CCTV.com Монгол > Нийтлэл > Нийтлэл

Африкчууд Хятадын шинэчлэл, нээлттэй байдлын бодлогоос үлгэр жишээ авч байна

11-21-2018 14:08

Том МакГрегор
ССTV.com сайтын Panview булангийн нийтлэлч
Энэ жил БНХАУ-ын хөгжил шинэчлэл, нээлттэй байдлын бодлого хэрэгжүүлж эхэлсний 40 жилийн ой тохиож байна. Чухам энэ бодлогын ачаар эгэл жирийн хэдэн сая хятад хүн ядуурлаас аврагдаж, эдийн засгийн хурдтай өсөлт, улс орныхөө үсрэнгүй хөгжлийн үр шимийг хүртэх болсон билээ. Энэхүү тэгш ойг тохиолдуулан CCTV.com дээрх бодлогын нөлөө тусгал, ашиг тусын талаар цуврал сурвалжилга бэлтгэж буй юм.
Дэн Сяопин 1978 оны арванхоёрдугаар сард болсон Хятадын коммунист намын Төв хорооны 11 дэх удаагийн Гуравдугаар бүгд хурлаар өөрчлөлт шинэчлэл, нээлттэй байдлын бодлогыг танилцуулснаас хойш, өнгөрөгч дөрвөн арван жилийн хугацаанд Хятадын эдийн засгийн өсөлт аргагүй бахдаж биширмээр өгсөж байгаа билээ. Бээжингийн эрх баригчдын эл оновчтой бодлого, улс орныхоо эдийн засгийг нээлттэй байлгах замнал нь зөвхөн хятад түмнийг өргөж тэтгээд зогсохгүй дэлхий дахинд үр өгөөжөө өгсөөр байна.
Ялангуяа, Африк тивийн ард иргэд Хятадын эдийн засгийн гайхамшгийг нүдээр үзсэний хувьд үүнтэй төстэй шинэчлэл хийхийг, Хятадын хөгжлийн загварыг бүхэл тивд нь хэрэг болно хэмээн найдаж буй. Гэхдээ Африк тив тус тусын засаг захиргаатай 54 өөр улсаас бүрдэх тул нь энэ нь бодит байдалд нийцэхгүй мэт санагдаж мэдэх юм. Жишээ нь, Замби улсын эрх барих байгууллага Танзанийнхаас онхи ондоо билээ. Хэдийгээр Африкийн холбоо тивийн доторх бүх л улс орны хоорондын харилцааг дипломат болон эдийн засгийн хүрээнд гүнзгийрүүлэхийг зорьж буй ч улс бүрт тус тусын тулгамдсан бэрхшээл бий. Бээжингийн эрх баригчид ч Африкийн орнуудад суугаа дипломат ажилчдаасаа “бүгдэд таарах хэмжээ” гэх шийдэл үгүйг сайн мэдэх болсон билээ. Энэ оны долдугаар сарын 4-5-ны өдрүүдэд болсон БНХАУ-Африкийн эрдэм шинжилгээний байгууллагуудын VII чуулганд оролцсон мэргэжилтнүүд чухам энэ сэдвээр санал солилцсон юм.
Нигери улсад төвтэй Хятад судлалын төвийн эрхлэгч Чарльз Онунайжу гэхэд өөрийн тавьсан илтгэлдээ Хятад-Африкийн харилцааг сайжруулах Ши Жинпин даргын санаачилгыг онцолсон. “Нүдэнд ил буй баримтуудаас үнэнийг тодотгоход” аливаа өөрчлөлт шинэчлэлийг эхлүүлэхэд “тухайн улсын нөхцөл байдлыг харгалзан үзэх нь нэн чухал” болохыг тэрээр тэмдэглсэн юм. Түүнийхээр Хятад улсын өөрчлөлт, нээлттэй бодлогын зарчим нь “гол мөрөн гатлахдаа хөл доорх чулуугаа мэдрэх” байлаа. Өөрөөр хэлбэл ямар ч улсын төрийн бодлого алив нэгэн өөрчлөлтөд яарах хэрэггүй, шинэчлэл гэдэг тун няхуур, алхам алхмаар хийх ёстой зүйл гэдгийг тэрээр онцолсон.
Хятадын эрх баригчид эгэл жирийн иргэдийн амьдралын түвшинг хэрхэн сайжруулах вэ гэдэгт голчлон анхаарсны дүнд улс орноо хөгжүүлсэн. Ард иргэд ч дор бүрнээ хичээсэн. Энэ нь Африкт ч мөн анхаарууштай зүйл. Дэн Сяопинийг шинэчлэлийн бодлогоо танилцуулах үед Хятадад ядуурал газар аваад байлаа. Гэвч Хятадын ард түмэн улс орныхоо сайн сайхны төлөө шаргуу хөдөлмөрлөхөд бэлэн байсан билээ.
Одоогийн африкчууд яг л тухайн цагийн хятадуудтай ижил төстэй нөхцөлд байна. Хятадыг эдийн засгийн шинэчлэлийн бодлого хэрэгжүүлнэ гэхэд олон улс итгэлгүй байсны адил африкчуудыг амжилтад хүрэх үгүйд дэлхий нийт одоо ч эргэлзэж буй. Гэхдээ Хятадын ард түмэн дэлхий дахинд өөрсдийгөө батлан харуулсан бол эдүгээ африкчуудын хөгжиж дэвших цаг иржээ. Хятад улс ч түүнд нь тусалж дэмжихэд бэлэн байна.
Хятадын өөрчлөлт шинэчлэлийн бодлого аж үйлдвэржилт, хотжилт, орчин үежилт гээд ерөөс шинэ цагийн юм бүхэнд нээлттэй хандаж, үйлдвэржилтийг бүхнээс дээгүүр тавьснаараа амжилтад хүрсэн. Харин Африк тив одоо аж үйлдвэржилтийнхээ эхний шатанд явж буй бөгөөд Хятад улс “Бүс ба зам” санаачилгынхаа хүрээнд төмөр зам, хурдны зам, нисэх онгоцны буудал, цахилгаан станц, ачааны хөлөг онгоцны зогсоол, харилцаа холбоог сайжруулах гээд дэд бүтцийн олон төсөлд Африкийн орнуудыг дэмжин ажиллаж байна. Стратегийн онц ач холбогдолтой энэхүү бодлогын хүрээнд Хятадын үйлдвэр, компаниуд хямд үнээр материал, техникийн хангамж үзүүлэх болсон нь африкчуудад ихэд ашигтайн дээр ажлын байр олноор нь бий болгох, нарийн мэргэжилтнүүдийг бэлтгэх зэрэг олон давуу талтай байгаа юм.
Хятадын компаниуд Африкт амжилттай ажиллана гэдэг африкчуудад, Африкийн компаниудад ч мөн үр өгөөжтэй гэсэн үг. Хоёр талын хоорондын энэхүү ойр дотно харилцаа нь чухамдаа Бээжингээс сүүлийн 40 жил хэрэгжүүлсэн мөнөөх шинэчлэл, нээлттэй бодлогын үр шим, үргэлжлэл билээ. Энэхүү гялалзсан амжилт, харилцан ашигтай харилцаа Хятад, Африкийн дунд ирэх 40 жилд ч, цагийн аяс яаж ч өөрчлөгдсөн энгүүн сайхан нөхөрлөлөөс эдийн засгийн хамтын ажиллагаа хүртэл үргэлжлэх нь дамжиггүй.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100