CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Паалангийн дархан монгол залуугийн шинэ бүтээл Хятадад дахин шуугиан тарилаа

11-01-2018 17:05

Өвөр Монголын паалан урлаач У.Бүргэд нэгэн содон эмээл хийснийг бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэрбээр энэ удаа Хятадын паалан урлалын музейд нээгдсэн олон улсын үзэсгэлэнд “Үйлсийн дөрөө” хэмээх шинэ бүтээлээ тавьсан нь дахин шуугиан тарилаа. Хятадад паалангаар янз бүрийн содон урлал хийгдэж байсан боловч үндэстний онцлогтой иймэрхүү эд зүйлийг урласан тохиолдол нэн цөөн юм.

Өвөр Монголын паалан урлаач У.Бүргэд

Паалан эмээлээ ташууртай, дөрөөтэй болгосон У.Бүргэд шинэ бүтээлийнхээ тухайд “Монгол хүн хүлгийн дөрөөнд хөл тавьснаар үйлсийн аянд шуудардаг. Энэ утга бэлгэдлээр ийнхүү нэрлэсэн” хэмээн ярилаа. Өмнө нь тэрбээр паалангийн үзэсгэлэнд хамгийн содон бүтээл болох монгол эмээлээ тавихдаа Бидний өвөг дээдэс их эзэн Чингис хааны дэлхий дахинд түгээн дэлгэрүүлсэн энэхүү чухал содон урлалыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж яваадаа баяртай байдаг. Эрт цагт хаадын гоёл болж байсан паалан өнөө үеийн олон содон гоёл чимэглэлд өнгө дарагдан мартагдаж байгааг Хятад улсын урлаачид нарийн анзаарч сэргээснээр дахин тансаг хэрэглээ рүү орж ирлээ. Бүгдийг гараар хийдэг учраас маш их цаг, хөдөлмөр зарцуулдаг ч энэ урлалдаа би хайртай. Монголчууд морин дэл дээр дэлхийг хурааж явахдаа паалан урлалыг Европоос Азид авчирсан. Тиймээс би энэ учир бэлгэдлийг бодож паалан эмээлээ бүтээсэн юм” хэмээн ярьж байсан билээ.
Хуучны соёлын чухал өв болох паалан урлалыг 21-р зуунд авчирсан гавъяатнууд нь Хятадууд бөгөөд эртний Грект үүссэн энэхүү онцгой урлалыг Азид дэлгэрүүлсэн хүн нь Чингис хаан юм. Техник технологийн хөгжлийн энэ цаг үед хуучны гар урлалын зүйлсийн олонх нь мартагдан гээгдэж түүхийн хуудсийг зузаалсан ч Хятад улс паалан урлалыг шинэ түвшинд сэргээн хөгжүүлж чаджээ. Түүгээр ч барахгүй Хятад улсын дарга Ши Жиньпин гадаад орны төр засгийн тэргүүн нарт өгөх гарын бэлгээрээ пааланг сонгосон билээ. Үзэсгэлэнгийн нээлтэд Хятадын Соёлын яам, Паалан урлалын холбооны албаны хүмүүсээс гадна БНХАУ-д төрийн айлчлал хийсэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад Ши Жиньпин даргын өргөн барьсан гарын бэлэг болох паалан лонхыг урласан төрийн дархан, ээжингийн “Жин Тай Лан” үйлдвэрийн дарга, Хятадын төрийн дархан Жүн Лян Шэн, ӨМӨЗО-ны нэрт паалан урлаач У.Бүргэд нарын дархчуулаас гадна ахмад үеийн төлөөлөл, мөн энэ урлалын анхдугаар сургалтад хамрагдсан эхний төгсөгч 34 залуу уран бүтээлч оролцлоо.  Өвөр Монголын залуу урлаач У.Бүргэд 16 наснаасаа урлалын энэ төрлийг идэвхийлэн сонирхож эхэлсэн бөгөөд Хятадын Төрийн дархан  Жүн Лян Шэний “баруун гар” болтлоо өсөж дэвшсэн байна. Тэрбээр их эзэн Чингис хааныхаа тэтгэн дэлгэрүүлсэн энэхүү урлалын өнөөдрийн хөгжилд хувь нэмрээ оруулж яваа цорын ганц монгол хүний хувьд өөрийн бүтээлийн дээжийг Монгол Улсдаа хадгалуулах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад нэгэн бүтээл бэлэглэх хүсэлтэй тухайгаа манай сайтаар дамжуулан өмнө нь ярьж байсан бөгөөд энэхүү хүсэлтийг бид Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёлын бодлогын зөвлөхөд уламжилсан хэдий ч хариу ирээгүй байгаа юм. Паалан урлал нь маш үнэтэйн зэрэгцээ соёлын ховор содон дурсгалд тооцогддог юм.
Паалангийн урлалыг өнөөдөрт түүчээлэн авчирсан ахмад үеийнхэн болон Хятад улсын паалангийн төрийн дархчуул энэхүү урлагийн содон төрлийг хойч үедээ өвлүүлэх зорилгоор анх удаа паалан урлаачдыг  бэлтгэх таван сарын сургалт зохион байгуулсан бөгөөд төгсөгчдийнхөө бүтээлээс энэхүү үзэсгэлэнд тавьсан нь нэн онцлог байлаа.  

 

 Бээжингийн “Жин Тай Лан” үйлдвэрийн дарга, Хятадын төрийн дархан Жүн Лян Шэн

Ахмад паалан урлаач, төрийн дархан Ми Жэн Шүн

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100