CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Цаг үе, үйл явдал

Өлзийтогтох бол бусдын төлөө төрсөн хүн

10-17-2018 17:51

 ӨМӨЗО-ны Тунляо хотын Зарууд хошууны Улаанхад сумын Эрдэнэбулаг гацааны малчин Өлзийтогтох нийгмийн даатгалын сайн дурын туслах бөгөөд нутгийнхаа хүнд хүчир амьдралтай айл өрхийн гишүүдийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг хувиасаа төлж олон хүнд буян болжээ.
Зөвхөн ерөнхий боловсролын сургууль төгссөн тэрбээр хятад хэлэндээ дөнгүүр учраас ийнхүү ус нутгийнхандаа хувь хувьсгалын тусламж хүргэсээр ирсэн байна. Алсагдсан бөглүү суурингийн иргэд эмнэлгийн тусламж авахад хүндрэлтэйн зэрэгцээ гэнэт өвдөж зовсон үед гарын дор бэлэн мөнгө байдаггүйгээс амь насаа алдаж ч болзошгүй эрсдэлд ордог байна. Энэхүү байдлыг ойлгож мэдэрсэн намын дунд шатны байгууллагаас Өлзийтогтоход үүрэг өгч сайн дурын ажлыг нь албажуулжээ. Энэ ажлыг хийсний төлөө түүнд улсаас өгдөг цалин нь жилийн 2000 юань юм. Гэтэл төрийн энэ багахан харамжийг ч тэр өөрөө өвөртөлдөггүй, харин ядарсан зүдэрсэн улсын эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхөд зориулчихдаг ажээ. Хөдөөгийн боловсролгүй иргэдийг нийгмийн даатгалд хамруулах нь ихээхэн төвөг чирэгдэлтэй асуудлын нэг байсан бөгөөд энэхүү даатгалын ач холбогдлыг ухуулан таниулах ажлыг Өлзийтогтох уйгагүй хийж ирсэн байна. Эхнэр нь эхэндээ түүний ажлыг ойлгохгүй зэмлэн буруушааж байсан бол яваандаа даатгал төлөөгүй настнууд өтөл насны төгсгөлд асрах халамжлах хүнгүй хүнд хүчир зовлон эдэлж байхыг хараад нөхрийнхөө ажлыг дэмжин урамшуулах болжээ. Эрүүл мэндийн даатгалынх нь төлбөрийг Өлзийтогтох хувиасаа төлж байсны буянд ээжийнх нь өвчнөө эмчлүүлсэн түм гаруй юаний зардлыг улсаас хариуцсан хэмээн тус нутгийн оршин суугч Хайчин ярьж байв. Ийнхүү өөрийн биеэр өвдөж зовж улсын хайр халамжийг хүртсэнээр тухайн нутгийн малчид тариачид нийгмийн болон эрүүл мэндийн даатгал төлөхийн ач тусыг сайтар ойлгож эхэлснээр Өлзийтогтохын ажлын ачаалал нэлээд хялбар болжээ. Тэрбээр малчин тариачин түмэндээ үйлчилж явсан найман жилийн хугацаанд олон саад бэрхшээлийг туулж гангийн халуунд наршиж, өвлийн хүйтэнд жиндэж явсан ч одоо тус нутгийн хүмүүс хот суурин газрын эмнэлэгт өвчин хуучаа засуулахаар урам зоригтой явцгаадаг болжээ. Энэ нь эх нутаг, элгэн түмнээ гэсэн Өлзийтогтоход сэтгэлийн их шагнал байдаг гэнэ. Өлзийтогтох малчдынхаа нийгмийн даатгалын картыг авахаар явах замдаа уулын үерт дайрагдан мотоцикльтойгоо урсаж эндэх шахсан тухай Намын хорооны зохион байгуулах хэлтсийн ажилтан Ван Хай Ся ярьж билээ. Түүний суугуул нутаг Эрдэнэбулаг гацаа хамгийн сүүлд зам харилцаа нэвтэрсэн, алс буйдын жижигхээн суурин. Тэнд 122 өрхийн 386 хүн амьдардаг. Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын талаарх улсын бодлого шийдвэрийг ойлгохгүй удсан ч Өлзийтогтохын уйгагүй хичээл зүтгэлээр одоо нэгэнт бүх нийтээрээ даатгалаа шавдуулж шахуулалгүй төлдөг болжээ. Өнгөрөгч жил Өлзийтогтох Тунляо хотын хөдөлмөрийн үлгэр жишээч хүнээр шалгаран цоллогдсон юм.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100