулахгүйн тулд ийм хууль үйлчилдэг. Газрыг хүний тоонд харьцуулан нэг ам бүлд 200 му \Нэг му нь 660 ам дөрвөлжин метртэй тэнцэнэ\-гаар бодон 30 жилээр гэрээлэн эзэмшүүлсэн. Ялалтынх  эзэмшсэн болон түрээсэлсэн газартайгаа 1000-аад му-д малаа бэлчээрлүүлж байна. Жилдээ 100 тонн өвс, 10 тонн тэжээл\Бордуур гэнэ\ худалдан авахад хүрэлцдэг гэнэ. Хаврын төлийг бордоод “Хүйтэн хөмрөг”-ийн аж ахуй\Зоорь\-д намар худалдан борлуулна. Жилд махны чиглэлийн 30-40 тугал, 100 орчим хурга бордон намар зах зээлд өндөр жинтэй нийлүүлсний орлого амьдралд нь хангалттай хүрэлцдэг аж. Махны чиглэлийн үүлдрийн бордсон төл намар бие гүйцсэн малын жинд хүрдэг.
 Өвөр Монголчууд дуу хуур, найр наадамд дуртай.  “Арван тавны сар, “Гарын арван хуруу” “Бүсгүй хүний заяа”... гээд манайд өргөн дэлгэрсэн ардын олон дууны түүх  Өвөр Монголчуудтай холбогдох юм. Тэднээс ганцханыг сонирхуулвал,
 “Гарын арван хуруу нь 
Гажаа нь үгүй шулуун даа 
Гартаа хийсэн бөгж нь 
Хольцоо нь үгүй шижир дээ”  хэмээх ардын  дуу нь Өвөр Монголын Үзэмчин нутгийн домогт дуу юм..  Энэ дууг  Үзэмчин нутгийн алдарт бөх Дүүрэн зааны эхнэр  Хөлөнбуйр аймгийн  “Мянган цагаан адуут” хэмээх баяны үзэсгэлэнт охин  Зулцэцэг зохиосон түүхтэй юм байна.  Тухайн үед Хорчины засагт вангийн ордон буюу одоогийн “Улаан хот” хошууны наадамд Үзэмчин нутгийн Дүүрэн заан түрүүлсэн байна. Хорчины ноён хутагт гэгээний бөх энэ наадамд Дүүрэн зааныг давсангүй.. Энэ наадамд ирсэн  үзэмчинүүд хэдэн өдрийн турш арслан бар шиг сүр жавхлантай барилдсан Дүүрэн-Зааныг харж баясаад, 
“Үдшээр гардаггүй цолмон од нь 
Үүрийн эртээр гялалзаад байна 
Үзэмчин хошууны Дүүрэн-Заан 
Үзэгдэхийн бараанаас гялалзаад байна” гэж  үзэмчин бөхөө бахархан дуулсан  гэдэг. “Гарын арван хуруу” дуу бол бас л  Дүүрэн-Заанд зориулагдсан бөгөөд Зулцэцэг бүсгүй алс хол одсон Дүүрэн-Зааныг  санагалзан:
 “Гарын арван хуруу нь
 Гажаа нь үгүй шулуун даа
 Гартаа хийсэн бөгж нь
 Хольцоо нь үгүй шижир дээ
 Хар өнгийн хоргойгоор
 Ханцуйгаа юундаа чимэв дээ
 Харийн хошууны чамдаа
 Хайраа юундаа өгөв дөө
 Эрээн өнгийн торгоор нь
 Энгэрээ юундаа чимэв дээ
 Энгийн хошууны чамдаа
, Ингэтлээ юундаа даслаа даа” гэж дуулсанаар энэ дуу  Үзэмчин, Барга төдийгүй Халх Монгол даяар  тархжээ.
 Ялалтынд ардын дууны тухай хөөрөлдөх зуур гэрийн эзэгтэйг дуулуулах болоход Соёлцэцэг “За хө, Миний хөдөө”-гөө дуулчихна аа” гээд,
“Алсын анирхан уулс дундаа
Агаарын сайхан хөдөө юм аа
Ажил хийж амьдран суумаар
Аятай сайхан нутаг юмаа” гээд хангинуулж гарах нь тэр. Тэд ардын төдийгүй манайд өргөн тархсан зохиолын дууг ч түгээмэл мэддэг юм билээ.

 Өү-яа эмнэлэг Өндөршилийн Эрүүл мэндийн төвтэй хамтрана. Биднийг Эрээн хотод баярлан угтсан нөхөд Өү-яа эмнэлгийн намын хорооны дарга Wu Yuan, мөн түүнтэй хамтран ажилладаг “Тулга” нийгэмлэгийн тэргүүлэгч Түмэнбаяр нар байсан нь учиртай аж.  Шилийнхотод энэ эмнэлгийн хамт олон биднийг үүдэндээ баглаа цэцэг барин баяр хөөр болон угтлаа. Гадна гол хаалганы дээр монгол, кирилл, хятад үсгээр Монгол зочдоо баярлан угтаж байгааг илэрхийлсэн уриа лоозон харагдана. Өндөршил сумын Эрүүл мэндийн төвийн дарга Д.Эрдэнэчулуун эмч ч эмнэлгийн газар оронгуутаа цагаан халаадаа өмсөөд дүрдээ ороод явчихлаа. ӨМӨЗО-дахь хоёрдугаар дэсийн \зэрэглэл\ энэ эмнэлэг  хүн ардын эрүүл энхийн үйлст ихээхэн үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ хайр халамж, хүмүүнлэгийн тусламж, дэмжлэг үзүүлэх талаар ихээхэн санаачилгатай ажилладаг юм байна. Хошуудын халамжийн газар дахь хүмүүст очиж үнэ төлбөргүй үзлэг хийн хөнгөлөлттэй үнээр эмчлэх, дэмжлэг шаардлагатай малчин айл өрхөд мөнгөн тусламж өгөх зэрэг сайн үйлсийг нэрлэвэл олон. “Буянтай үйлст хил хязгаар байхгүй, тэр энэ орон гүрэн гэж хуваах ёсгүй” гэж үзэн  хөрш орны, тухайлбал Монголчуудад эмнэлгийн үзлэг үйлчилгээ үзүүлэхэд  ч бэлэн байгаагаа эмнэлгийн удирдлага илэрхийлж байлаа.
 Энэ эмнэлэг сайн үйлсийн ажлаа “Тулга” нийгэмлэгтэй хамтран зохион байгуулдаг.   “Тулга” нийгэмлэгийн  дэд тэргүүн Насан, энэ нийгэмлэгийг  үүсгэн байгуулагчдын нэг  Түмэнбаяр нар энэ эмнэлэгтэй их ойр харьцаж хайр халамжийн ажлыг хамтран зохион байгуулдаг нь харагдаж байсаан.  Тэр хоёр эрхэм энэ эмнэлгийн талаар өргөн мэдлэгтэй нь бидэнд орчуулга хийх явцад тод мэдрэгдсэн. Түүнээс гадна Шилийнхотод болон Бээжинд ч хамтран ажилладаг эмнэлгүүдтэй, илүү өндөр зэрэглэлийн эмнэлэгт эмчлүүлэх шаардлагатай хүнийг Бээжин дэх хамтран ажилладаг эмнэлэгт илгээнэ. Өү-яа эмнэлэгт дангаараа өрөө эзэлсэн томоос том тоног төхөөрөмж хичнээн ч юм бэ. Тэр бүгд өөр өөр өвчнийг оношлох  зориулалтын “Машин” юм.  Оношлогооныхоос гадна эмчилгээний маш олон төхөөрөмжийг үзээд мэргэжлийн биш миний хувьд толгой эргэж гүйцсэн. Ялангуяа эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдэд дагнан тохиолддог өвчлөлийг маш түргэн, бүр 3-5 хоногт ор мөргүй болтол эдгэрүүлчихдэг төхөөрөмж байна гэж тайлбарлахад ихэд гайхсан ч эмчлүүлж байгаа, эдгэрээд гарч байгаа тэр олон хүний яриаг сонсоод итгэхгүй гээд яах юм бэ. Үнэ өртөг харицангуй хямд төдийгүй аймгийнхаа малчдын хувьд 30 хувь хүртэл хөнгөлж зөрүүг “Тулга” хайр, халамжийн нийгэмлэг даадаг энэ жишгээ  Дундговь аймгийн Өндөршил сумаас, тэрчилэн  бусад сумаас хүссэн иргэнийг эмчлүүлэхээр ирүүлвэл мөн хэвээр мөрдөнө гэдгээ ч хамтран ажиллах тухай ярилцлагын үеэр тэдний тал илэрхийлж байлаа. Ингээд Өндөршил сумын Эрүүл мэндийн төвд Эмэгтэйчүүдийн  өвчний дүрс оношлогооны \Манайд ЭХО  гэж нэрлэдэг\  тус бүр 15000 юань буюу 5,5 сая төгрөгөөр үнэлэгдэх  иж бүрэн аппарад  хоёрыг \Нийлээд  11 сая төгрөг\ бэлэглэхээ мэдэгдсэн юм.
Адуун соёлын бэлгэдэлт монгол бага сургууль. Бид Шилийнхотын Монгол үндэстний хоёрдугаар бага сургуулиар орсон юм. Энэ сургууль бүх л сургалт, хүмүүжлийн ажлыг адуун соёлд түшиглэдгээрээ онцлог. Сургуулийн орчинд ирэхэд бүх зүйл адуугаар “амьсгална”  Гадна орчноос эхлээд адууны дүрс, дүрсэлгээ, зураг, бичиг дүүрэн. Гудамжны гэрэл  гэхэд л шашир дэлээ намируулсан адууны  толгой, гэрлийн бүрхүүл нь адууны туурай хэлбэртэйгээс эхлээд бүх юм нь “Адуу” л гэж хэлнэ шүү. “Гарыг ганзганд хөлийг дөрөөнд”  “Морьтой Монгол, Моральтай хүүхэд” “Эмнэгийн нуруунаас эрдмийн оргилд” “Хүн болох багаасаа, Хүлэг болох унаганаасаа” гэсэн бичээс  хаашаа л харвал нүднээ тод томруун тусна. Анги танхимд  эмээл хазаар, чөдөр, ногт... гээд адуутай холбоотой болгоныг үзмэр болгон тавьсан байх жишээтэй. Сургуулийн захирал Содбилэг энэ бүхнээ “Манайх адуун соёлыг сургалт, хүмүүжлийнхээ ажил гол бэлгэдэл болгосон, үндэсний хэмжээний цорын ганц сургууль” гэж бахархал болгон ярина лээ.   Зургийн авьяаслаг багшийн урланд том гэгч танхим гаргаад өгчихсөн. Тэр багш адууны сэдвээр бүтээлээ зураад л сууж байна. Тэнд манай Монголоос ч багш уригдан ажилладаг юм байна. Нийслэлийн 23 дугаар сургуулийн багш Түмэндэмбэрэл гэж эмэгтэй мэндчилээд хичээл заах анги руугаа яаруухан гэгч ороод явчихна лээ.  Хичээл эхлэх цаг нь болсон биз.
  Шилийнголын  зохиолч, яруу найрагч  Өрлөд Сэцэнгоо 20 жилийн өмнө “Цоморлиг” нэртэй хүүхдийн цэцэрлэг байгуулжээ. Сэцэнгоо энэ цэцэрлэгийнхээ 15 жилийн ойд зориулан  Шилийн хотын Монгол үндэсний бага сургууль болон хошуудын сургуулийн хүүхдүүдийн бүтээлээр эмхэтгэн гаргасан яруу найргийн түүврийг “Бууцанд дэлгэрсэн цоморлиг” хэмээн нэрлэсэн байна. Энэ номонд тэр “Цоморлиг”  хүүхдийн цэцэрлэг байгуулсан тухай дурсамжаа дэлгэрэнгүй өгүүлсэн нь анхаарал татлаа. Монголын говийн бүсийн аймгууд, Шилийнголын зохиолчдын дунд зарласан богино өгүүллэгийн уралдаанд оролцон Дундговь аймагт ирж бүтээлээрээ танил болсон Өрлөд Сэцэнгоо багш  шүлгээ уншиж сонирхуулсан нь өөрийн байгуулсан хүүхдийн цэцэрлэгийн бяцхан шавь нартаа зориулсан “Цоморлиг” нэртэй байсан шүү.
 Бидний зочилсон өөр нэг газар нь Шилийнхот дахь Ажил мэргэжлийн дээд сургууль юм. 20000 мянган оюутан суралцдаг энэ аварга том цогцолборт үгүй дутуу юм алгаа. Энэ сургуульд  дэлхийд ганцхан гэж хэлж болох “Чингис хааны номын сан” бий.  Дэлхийн олон оронд хэвлэгдсэн Чингис хааны түүхэнд холбогдох бүх төрлийн номоор дагнасан, шинэ бүтээлээр байнга баяжиж байдаг номын сан юм.  Одоогоор хүн төрөлхтөнд цор ганцхан хувь олдоод байгаа түүхэн баримтын эх хувь ч бий. Хуулбарыг бол тоочоод баршгүй. Зөвхөн “Монголын нууц товчоо” гэхэд олон хэлээр хэвлэгдсэн, хэдэн зуун  өөр хэвлэл ч байгаа юм бэ, мэдэхгүй. Тэр дотор  зураг авахуулахгүй дүрс болон дуун бичлэг ч хийлгэхгүй хатуу журамтай юм билээ.
Энэ сургуулийн спорт цогцолбор гэхэд спортын төрөл бүрээр зориулалтын  байгууламжтай. Хөл бөмбөгийн гэхэд зургаан \Хоёр нь дотор\ талбайтай. Сагсан бөмбөгийн талбай энд 12 байна. За тэгээд усан бассей гэхэд янз бүрийн гүнтэй... гэх мэт. Дүйцүүлэхүй, манай Буянт-Ухаа дахь Спорт цогцолбор гэхэд эдний зөвхөн нэг төрлийн спортын байгууламж л гэсэн үг гээд боддоо, Аварга эд байгаа биз. Энэ бүхнийг Дундговь аймагт маань зочилж байсан, энэ сургуулийн бас нэг  эрх мэдэл бүхий ажилтан Оон Дагуул биднийг хөтөчлөн танилцууллаа.
  Ирсэн гийчин буцдаг. Биднийг буцахын урд оройн үдэлтийн зоогт 150 гаруй километр дэх Баруун Үзэмчин хошуунаас Наранцогтын маань найз Заяа, Хурцаа нар маань Нарантуяа, Сарангэрэл гээд  нар, сарны нэртэй үзэсгэлэнт гэргий нараа дагуулан биднийг зорин давхиж ирсэн бол Хайр халамжийн “Тулга” нийгэмлэгийг үүсгэн байгуулагч анхны таван хүний нэг, Зүүн Үзэмчин хошууны “Тулга” холбооны тэргүүн Түмэнбаяр, дэд тэргүүн Цэцэнхуар нар Монголоос ирсэн найз нартаа хүндэтгэл үзүүлэхээс хоцорсонгүй.  Тэд “Монголоос танилууд маань хүрч ирж байхад газрын хол, усны урт гол биш ээ. Заавал ирэх ёстой байсан” гэлцэн  бидэнтэй дуулж хуурдан, хол ойрын сонин ярилцан их  шуугисаан. Тэд бүгд л Монголд, тэр дундаа Дундговьд, Өндөршилд зочилж олон шинэ танилтай болсон хүмүүс. Биднийг төрсөн ах дүүсээ ирсэн шиг сэтгэл хөдлөлөө барьж  чадахгүй баярласан тэднийг хараад  бидний элэг нэгт монгол ахан дүүс  хилийн чанадад ч зөндөө олон гэдгийг улам бүр мэдэрч байлаа.
Энэ өдрүүдэд бидэнтэй хамт байсан оёдолчин Соёлоо, малчин Адьяа, Ялалт, мөн Өнөрөө, Толь нар ч Монголд өмнө нь нэгээс хэд хэдэн удаа зочилчихсон,  манайхны талаар өргөн мэдлэгтэй эрхмүүд, “Зөвхөн Монголдоо” вичатын холбоонд нэгдэн хайр, халамж, сайн үйлсийн ажил зохион байгуулдаг хүмүүс юм.  Авга хошууны малчин Адьяа гуай Монголд гурван ч удаа очсон, нэг удаа очихдоо Улаанбаатар дахь “Их Монгол” ресторанд  Наранцацралтын Соёмбо хүүгийн санаачилгаар зохион байгуулсан “Дундговийн айрагны фестиваль”-д орсноо энэ насанд тохиосон том хувь заяа, нэн ховор тохиол хэмээн олон дахин ярьж сэтгэл хөдлөлөө илэрхийлж байлаа.
Зоогийн газраас гарахад өдөр нь намраараа налайж байсан Шилийнхотод нарийн ширхэгтэй зөөлөн цас  орж байлаа. Зочид буудалд хүргэсэн Ялалт маань биднийг машинаас буулгүй хүлээхийг зөвлөөд гарсан нь машины хаалганаас Зочид буудлын үүд хүртэлх цасыг яах ийхийн завгүй  шүүрдчихээд хаалгаа нээв гэж. Бидэнд хэд хоног үйлчилсэн малчин Ялалт маань ямар ажилсаг хүн болохын нэг жишээ юм даа. Ялалт, Соёлоо хоёр маань  хотын гэртээ ч харилгүй өглөө нь биднийг  төмөр замын өртөөнд хүргэхээр энэ буудалд  өрөө авч хоножээ.
 Өглөөний зургаан цагт бид машиндаа суун шагайгаар таттал нэвсийн орсон цастай гудамжаар галт тэрэгний өртөө зорин давхихуйяа машины бүхээг дүүрэн манай “Дуурьсал” хамтлагийн дуу хангинасаар... Шилийнголын Монголчуудын дунд манай энэ хамтлагийн дуу үнэхээр хит болсон юм байна.  Шилийнхотоос гарангуут л хаа сайгүй газрын тосны \Өвөр монголчууд чулууны тос гэдэг\ цооногийн “Морин толгой” хэдэн арваараа дохиж байхыг бид галт тэрэгний цонхоор харж  “Энэ Шилийнхот чинь тэр аяараа газрын тосон дээр баригдсан ч байж мэдэх нь” гэж бодохуй энэ нутгийн ирээдүй их л гэрэл гэгээтэй санагдсан шүү. Харин эдний галт тэрэг гулсаж байгаа мэт чимээгүй,  манай  галт тэрэг шиг тар няр хийж дуугарахгүй, угзарч дугтчаад, сэгсчиж зайлаад байхгүй нь сонин юм билээ.   Өндөршил сумын удирдлагын багийнхан өвөрлөгч анд нараасаа шинэ санаа,  шинэлэг ажил олныг үзэж харж, сонсч дуулсандаа сэтгэл хангалуун, хийж хэрэгжүүлэх олон ажил тээн ганзага дүүрэн олзтой эргэсэндээ нэн баяртай явцгаав. Тэд нутаг усныхандаа яриад дуусашгүй сонинтой,  хийгээд барагдашгүй ажилтай ирсэн дээ. Шөнө орсон цас нимгэрсээр Эрээн хотод ирэхүй намраараа угтах нь тэр. Өртөөнөөс буудалд хүргэсэн таксийн жолооч Эрээн  боловсон хотын шалгуурт  ороод тэнцээгүй нь  Монгол улсаас өдөртөө хэдэн зуугаараа орж гардаг техникийн бүрэн бүтэн байдал хангаагүй, гадна үзэмж дорой “469”-үүдээс болсныг ярьж байлаа. Тиймээс ойрын гурван жилд энэ зөрчлөө арилгаад дахин энэ шалгуурт тэнцэх эсэхээ шалгуулахаар болсон гэнэ.
 Эрээн хотод биднийг явах, буцахад  буудалдаа байрлуулан төрөл садан шиг угтаж үдэн  банштай, сүү амтагдсан цайгаараа дайлж цайлдаг эмэгтэй бол “Байгаль, эх дэлхийгээ аврах тэнгэрлэг аян”-ы идэвхитэй гишүүн, хаана хэнд тусламж дэмжлэг хэрэгтэй байна, тэнд сэтгэлээ дэлгэж, юү байгаагаа барьж явдаг Улаантуяа юм. Тэр сайн үйлсийн аянг оройлон Өвөр Монголын өнцөг булан бүрээс хүмүүнлэгийн бараа цуглуулан  Монголчууд руу илгээж, түүндээ сэтгэл баясаж явдаг нэгэн. Улаантуяа өмнө нь  болон сая Дундговь аймгийн Ардчилсан ахмадын холбоонд шинэ гутал хайрцаг, хайрцгаар  илгээсэн бол энэ удаа Өндөршил сумын ахмадын хороонд мөн шинэ гутал, Соёлын төвд нь богино долгионы иж бүрэн микрофон бэлэглэлээ. Улаантуяа Өндөршил сумын Х.Бадамцэцэг гэх эмэгтэйд монгол гэр бэлэглэхээр бэлдэж шинэ жилийн наана амжуулахаар гүйж яваа юм билээ. Х.Бадамцэцэг өөрийн гэр оронтой болох мөрөөдлөө их л яруу сайхнаар бичиж ирүүлсэн нь энэ тусч, өвөрлөгч эмэгтэйн сэтгэлийг ихэд уяраасан хэрэг. Улаантуяа өөрийн төрж өссөн нутаг усаа магтсан шүлгийг Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Ц.Түмэнбаярт захиалан бичүүлж Соёлын тэргүүний ажилтан Батсайхан ая хийн Монголын Үндэсний их театрын дуучин Д.Осгонбаяраар дуулуулжээ. Улаантуяагийн нутаг ус, ижий ааваа гэсэн сэтгэлийг шингээн Монгол уран бүтээлчдийн хамтран бүтээсэн энэ дуунд.
“Хүйгээ цөглөсөн Тавдайн овоо минь
Хүслээ шивнэсэн Жавхлант хайрхан минь
Алдрай багын минь дурсамж үлдсэн
Амин заяатай өлгий нутаг аа
Элгэнээс уяатай тоонотоо санахгүй гээд яах юм бэ
 Эргээд олдохгүй нутгаа хайрлахгүй гээд яах юм бэ
Эцгийн түшигтэй Түвшинхайрхан минь
Ээжийн ивээлтэй Номгонхайрхан минь
Энэхэн насны минь жаргал оршсон
Ээл өвөртэй өлзий нутаг аа
Элгэнээс уяатай тоонотоо санахгүй гээд яах юм бэ
 Эргээд олдохгүй нутгаа хайрлахгүй гээд яах юм бэ
 Сүлд тахилгат Баян бор овоо минь
Сүсгэнд шингэсэн их хайрхан минь
Сүүн ерөөлтэй буян оршоосон
Сүнсээ ч даатгах ивээлт нутаг аа
Элгэнээс уяатай тоонотоо санахгүй гээд яах юм бэ
Эргээд олдохгүй нутгаа хайрлахгүй гээд яах юм бэ” гэсэн нь сэтгэл эзэмдсээр...
 Ийнхүү  Шил нутгийн буюу Өндөршилийн дарга нарын хамтаар Шилийнгол нутагт хийсэн аялал маань өндөрлөвэй.        С.ПҮРЭВСҮРЭН

Хониороо алдартай Зүүн Сөнөд хошуунд

Авга хошуун дахь алтан тулгат музейн дэргэд 

“Тулга” нийгэмлэгийн тэргүүн Түмэнгэрэл

 Малчин Ялалтынд

Өү-яа эмнэлэг биднийг угтсан нь

Өү-яа эмнэлэгтэй хамтран ажиллана 

Өвсийг ингэж ачихад даацыг бүрэн ашигладаг аж 

 Д.Наранцогт Ялалттай...

 Монгол үндэстний хоёрдугаар бага сургуульд

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100